Шатахууны үнийг нэмсэн нь шантааж байв уу?

Хуучирсан мэдээ: 2018.06.27-нд нийтлэгдсэн

Шатахууны үнийг нэмсэн нь шантааж байв уу?

Шатахууны үнийг нэмсэн нь шантааж байв уу?

Олон нийтийн сүлжээнд импортлогчид шатахууны үнийг нэмсэн гэх  шүүмжлэл өчигдөр оройноос эхлээд  түгсэн. Иргэдийн зүгээс импортлогчид 20-100 төгрөгөөр  нэмсэн талаар шүүмжилж байгаа ч импортлогчдын зүгээс үүнийг үгүйсгэж буй.  Шатахууны үнэ нэмэгдсэн эсэх мэдээллийг лавлахаар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцуудаар  орлоо. Тэднээс шатахууны үнэ ямар учраас өссөнийг нь тодруулахад, өөдөөс  “Шатахууны  үнэ нэмэгдээгүй хэвэндээ байна” гэх үгээр ам таглав.  Шатахууны үнийг импортлогчид гэнэт нэмэх болсон нефть боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслолтой холбож тайлбарлах хүн ч байна. Ямар ч байсан  Үндэсний статистикийн газрын мэдээлснээр

“Зургадугаар сарын 20-ны өдрийн байдлаар шатахуун түгээх станцуудаар “АИ-92, 93” шатахуун 1680-1730 төгрөг, дизель түлш 2010 төгрөг, “АИ-76, 80” шатахуун 1580 төгрөг, “АИ-95” 2050 төгрөгийн үнээр зарагдаж байжээ.

“АИ 92” шатахуун дууссан

11.20 цаг. “Жаст Ойл” ХХК-ийн Зурагтын салбар “Аи-92” шатахуун дууссан гэх бичгийг шатахуун түгээх станц дээрээ наажээ. “Шатахуун тээвэрлэж ирсэн вагон өчигдөр орой буусан. Өнөөдөр орой гэхэд “Аи-92” шатахуунаар жолооч нарыг хангаж эхэлнэ. Үнийн хувьд “Аи-92” 1680 төгрөгөөр зарагдаж байна. Нэмэгдсэн зүйл байхгүй” гэж шатахуун түгээгч хэллээ.

“Магнай Трейд” ХХК-ийн зургадугаар бичил хорооллын салбар “Аи-92” шатахууныг 1730 төгрөг,” Аи-95” шатахуун 2040 төгрөг, дизель түлш 2020 төгрөгөөр зарж байна. Тэд мөн л шатахууны үнэ өсөөгүй, тогтвортой байгааг тайлбарласан юм.

“Петровис” ХХК-ийн Тасганы овоо дахь салбар  “Аи-92” шатахуун 1700 төгрөг, Аи-95, 2050 төгрөг, дизель түлш 2010 төгрөгөөр борлуулж байна.

Бид нар дур мэдэж үнэ нэмээгүй

“Сод Монгол” группийн Тасганы овоо дахь салбарт “Аи-92” шатахуун 1730 төгрөг, Аи-95 2040, дизель түлш 2020 төгрөгөөр зарагдаж байна. Уг нь гурав хоногийн өмнө Аи-92 шатахуун дээрх газарт 1700 төгрөг, дизель  түлш 2000 төгрөгөөр зарагдаж байсан юм. Үнээ нэмсэн шалтгааныг  шатахуун түгээгчээс асуутал “Бид нар өөрсдөө  дур мэдэж үнэ нэмээгүй, дээрээс ирсэн тушаалыг л биелүүлж байгаа” гэв. 

“Синчи -Ойл” ХХК-ийн Аи-92 1700 төгрөг, Аи-95 2000 төгрөг, дизель  түлш 2000, төгрөгөөр тус тус зарагдаж байна.

Эндхийн ажилчдын хэлж байгаагаар зэргэлдээх “Сод Монгол” группийн шатахуун түгээх станц өнөөдөр өглөөнөөс Аи-92 шатахуунаа 30 төгрөгөөр нэмж зарж байна” гэлээ.

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны тэргүүн О.Бямбадэлгэр шатахууны үнэ нэмэгдсэн талаар ийн ярьж байна. Тэрбээр ‘Өнгөрсөн шөнөөс эхлээд 20-100 төгрөгөөр шатахууны үнэ нэмэгдсэн байна. Ихэнх газруудад Аи-92 шатахуун 1670 төгрөгтэй байсан бол одоо 1730-1750 төгрөгөөр зарагдаж байгаа.  Шатахууны үнэ 1000 төгрөг байхаас эхлээд л үнэ нэмэгдэх бүрд чимээгүй байсан. Бидний зүгээс шатахууны үнийн зөвлөлийг тэргүүлдэг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджавтай уулзахаар хоёр удаа очсон ч “энэ асуудлаар уулзахгүй” гээд гаргасан” гэв. Ийнхүү хөл бөмбөгийн тэмцээн, наадамд хамаг анхаарлаа хандуулах зуур импортлогчид гэнэт үнээ өсгөснийг Засгийн газарт үзүүлж буй шантааж гэж харах, тайлбарлах хүмүүс олон нийтийн сүлжээнд цөөнгүй байна.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж