“Дэфакто” институт “Улс төрийн намуудын дотоод ардчиллын индекс” судалгаа явуулжээ. Судалгааны дүнг өнөөдөр /2018.6.27/ тайлагналаа.
Судалгааг намын дотоод оролцоо, өрсөлдөөн, ил тод байдал, санхүүжилт зэрэг дөрвөн үзүүлэлт дээр үндэслэн гишүүдээс асуулгын аргаар явуулжээ. Мөн судалгаанд Дээд шүүхэд бүртгэлтэй 28 намын 10 нь оролцохоос татгалзаж, 12 нь холбоо тогтоохоос төвөгшөөснөөр зургаан нам оролцжээ.
Судалгааны дүнд гарсан Улс төрийн намуудын дотоод ардчиллын индекс
- МАН 48.2
- МАХН 51.7
- ХҮН 51.2
- ИЗНН 42.7
- ЭОН 51.4
- АН 54.2
Израилын “Ардчилал” институт намуудыг дараах байдлаар ангилдаг аж.
- 61-100 оноо авсан бол ардчилалтай нам
- 31-60 оноо авсан бол хагас ардчилалтай нам
- 30 хүртэлх оноо авсан бол ардчилалгүй нам гэж үздэг ажээ. Энэ ангиллын дагуу судалгаанд хамрагдсан зургаан нам нь “хагас ардчилсан” гэдэг ангилалд багтаж байна.
“Дэфакто” институтын захирал Д.Жаргалсайхан “Авлигын эх үүсвэр нь улс төрийн намууд, тэдний санхүүжилт. Улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод болгохын тулд дотроос нь намыг гишүүд, гаднаас нь нийгэм шахах хэрэгтэй байна. Өнөөдрийн нөхцөлд аль ч нам гарч ирсэн авлигаас салахгүй юм байна. Энэ байдлыг өөрчлөхгүй бол бид үеэс үе дамжин ядуу амьдрах нь ээ. Улс төрийн нам мэдээллээ ил тод байлгахын тулд бүгд албан ёсны вэбсайттай, даргаа сонгодог байх ёстой. Намууд дотооддоо ардчилалгүй бол Улсаа ардчилалтай байлгаж чадахгүй. Дээд шүүхэд бүртгэлтэй 28 намын 10 нь оролцохоос татгалзаж, 12 намын дарга нар эргээд холбогдъё гээд утсаа авахаа больсон. Ингээд судалгаагаа зургаан намаас авлаа. Судалгааны зорилго нь улс төрийн намуудыг институтыг бэхжүүлэх. Намын даргаа сонгож байгаагаа, санхүүжилтээ нуухгүй байхыг дотор талаасаа гишүүд нь, гадна талаас нийгэм шахаж, эдгээр үйл явцыг намууд албан ёсны вэбсайттай, сошиал хуудаснаа тайлагнадаг байх нь бидний судалгааны үндсэн зорилго“ гэлээ.
Судалгааг явуулахад “Азийн сан”, “Нийгэм улс төрийн боловсрол” төрийн бус байгууллага туслалцаа үзүүлжээ. Мөн Израилын “Ардчилал” институтаас зөвлөгөө авч, хамтран ажилласан байна. Уг судалгааг “Дэфакто” институт жил бүр хийх ажээ.
Р.Ренчиндулам