Н.Лүндэндорж: Шүүхийг татан буулгах эрх Засгийн газарт байхгүй

Хуучирсан мэдээ: 2018.06.27-нд нийтлэгдсэн

Н.Лүндэндорж: Шүүхийг татан буулгах эрх Засгийн газарт байхгүй

Н.Лүндэндорж: Шүүхийг татан буулгах эрх Засгийн газарт байхгүй

 Шүүхийн ерөнхий зөвлөлөөс /ШЕЗ/ өнөөдөр /2018.06.27/ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хэвлэлийн хурал ШЕЗ-ийн дарга, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, профессор Н.Лүндэндорж, Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг нар оролцлоо. Хурлын эхэнд шүүх байгууллагын 25 жилийн үүсэл хөгжлийн талаар мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндоржоос зарим зүйлийг тодрууллаа.

-Засгийн газраас Захиргааны ерөнхий хуульд  нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д оруулж ирлээ. Үүний дагуу захиргааны шүүхийг татан буулгах, өөрчлөх асуудал яригдаж байна. Энэхүү хуулийн өөрчлөлтийг хэрхэн харж байгаа вэ?

-Засгийн газар битгий хэл эзэн хаан шүүхийн хяналтад байх ёстой гэдгийг дэлхийд хүлээн зөвшөөрч байгаа ийм цаг үед энэ хуулийн төсөл байж болохгүй гэж  нэг сэтгүүлч бичсэн байна лээ. Уг хуульд нэмэлт өөрчлөлт орсноор дарангуйлал тогтох, иргэд хохирох, Монгол Улсын нэгдэн орсон олон конвенциуд зөрчигдөх гээд олон асуудал хөндөгдөнө. Энэ хуулийн нэмэлт өөрчлөлтийг би хөндлөнгийн нүдээр харахад яг энэ утгаараа батлагдахгүй байх. Үүнд би итгэлтэй байгаа. Ц.Нямдорж сайд “Та нарын санаа оноог хэтэрхий том хүрээнд тавьсан бол түүнийгээ би хумихад бэлэн байна” гэж өчигдрийн байнгын хорооны хурал дээр хэлсэн. Цаашдаа энэ маргаан бол удаан үргэлжилнэ. Үндсэн хуулийн цэц  гээд бүхий л  газраар явах байх.

-Хэрэв дээрх хуульд өөрчлөлт орвол Захиргааны хэргийн шүүх татан буугдах уу?

-Монгол Улсын шүүхийн тухай хуулиар шүүхийг өөрчлөн байгуулах, татан буулгах эрх нь Засгийн газар болон парламентын гишүүдэд байхгүй. 2012 онд шинэчлэгдсэн Шүүхийн тухай хуулийн 11.3-т зааснаар “Улсын дээд шүүхээс бусад шүүхийг байгуулах, татан буулгах асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөл, Засгийн газартай зөвшилцөж санал гаргасныг зөвхөн Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-д өргөн мэдүүлнэ” гэсэн заалттай.  Тэгэхээр зөвхөн Монгол Улсын Ерөнхийлөгч шүүхийг өөрчлөх, татан буулгах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх эрхтэй юм.

-Хэрэв захиргааны шүүх татан буувал ямар эрсдэл гарах вэ?

-Яг одоогийн нөхцөлд Захиргааны тухай хууль батлагдвал, захиргааны шүүх хийх ажилгүй болно. Шүүх татан буугдах асуудал хуулийн хамгаалалтай учир ийм зүйл болохгүй гэж бодож байна. Ардчилсан нийгэмд сайн зорилгодоо хуулийн хүрээнд хүрэх ёстой гэж заасан байдаг. Үүний дагуу УИХ-ын гишүүдийн эрүүл саруул сэтгэлгээнд  Монголын хуулийн салбар, шүүгчид итгэж байгаа гэж хэлмээр байна.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж