УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдөр /2018.06.27/ хуралдлаа. Тус хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэж, санал дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр боллоо. Мөн тус байнгын хорооны хуралдаанаар Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Орон нутгийн түвшинд төрийн үйлчилгээний үр ашиг, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, чиг үүрэг, эрх мэдлийг оновчтой хуваарилах шаардлага тулгарч байгаа. Тиймээс орон нутагт байрлах мэргэжлийн байгууллагын удирдлагын томилгооны асуудлаар холбогдох хуульд өөрчлөлт оруулж байгаа гэж хууль санаачлагч УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулсан юм. Хуулийн төсөлд Ус цаг уур, орчны хяналт, шинжилгээний байгууллагын даргыг төв газар бус тухай орон нутгийн Засаг дарга, тус нэгжийн даргатай зөвшилцөн томилдог байхаар тусгажээ. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг хийх үеэр гишүүд асуулт асуугаагүй учраас хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы хуралдаан шилжүүлэхээр боллоо.
Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Урт нэртэй хуулийн хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг сонсох” горимын санал гаргаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Тиймээс тус байнгын хороо түр завсарлаж, Урт нэртэй хуулийн хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг сонсохоор боллоо.
Ш.ЧИМЭГ