Өргөдлийн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаар иргэд, Төрийн бус байгууллагаас ирүүлсэн өргөдлийн дагуу химийн бодисын хуванцар савны хэрэглээ нь хүн амын эрүүл мэнд болон байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа тухай асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан:
УИХ-ын гишүүн А.Сүхбат:
-Хуванцар саванд хийсэн цагаан идээ нь маш хурдан исэлддэг. Химийн бодисын хуванцар савыг монголчууд хүнсэндээ ихээр хэрэглэж эрүүл мэндээ хохироож байгаад эмзэглэж явдаг.. Тиймээс хуванцар сав хэрэглэхийг багасгаж, хил гаалиар оруулахыг аль болох хориглох мөн тус хуванцар савны эрүүл мэндэд үзүүлэх хор хохирлын талаар сурталчилан таниулах зэрэг арга хэмжээг зохион байгуулах зэргээр анхаарал хандуулж даруй арга хэмжээ авч өгөхийг Монгол Улсын Ерөнхий сайдад хандсан. Энэ асуудал нь үндэсний хэмжээний гамшиг болсон. Өнөөдөр химийн бодисын хуванцар сав бүгд Монголд шингэж байгаа. Хөдөө орон нутгаар машинтай ачиж очоод нэг төлөг хургаар зардаг юм билээ. Хуванцар савны хэрэглээг халахад төр засаг дорвитой шийдвэр гаргах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:
-Химийн бодисын хуванцар савны хэрэглээг механикаар зогсоох болохгүй. Соён гэгээрүүлэх байдлаар буюу хүний эрүүл мэндэд хор хөнөөлтэй шүү гэдэг мэдээллийг түлхүү өгөх хэрэгтэй. Мэргэжлийн хяналтын газар хилээр орж ирж байгаа хуванцар саванд хяналт тавьж байгаа юу. Хүнсний болон ахуйн зориулалтаар хэрэглэж болох сав мөн үгүй эсэхийг шалгадаг газар гэж байна уу. Нэгэнт ороод ирсэн хуванцар савыг айл бүрээр явж хураах ямар ч боломжгүй. Яаж устгах уу гэдгээ аюултай хог хаягдлын тухай хуулийн дагуу боловсруулсан журам гэж байна уу.
Ажлын хэсэг:
Хүнсний стандартын бус хуванцар савыг ашиглаж байгаа асуудлаар сүүлийн гурван жилд МХЕГ-аас төлөвлөгөөт хяналт шалгалтад оруулж жил бүр тандалт судалгааг мөн зарим хуванцар савыг дахин шинжлэх ажлыг зохион байгуулдаг. Ялангуяа сургууль, цэцэрлэг буюу хүүхдийн орчинд хуванцар савыг хоол хүнсэндээ ашиглахгүй байх тал дээр хяналт шалгалт хийж өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн 90 гаруй хувь нь хуванцар савыг хүнсэндээ ашиглахгүй байгаа. Энэ талаар сургалт судалгааны ажил хийж байгаа.
Хилээр орж ирж байгаа хуванцар саванд хэр хяналт тавьж байгаа талаар Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг ажлын хэсгээс тодруулахад “Химийн бодисын хуванцар сав баглаа боодлоор орж ирдэг” гэв.
Ингээд хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуусны дараа байнгын хорооны тогтоолын төслийг дэмжье гэдэг томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжлээ.