Үндэсний эрх чөлөөний хувьсгалын зуун жил болон Монгол Улсын орчин үеийн дипломат албаны 100 жилийн ойд зориулсан “Монголын төлөөх зүрх бүхэнд” хэмээх гэрэл зургийн үзэсгэлэн 2011 оны наймдугаар сарын 25-нд Уран зургийн галерейд нээгдэв. Нээлтийн ёслолд УИХ-ын дэд дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин, Дэлхийн монголчуудын чуулганы ерөнхийлөгч Ц.Гомбосүрэн, Монголын энх тайван, найрамдлын төлөөх холбооны ерөнхийлөгч Д.Цахилгаан нарын зэрэг албаны хүмүүс оролцов.
Уг гэрэл зургийн үзэсгэлэнг Монгол Улсын Гадаад харилцааны яам ба Дэлхийн монголчуудын чуулган хамтран зохион байгуулж байгаа бөгөөд дэлхийн янз бүрийн хэсэгт оршин суугаа монгол туургатнуудын аж амьдрал, түүх,соёлыг дэлгэн харуулжээ.
Үзэсгэлэнг Дэлхийн монголчуудын чуулганд оролцохоор ирсэн монгол туургатан ард түмнүүдийн төлөөлөгчид, монголч эрдэмтэд, урлаг,соёлын ажилтнууд үзэж сонирхов.