АТГ “Washington Post”-ыг гэрчээр дуудах уу

Хуучирсан мэдээ: 2018.06.27-нд нийтлэгдсэн

АТГ “Washington Post”-ыг гэрчээр дуудах уу

АТГ “Washington Post”-ыг гэрчээр дуудах уу

Алдарт “60 тэрбумын хэрэг” гэгчийг АТГ удаа дараа нотлогдоогүй гэж мэдээлсэн. Угтаа гурван сая иргэнээсээ нэг хувийг нь буюу 3000 орчмыг нь дуудаж тайлбар аваад албан тушаалын наймааны хэрэг илрэхгүй байна гэж рапорт өгсөн нь тэр.

УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа “Эрүүгийн хэргийн шинжгүй” гэж тогтоогдсон гэнэ. Энэ хариуг сонсоод олон нийт “Тэгэхээр бэлэг байсан хэрэг үү” гэж баахан шүүмжилсэн. Дараа нь Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр дахин бичлэг түгээснээр 2017 оны долдугаар сарын 25-ны өдөр дахин хэрэг бүртгэлт хийж, АТГ, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг шалгасан. Дахиад л “Энэ хүрээнд 3000 гаруй төрийн албан хаагчийн судалгаа хийж, 1446 иргэний төрийн албанд томилогдсон байдлыг шалгалаа. Гэмт хэргийн шинжгүй байна” гэсэн дүгнэлтийг дуулгав. Энэ бүх үйл явдлыг “Washington Post” мэдчихэж, мэдээлчхэж.

Саяхны нэгэн өдөр 2018 оны зургадугаар сарын 15-нд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “УИХ-ын дарга М.Энхболдыг ёс зүйн хариуцлага хүлээж огцрохгүй бол хуралдаанд суухгүй” гэсэн. Мөн тэр орой УИХ-ын дарга М.Энхболдын ахлах зөвлөх Б.Гүнбилэг мэдэгдэл хийж “60 тэрбум”-ын гэх энэ асуудал хэд дахин шалгагдсан, гэмт хэрэг биш нь тогтоогдсон. Энэ бол улс төрийн зорилготой гүтгэлэг хэмээн няцаасан. УИХ-ын даргад холбогдох хэргийг УИХ-ын даргын зөвлөхөөс үнэн мөнийг тодруулна ч гэж юу байхав, харин түүний дурдсан олон нийтийн анхаарлыг сарниулах зорилготой оролдлого гэсэн нь үнэний ортой байх гэсхийгээд “Монгол дахь дуулиан” намжаад байна.

Харин “60 тэрбумын хэрэг” гэгч хэдийн хил даваад явчхаж. Хэрэг нотлогдохгүй байсан шалтгаан нь бичлэгийн эх хувь мөн, биш гэх зөрүүтэй дүгнэлт, сүүлдээ жинхэнэ эх бичлэг нь олдохгүй байна гэсэн ээдрээг хөвөрдсөөр үнэ цэнээ ч алдаж олон нийт ч энэ сэдвээс залхах тийшээ хандаад байтал ашгүй “Washington post” сонин бараг л “илрүүлчхэж”.

Үүнд “Монгол улсын Засгийн газар болон улсын өмчит албан байгууллагуудад нийт 8 мянга гаруй ажлын байртай. Гэвч эдгээр томилгоо бүгд үнэтэй. Салбарын сайд болоход $400,000, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудын захирал $120,000, мэргэжилтэн болоход $4000 төлдөг ажээ. Сонгуулийн компанит үйл ажиллагааг явуулахын тулд нам бүр ийм хэлбэрээр мөнгө босгодог болсоор удаж буй. Монголчуудын нэрлэдгээр ’60 тэрбумын хэрэг’ нь 1990-ээд оны ардчилсан хувьсгалаас хойших улс төрийн хамгийн том скандалын нэг юм. Энэ үйл явдал ардчиллын гол үндэс нь сул дорой байгааг харуулсан явдал болжээ. ‘Defacto’ вэб сайтыг эрхэлдэг, нөлөө бүхий биеэ даасан эдийн засагч Д. Жаргалсайхан энэ талаар “Авлигын эх сурвалж нь сонгуулийн санхүүжилт гэдгийг Монголчууд ухаарсан” хэмээн ярив. Эдгээр улс төрийн намуудад албан тушаалын наймаагаар дамжуулан мөнгө өгдөг хүмүүс Монголыг бүхэлд нь хянадаг. Бас Засгийн газрыг эрх мэдэлдээ гартаа атгасаар ирсэн аж” гэхчлэн мэдээлсэн байх юм.

Тэгэхээр АТГ төрийн 3000 гаруй албан хаагчаа биш “Washington Post”-ыг, ‘Defacto’ вэб сайтыг эрхэлдэг, нөлөө бүхий биеэ даасан эдийн засагч Д.Жаргалсайхан нарыг гэрчээр дуудаж асуух ёстой болох нь.

Ер нь сүүлийн үед төрийн өндөр алба хашиж байсан болон хашиж байгаа хүмүүстэй холбоотой “халдашгүй дархан”-уудаа гадны хэвлэл мэдээллийн хэрэгслийн тусламжтайгаар “яллах” загвар тогтоох оролдлого ажиглагдах боллоо. “Ройтерс” С.Баярцогт нарыг шалгуулахад “мэдээллийн  болон гэрчийн туслалцаа” үзүүлсэн бол энэ удаа “Washington Post” нийтлэлдээ Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгийн талаар дурдаж “Х.Баттулгыг бизнесмен, өмнө нь жүдо бөхийн тамирчин байсан тэрээр өөрийгөө популизмын эсрэг байр суурьтай хүн гэж авч үздэг учраас ялсан, “М.Энхболдыг сонгуулийн үеэр албан тушаалын наймаатай холбоотой нууц бичлэг нь олон нийтэд тарснаас нэр хүнд нь унаж ялагдсан гэж үздэг гэхчлэн дурджээ.

“Forbes”-т биш “Washington Post”-д амжилтаараа биш авлигаараа дуудуулах болсон нь өнөөдрийн байгаа нүүр царай минь гэдэгт гэмших, гутрахаас гадна манай хуулийн байгууллагаар нотлогдоогүй хэрэг гаднын, тэр тусмаа хамгийн нөлөө бүхий хэвлэлд нийтлэгдсэний тухайд бодохгүй, эргэцүүлэхгүй байх аргагүй. Учир нь хэрэв “60 тэрбумын хэрэг гэж байгаа бол. Хэрэв өнөөдөр төрд алба хашиж буй салбарын сайд 400 мянган ам.доллараа, агентлагуудын дарга нар 120 мянган ам.доллараа, мэргэжилтэн 4000 ам.доллараа төлснийг “Washington Post” сонин нотлох уу. Нотлохгүй бол хэрхэн хариуцлага тооцох вэ. Хэрэв Монголын нэгэн сонинд ингэж бичсэн бол хуулийн байгууллагын өмнө нотолж чадахгүй л бол буруутна. Хэвлэлийн эрх чөлөөг ийм маягаар эдэлж сурвал ардчилал, шударга ёс ярьж, үлгэр жишээ аваад хэр хол явж чадах бол. Магадгүй одоо “Washington Post”-д гарсан мэдээллийн мөрөөр гээд “60 тэрбумын хэрэг”-ээ дахиад задлах биз. Харин хэний эрх ашгийн төлөө тэр вэ. Нийтлэлд дурдсан мэдээлэл үнэн бодитоор нотлогдохгүй бол гурван сая хүн амтай Монгол хохирох уу, 350 сая хүн амтай АНУ, дэлхийн сая сая хүнд өдөр бүр уншигддаг  “Washington Post” хохирох уу. Хэрэв ““Washington Post” ямар нэгэн бичлэг үзүүлж, тэр нь яах аргагүй эх хувь мөн байж, нийтлэлд дурдагдсан албан тушаалтнууд мөнгө төлж албан тушаал авсан нь батлагдаж гэмээн М.Энхболд тэргүүтэнд хариуцлага хүлээлгэх шиг амархан юм үгүй. Харин үүний наана эх бичлэг мөн шүү дээ, дуурайлгах аргагүй гээд байсан ХЗДХ-ийн сайд тодорхой байр сууриа дахин илэрхийлнэ гэж найдаж байна. Учир нь түүний ажиллаж буй төр, танхим, намын асуудал дэлхийд нөлөөтэй хэвлэл мэдээллийн хэрэгсэлд бичигдэж орон бүрд уншигдаж байхад тэр дуугүй суух ёсгүй. Юуны өмнө өөрөө 400 мянган ам.доллар өгсөн эсэхээсээ эхлээд Монгол төрийн нэр хүндийн төлөө, шударга ёсны төлөө дуугарна гэдэгт найдаж байна.

Эх сурвалж: www.washingtonpost.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж