Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон дэлхийн шилдэг сонгодог хөгжмийн зохиолч Ж.Пуччинийн мэндэлсний 160 жилийн ойн хүрээнд сонгодог бүтээлийг үзэгч түмэндээ өргөн барих гэж байна. Театрын уран бүтээлчдийн энэхүү ойг угтан “Сонгодог дуурийн өдрүүд”-ийг маргаашаас эхлэн гурван өдөр зохион байгуулахаар болжээ. Мөн энэхүү сонгодог дуурийн өдрүүдийн уран бүтээлд БНСУ, ОХУ-ын дуурийн дуучид оролцохоор болжээ. БНСУ-ын удирдаач Ки Сун Ли, дуучин Ким Нам Юүн (сопрано), И Ёон Сук (сопрано), Лю Хён Сунг (басс-баритон), ОХУ-ын Буриадын театрын гоцлол дуучин, Ардын жүжигчин Н.Мөнхзул нарын гадаадын уран бүтээлчид оролцох юм байна.
“Чио Чио Сан” буюу “Эрвээхэй хатагтай” дуурийг анх театрын тайзнаа тоглоход тус бүтээлийн цомнолыг орчуулсан зохиолч, найруулагч, урлаг судлаач, Ардын жүжигчин Э.Оюуны мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд энэхүү дуурийг маргааш тоглоно. Мөн Баасан гаригт “Богема” дуурийг тоглох бол дуурийн гала тоглолтыг Бямба гаригт сонгодог урлагт бүхэнд зориулан бэлтгэж байгаа аж.
СОНГОДОГ ДУУРИЙН ӨДРҮҮДИЙН ТОГЛОЛТЫН ХУВААРЬ:
- VI.28 – 19:00- “Чио Чио Сан” дуурь
- VI.29 – 19:00 – “Богема” дуурь
- VI.30 – 17:00 – Дуурийн гала тоглолт
Ч.БОЛОР