Хуучирсан мэдээ: 2011.08.25-нд нийтлэгдсэн

Торнадо гэж юу вэ?

ТОРНАДО ГЭЖ ЮУ ВЭ?

Бидний хуй салхи гэж нэрлэх үхлийн хар шуурга торнадо нь циклоны дулаан секторт нь  үүсдэг. Хажуугийн хүчтэй салхины үйлчилгээн дор агаарын халуун ба хүйтэн урсгал мөргөлдсөнөөр энэ салхи үүснэ. Үхлийн хар шуурга ердийн дуу цахилгаантай бороо ба мөндрөөр эхэлдэг. Дараа нь хэдэн минутын дотор агаарын хэм нь эрс доошлон аянгын үүлнээс агаарын хуй нь дээд, доод хэсэгтээ юүлүүр маягийн  тэлэлттэйгээр газарт бууж ирнэ. Торнадогийн агаарын масс нь цагийн зүүний дагуу 450 км/ цагийн хурдтайгаар эргэлдэн хуйн дотор талд ус, шороо болон замдаа тааралдсан бүгдийг татан эргүүлэн нэлээдгүйд зайд зөөн хаядаг.

Хамгийн хүчтэй торнадо голчлон АНУ-ын нутаг дэвсгэрт гардаг. Төв Америкийн нутгаар жилдээ 1000 хүртэл хуй салхи дайрч тус бүрт нь хэдэн арван хүн дайрагдан амь нас эд хөрөнгөөр сүйрдэг. Хамгийн хүчтэй сүйрлийн хуй салхи нь бүх торнадогийн хоёр орчим хувийг, хүчтэй гэх нь 29 хувийг, хүч султай нь 69 хувийг нь эзэлдэг байна. АНУ-ын өмнөд мужуудаар ийм үхлийн салхины оргил үе нь гуравдугаар сараас тавдугаар сард, хойд мужуудаар нь тавдугаар сараас есдүгээр сард тохиодог ажээ. Хамгийн олон тооны торнадо 1974 оны дөрөвдүгээр сард бүртгэгдсэн байна. Тэр үед АНУ-ын 13 мужийн нутгаар хоёр хоногийн дотор 148 торнадо дайрч 330 хүний аминд хүрчээ.

ТАС ХАР

Германы физикч  Густав Кирхгоф XIX зууны дундуур түүнд бүх гэрлийг шингээн өөрөө гэрэл ойлгохгүй “тас хар биет” гэсэн  дулааны динамикийг гаргаж иржээ. Тас хар биет өөрөө хар байх албагүй. Хэрэв халаавал цахилгаан соронзонгийн туяаны эх сурвалж болон улаан, шар цагаан өнгөтэй болно. Дэлхийг гийгүүлэгч нар бол тас хар биеттэй адил  5800 °С хэмийн гадаргатай хурц биетийн тод жишээний нэг юм. Байгалд бол тас хар биет гэж байхгүй ба харин чанараараа ойролцоо биетүүд байгаа. Хөө гэхэд л түүнд гэрлийн 99 хувийг шингээдэг. Тэгэхээр бүр тас хар гэж хэлэх бас аргагүй. Тас хар биетийг төлөөлүүлэх нэгэн туршилтыг эрдэмтэд хийхдээ дотор талыг нь харлуулсан жижиг нүхтэй торхыг ашигладаг. Гэрлийн туяа торхны дотор нүхээр нь унахдаа хананаас олон удаа ойж аажмаар гэрлийг шингээдэг гэнэ.

Хар хилэн эсвэл нүдний хар цөцгий нь тийм олон талын ойлт ба шингээлтээс болж бидэнд тас хар мэт харагддаг. Английн хэсэг эрдэмтэд 2004 онд никель ба фосфорын хайлшнаас гэрлийн дөнгөж  0,16-0,18 хувийг ойлгох микро сүвтэй гадаргыг бүтээж чадсан байна. Энэ нь өнөөгийн хувьд дэлхийн хамгийн хар материал гэж тооцогдон Гиннессийн дээд амжилтын номонд бичигджээ. Америкийн эрдэмтэд энэ дээд амжилтыг 2008 онд эвджээ. Тэд тусгай суурин дээр нүүрс төрөгчийн босоо гуурснуудаас (тус бүрийн диаметр нь арав орчим нанометр, урт нь 10-100 микрометр) нимгэн нүүрс төрөгчийн хальс ургуулан гаргасан юм. Хилэн даавуутай адил сэвсгэр нано бүтэц нь гэрлийг маш сайн шингээж зөвхөн 0,045 хувийг нь өөрөөсөө ойлгодог ажээ. Ийм хар гадарга нь дурангийн төхөөрөмж, сансрын дурангууд, хэт ягаан туяаны сенсоруудад хэрэглэдэг.

ЯАГААД УЛС НЬ ГЕРМАН, АРД ТҮМЭН НЬ НЕМЦ ВЭ?

Германиа гэх үг хэллэг эртний Ромд бий болсон байна. Ромчууд өөрсдөө тэр үгийг грекүүдээс авсан бололтой. МЭӨ I зууны дунд үеийн «Галлийн дайны тухай тэмдэглэл”-д Юлий Цезарь кельтүүдийн зүүн хөршүүдийг германчууд гэж нэрлэсэн байв. Германчууд гэх үг нь өөрөө кельтийнх бололтой. Уг үг нь gair («хөрш»), эсвэл gairm («дайч уриа») гэсэн үгнүүдээс үүдэлтэй болов уу. МЭ I зууны сүүлчээр Ромын түүхч Тацит герман түмний зан заншлыг “Германчуудын үүсэл ба Германы байрлалын талаар” гэсэн бүтээлдээ дэлгэрэнгүй өгүүлсэн байна. Эртний Орос ба славян хэлэнд “немец” гэсэн үг нь ойлгомжгүй ярьж байгаа хүнийг хэлсэн «немого» гэх үгнээс үүдэлтэй. Эртний ромчууд харийнхныг хэл яриа нь ойлгомжгүй гээд тэднийг элэглэн «бар-бар» гэсэн үг хэллэгээр варварууд (barbari) гэж харийнхных нэрлэсэн шиг хэл нь ойлгомжгүй тэднийг “немец” гэж славянчууд хэлж дассан байж магадгүй юм. Мөн тухай үедээ Юлий Цезарийн дурьдаж байсан Германы “немет” гэх овгийн нэрнээс ч үүдэлтэй байж болно. Хэл нь славяны хэсэгт багтах унгарууд немцүүдийг “немет” гэх суурь үгээр нэрлэдэг ажээ.

ЛЕМУРИЯ ХААНА БАЙДАГ ВЭ?


Эртний Ромд үхлийн ертөнцөөс төөрөөд шөнийн цагаар хүн амьтны ертөнцөд ирж айлган хөөдөг гэх нас барагсдын сүнсийг лемур гэж нэрлэдэг байсан гэнэ. Тийм зүйлээс зайлахаар эртний ромчууд тавдугаар сарын эхэнд сүнс хөөх лемури гэж нэрлэсэн ёс үйлддэг байжээ. Европын анхны хүмүүс XVI зуунд Мадагаскарын аралд очоод халуун орны ойд шөнийн цагаар том нүд нь гэрэлтдэг жижиг, шаламгай амьтадтай тааралдан гайхаж байлаа. Айсан тэд эртний ромчуудын домгийг санасан нь мэдээж. Жуулчид тэр сонин амьтдыг лемур гэж нэрлэжээ. Жинхэнэ лемур гэх  амьтад ба тэдний төрлүүд Мадагаскараас Африк, Энэтхэг, Зүүн Өмнөд Ази зэрэг Энэтхэгийн далайгаар тусгаарлагдсан нутаг дэвсгэрт амьдардаг. Тэд ийнхүү тархсан нь олон таавар дэгдээдэг. Эдгээр амьтад тэр усан саадыг гатлан туулж чадахгүй учраас. Тиймээс Францын нэртэй байгаль судлаач Этьен Жоффруа Сент-Илер балар эртний цагт эдгээр амьтадын амьдарч байсан нутаг нэгдмэл нэгэн тив байжээ гэсэн таамаглал дэвшүүлсэн. Амьтны газар зүйн ухааныг үндэслэгч англи эрдэмтэн Филипп Латли Склетер балар эрт цагт нэгдмэл нэгэн тив байсан гэдгийг үгүйсгээгүй бөгөөд үүнийг Лемурия гэж нэрлэх санал гаргасан юм. Орчин үеийн төсөөллөөр Австрали, Африк, Антарктид, Өмнөд Америк, Индостаны хойг ба Мадагаскар арлыг нэгтгэсэн нэгдмэл тив палеозойн эриний төгсгөлд байсан гэдэг. Тэр тивийг Гондвана гэнэ. Гондвана алга болсон нь нарийнаар хэлбэл хагаран бутарсан нь газрын гадаргын нүүлттэй холбоотой. Мезозойн эринээс эхлэн асар том тив хагаран хуурай гаруудын хэсгүүдийг үүсгэжээ. Түүнийг нь одоо бид тив, арлууд гэж нэрлэдэг. Тэдэнд хадгалагдан үлдсэн Гондванагийн амьтны аймгийн төлөөлөгчдийн нэг нь далайгаар тусгаарлагдсан лемур ба тэдний ойрын төрлүүд болжээ. Лемур бичийг залхуу сармагчин гэж нэрлэдэг.

АМЬТАД ЮУ ЗҮҮДЭЛДЭГ ВЭ?

Саяхан болтол л амьтны амьдрал нь зуршил ба рефлексийн бүрдэл гэж бид үзэж ирэв. Оюун ухаанд хамрах зүүдийг хүн төрөлхтнийх гэнэ. Гэтэл эрдэмтэд амьтад зүүдэлдэг бас зүүдэндээ юу үздэгийг тогтоож чадсан гэнэ. Сэтгэл санаа, орон зайн мэдрэмжийн чадвар ой санамжийг хянадаг тархины хэсэгт нь электрод  тогтоогоод эрдэмтэд хоол хайн лабиринтаар гүйх хархны тархины  идэвхжилтийг бичиж авсан байв. Дараа нь тэд хархны нойрсох үеийн бичлэгийг авч харьцуулан судалжээ.

Унтаж байгаа амьтдын бичлэг нь унтаагүй байх цагийн бичлэгийн ихэнхтэй таарсан байна. Амьтдын энэ үзүүлэлт зүүдлэх үед хүний артерийн даралт ихсэж, амьсгал хурдсан хөдөлгөөний идэвх чангарч эхэлдэг хүний шинж тэмдгүүдтэй төстэй байна.

Мөн амьтан судлаачдын дууч шувуудад хийсэн судалгаа ч тэд өдрийн жиргээгээ шөнийн нойрондоо давтан хардгийг үзүүлжээ. Энэ бүгд нь амьтад хүний адил өөрт нь тохиолдсон өдрийн үйлдлээ зүүдэндээ давтдаг гэх дүгнэлтийг хийх үндэслэл болж байна.

ХАМГИЙН АНХНЫ СЭРҮҮЛЭГТЭЙ ЦАГ

Сэрүүлэгтэй механик цагийг XIX зууны дундуур бүтээжээ. Хамгийн эртний сэрүүлэгтэй цаг нь Эртний Хятадад бүтээгдсэн “галт цаг” юм. Давирхай ба үрдсээр бүтээсэн урт савхыг хөндлөнгөөр байрлуулаад тодорхой газар нь ачаатай утас бэхэлдэг байв. Савхыг нэг талаас нь асааж орхино. Тэр нь удаанаар шатдаг. Тодорхой хугацааны дараа ачааны утас нь шатаж ачаа нь дуу, шуутай унадаг байжээ.

Эртний Грекийн эрдэмтэн Платон МЭӨ IV зуунд шавь нараа цуглуулах нэгэн төхөөрөмжийг хийжээ. Тэр нь клепсидра гэх усан цагийн нэг төрөл юм. Хоорондоо гуурсаар холбогдсон гурван савнаас Платоны төхөөрөмж бүрэлдэж байв. Дээд савны ус нь дунд савыг дүүргэн доод савандаа юүлэгдэж эхэлдэг. Ингээд доод савны бөөрөнд бэхэлсэн лимбэ маягийн гуурснаас усанд шахуулсан агаар исгэрэн гарч шавь нарт нь дохио өгдөг байжээ. Леонардо да Винчи ч ус нэг савнаас нөгөөд юүлэгдэх бас иймэрхүү төхөөрөмжийн талаар бичсэн байдаг. Хоёрдугаар савны тогтоогдсон хэмжээнд ус нь хүрэхэд сав доошлон тусгай хөшүүргийг хөдөлгөөнд оруулдаг. Тэр хөшүүрэг нь унтаж байгаа хүний хөлтэй  холбогдсон байх бөгөөд хөдөлгөөнөөр хүний хөлийг өргөн сэрээдэг байв.

Орчин үеийн сэрүүлэгтэй цагийн эхлэл нь Америкийн Леви Хатчинс гэдэг хүний 1787 онд бүтээсэн зохиомж болжээ. Гэхдээ тэр цаг зөвхөн өглөөний дөрвөн цагт л хонх дуугаргана. Тогтоогдсон цагт нь сэрүүлэг дуугаргах механизмыг Францын цагчин Антуан Редье  бүтээн 1847 онд патент авсан байлаа.

Ш.МЯГМАР

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж