УБТЗ-ын Төв эмнэлэгтэй олон жилийн харилцаатай БНСУ-ын Вонгуаны их сургуулийн сайн үйлсийн аяныхан гурав дахь удаагаа манай улсад хүрэлцэн ирээд байна. Тус сайн үйлсийн багийнхан энэ удаа 100 хүний бүрэлдэхүүнтэй ирж өмнөх жилүүдийн адилаар уламжлалт эмчилгээ, нүд, шүд, дотор, эмэгтэйчүүд, урологи зэрэг нарийн мэргэжлийн чиглэлээр үнэ төлбөргүй эмнэлгийн тусламж, үйлчилгээг дөрвөн өдрийн турш үзүүлэх юм. Өмнөх хоёр жилд нийт 10 мянга орчим хүнд хүрч үйлчилсэн Солонгосын эмч нарын баг зургадугаар сарын 29 хүртэл дөрвөн өдөр 09.00-17.00 цагийн хооронд үнэ төлбөргүй тусламж үйлчилгээ үзүүлэх аж. Мөн энэ удаад тус сайн үйлсийн эмч нартай хамт УБТЗ-ын төв эмнэлгийн эмч нар мэргэжлийн дагуу хамтран ажиллаж, тэднээс суралцаж, туршлага солилцох юм. Мөн Солонгосын сайн үйлсийнхэн УБТЗ-ын Төв эмнэлэгт дурангийн мэс заслын тасгийг нээх “бэлэгтэй” иржээ. Энэ нь УБТЗ Вонгуаны их сургуулийн хооронд байгуулсан санамж бичгийн дагуу УБТЗ-ын төв эмнэлэгт солонгосын Вонгуаны их сургуулийн боловсролын сангийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар дурангийн мэс заслын тасгийг нээх ажил эхэлж байгаа хэрэг юм.
УБТЗ-ын Төв эмнэлэг 2012 оноос БНСУ-ын Вонгуаны их сургуулийн боловсролын сантай хамтран ажилласны үр дүнд УБТЗ-ын төв эмнэлгийн 73 эмч, эмнэлгийн ажилтан солонгост мэргэжил дээшлүүлж, одоо өөрсдийн мэргэжлийн дагуу үр бүтээлтэй ажиллаж байна. УБТЗ-ын 16 мянган төмөр замчид тэдний гэр бүл, үр хүүхдэд эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд идэвх зүтгэл гарган ажиллаж байгаа БНСУ-ын Вонгуаны Их сургуулийн эмнэлгийн Төлөвлөлт зохицуулалтын албаны дарга Со Ил Лёнгийг Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын тушаалаар “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасныг УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа гардуулан өглөө.
Б.ГҮНЖИНЛХАМ