"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 40 жилийн ойн баяр наадмын мэндчилгээ

Хуучирсан мэдээ: 2018.06.27-нд нийтлэгдсэн

"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 40 жилийн ойн баяр наадмын мэндчилгээ

"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 40 жилийн ойн баяр наадмын мэндчилгээ

Эрхэм хүндэт уурхайчид аа!

Эрдэнэт хотын ард иргэд ээ, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 40 жилийн ойн баяр наадамд хүрэлцэн ирсэн хүндэт зочид төлөөлөгчид өө! 

ХХ зууны манлай бүтээн байгуулалт, Дэлхийн шилдэг аж ахуйн нэгж Эрдэнэт үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад орсны түүхт 40 жилийн ойн баярын халуун мэндийг та бүхэндээ өргөн дэвшүүлье.

Монгол, Чехийн геологичдын илрүүлсэн “Эрдэнэтийн-Овоо” ордод 1970-1972 онд ЗХУ-ын геологичид нарийвчилсан хайгуул хийж, 4.6 сая тонн зэсийн нөөцтэйг тогтоосноор Монголын уул уурхайн анхны том үйлдвэрийг барьж, байгуулах шийдвэр гарсан билээ. Ингэж Эрдэнэт үйлдвэр, түүнийг дагасан Эрдэнэт хотыг босгох их бүтээн байгуулалтын аян эхэлсэн түүхтэй.

Монгол орны өнцөг булан бүрээс илгээлт өвөрлөсөн залуусын цуваа энэ зүгт хөвөрч, Эрдэнэт овооны дэргэд их бүтээн байгуулалт сүндэрлэсэн.

Монгол, Орос “ахан дүүс”-ийн найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны үр дүнд Эрдэнэт үйлдвэр өнөөдрийн хөгжилд хүргэснийг бид мартах учиргүй.

Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулах тухай Монгол, Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсанаас хойш 45 жил, 4 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадал бүхий Монгол-Зөвлөлтийн хамтарсан уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад орсноос хойш 40 жилийг тойрчээ.

Энэ хугацааны 38.5 жилд Монгол Оросын хамтарсан үйлдвэрийн статустай ажилласан Эрдэнэт үйлдвэрийн, Эрдэнэт хотын бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд идэр залуу насаа зориулсан ОХУ-ын мэргэжилтнүүдийн үүрэг оролцоо, хичээл зүтгэл их байсныг онцлон тэмдэглэхэд таатай байна.

Эрдэнэт үйлдвэрийн эхний ээлж 1978 онд ашиглалтад орж, анхны баяжмалаа галт тэргэнд ачуулж, үйлдвэрийг ашиглалтад хүлээн авах үйл ажиллагаа ёслол төгөлдөр болж байсан нь саяхан мэт санагдавч түүхийн хуудас хэдийнэ 40 жилээр эргэж, Эрдэнэт үйлдвэр ХХК хөгжлийг түүчээлсээр ирлээ. Өнгөрсөн хугацаанд  шат дараатай өргөтгөл шинэчлэл хийсний үр дүнд өнөөдөр 32 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай үндэсний үйлдвэр болон үйл ажиллагаагаа өргөжүүлэн амжилттай ажиллаж байна.

 Уурхайчин бидний энэ өрнүүн их хөдөлмөр зүтгэл, хөгжлийг төр засаг үнэлж компанийн 35 жилийн ойгоор Эрдэнэт үйлдвэрийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж байсныг эргэн дурсахад сайхан байна.

Өнгөрсөн хугацаанд Эрдэнэтийн уурхайчид дундаас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Данзангийн Жаргалсайхан, Шагдарын Отгонбилэг, Дуламын Жигмидцэрэн, Дамчаагийн Бямбаа, Түдэвпунцагийн Нямжав, Төрийн соёрхолт, Аж үйлдвэрийн гавъяат ажилтан Гүндсамбуугийн Сундуйжав, Сүхбаатарын одонт Валериан Николаевич Кобахидзе, Ротислав Иванович Семигин нарын зэрэг хэдэн зуугаар тоологдох хөдөлмөрийн сайчууд, алдар гавьяатууд, эрдэмтэн судлаачид Эрдэнэт үйлдвэрээс төрөн гарсан билээ.

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн зургаан мянга гаруй ажилтнуудын гуравны нэг нь буюу 2000 гаруй нь нарийн мэргэжил эзэмшсэн, дээд боловсролтой боловсон хүчин байна. Үүнд үйлдвэрлэлийн технологийн нарийн үйл ажиллагааг гардан гүйцэтгэж, хариуцан ажиллаж буй гол хөдөлгөгч хүч болсон инженер-техникийн ажилтнууд багтаж байна. Энэ бол маш их хүч. Түүнээс гадна алтан гартай, бурхан ухаантай ажилчид маань байна. Эдгээр хүмүүс өдөр, шөнөгүй, цаг наргүй ээлжинд ажиллаж, ачааны хүндийг нуруундаа үүрч явна. Мэргэшсэн, дадлага туршлагатай, үйлдвэрээ гэсэн чин сэтгэлтэй, уужуу ухаантай үе үеийн уурхайчдаас бүрдсэн, эвсэг хамт олныхоо ололт амжилт, хичээл зүтгэлээр бахархаж байна.

 Манай уурхайчид олборлох хүдрийнхээ шинж чанарт тохируулан боловсруулах технологи, түүний хэлхээг оновчилж, технологийн горим, сахилга батыг чанд сахин ажилласнаар 2017 онд үйлдвэрлэлийн төлөвлөгөөний бүх үзүүлэлтийг 102-152 хувиар биелүүлсэн. Үйлдвэрийн 40 жилийн түүхэнд хүдэр дэх зэсийн агуулга хамгийн бага буюу 0.495 хувь байхад бид зэсийн металл авалтыг 89.3 хувьд хүргэж, хамгийн өндөр орлого ашигтай ажиллаж чадсан. Үүний үр дүнд 320 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж улс, орон нутгийн төсөвт 615 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь Эрдэнэт үйлдвэрийн түүхэн дээд амжилт байлаа. Өөрөөр хэлбэл манай нэг ажилтан бүр 100 гаруй сая төгрөгийн баялаг үйлдвэрлэсэн гэсэн үг юм.

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим хамтран шалгаруулдаг “ТОП-100” аж ахуйн нэгжийг Эрдэнэт үйлдвэр ХХК энэ онд 16 дахь жилдээ тэргүүлсэн.

Бид 2017 оныхоо ололт, амжилтыг бататган 2018 онд ч ажил үйлс сайн явж байна.

2018 оны эхний 5 сарын байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөг бүх үзүүлэлтээр нь 102.1-116.0 хувиар биелүүлж, 2017 оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдийг 2.1-86.4 хувиар тус тус өсгөлөө.  Эхний 5 сарын байдлаар  улс, орон нутгийн төсөвт нийт 313 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байна.

Эрдэнэт үйлдвэр ХХК нь 2017 онд ажилтнуудынхаа үндсэн цалинг 10 хувь, урамшууллын санг үндсэн цалингийн сангийн 20 хүртэл хувиар тус тус нэмэгдүүлж, уул уурхайн салбарын 95 жилийн ойг тохиолдуулан  оны төгсгөлд ажилтан бүрт 500.0 мянган төгрөг, ахмадууддаа 300.0 мянган төгрөгийн урамшуулал олгосон. Мөн  2018 оны  дөрөвдүгээр сарын 1-ээс үндсэн цалинг 15 хүртэл хувиар нэмэгдүүлээд байна.

Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн нэг ажилтны дундаж цалин 2,3 сая төгрөг байна.

Манай хамт олон үйлдвэрийнхээ 40 жилийн ойн хүрээнд олон бүтээлч ажлыг хийж хөгжил дэвшлийг түүчээлсээр явна.

Тухайлбал,  “Хамтын ажиллагаа ба хөрөнгө оруулалтын боломж” Олон улсын бизнес форумыг 2017 онд Орхон аймагт амжилттай зохион байгууллаа. Энэхүү форумын үйл ажиллагаанд дөрвөн тивийн 15 улсын 40 гаруй компани оролцсон бөгөөд уул уурхай, металлург, машин үйлдвэрлэл, зураг төсөл, инженерингийн зэрэг голлох чиглэлээр салбартаа тэргүүлэгч дэлхийн шилдэг компанийн төлөөлөлтэй асуудлаа нээлттэй ярилцаж, тодорхой сэдэв, төслүүдээр үр бүтээлтэй санал солилцлоо.

Мөн Дулааны цахилгаан станцаа 48 Мвт-ын хүчин чадлаар өргөтгөснөөр эрчим хүч хэрэглэгчээс үйлдвэрлэгч болж түүхэн бүтээн байгуулалтын эзэд боллоо.

2018 он гарсаар уурхайчин эмэгтэйчүүдийн Үндэсний чуулганыг Эрдэнэт хотноо анх удаа зохион байгууллаа. Энд уул уурхайн компани, төр засгийн байгууллагуудын төлөөлөл 400 гаруй эмэгтэй оролцож эмэгтэйчүүдийнхээ эрх ашгийг эрхэмлэж, тогтвортой хөгжлийг хангах асуудлыг хамтдаа хэлэлцлээ. Энэ үеэр гэртээ хүүхдээ асарч буй Эрдэнэт үйлдвэрийн ажилтан эхчүүддээ сар бүр олгодог тэтгэмжийг 500 мянган төгрөг болгон нэмэгдүүлж бүсгүйчүүдээ баярлууллаа.

Саяхан бид 1000 ахмадын чуулга уулзалтыг зохион байгуулж, үйлдвэрийнхээ түүхэн хөгжилтэй хувь заяа нэгтэй уурхайчин ахмадуудаа сонслоо. Энэ үеэр ахмадууддаа компаниас сар бүр олгодог нэмэгдэл тэтгэврийн хэмжээг 50 хүртэл хувиар өсгөх шийдвэр гаргасан. Ингэснээр тэтгэврийн зөрүүг арилгаж, ахмадуудынхаа өрхийн орлогод бодит хувь нэмэр болно гэж үзэж байна. Түүнчлэн “Эрдэнэт сувилал”-ын цогцолборт зөвхөн ахмадуудыг хариуцан ажиллах мэргэжлийн эмчтэй болгохоор шийдвэрлэсэн.

Мөн ажил үйлсээрээ шалгарсан шилдэг ажилтнуудаа гадаадад аялуулж, өвлийн олимп, дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэж сонирхох боломжийг олгон манлайллыг идэвхжүүлэн урамшуулж байна.

Бид “Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг 2017-2031 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг боловсруулж компанийнхаа Төлөөлөн удирдах зөвлөлөөрөө дэмжүүлсэн. Энэхүү үндсэн чиглэлээ тав таван жилээр хэрэгжүүлэхээр төлөвлөн эхний таван жилийн стратеги төлөвлөгөөгөө Төлөөлөн удирдах зөвлөлөөр батлуулаад ажиллаж байна.

Энэ хүрээнд Эрдэс баялгийн нөөц өсгөх төсөл, Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх төсөл, Баяжуулах үйлдвэрийн өргөтгөл, шинэчлэлийн төсөл, Засвар механикийн заводыг шинэчлэх, өргөтгөх төсөл, Зэсийн хүдрийг уусган боловсруулж, цэвэр зэс үйлдвэрлэх төсөл, Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн заводын шинэчлэл, өргөтгөлийн төслүүдийг 2018 оноос үе шаттайгаар хэрэгжүүлж эхлээд байна. Эрдэнэт үйлдвэр тасралтгүй, үр ашигтай  ажиллахын тулд бодлоготой, хөтөлбөр, төлөвлөгөөтэйгөөр тогтвортой хөгжих ёстой. Тийм ч учраас 15 жилийн үндсэн чиглэлийнхээ хүрээнд Тогтвортой хөгжлийн цогц бодлогоо тодорхойлж, техникийн шинэчлэлийн, дэвшилтэт технологийн, байгаль орчны, санхүү эдийн засгийн, хүний нөөц нийгмийн хөгжлийн таван бодлогыг харилцан уялдаатайгаар хэрэгжүүлж байна.

Энэ нь Эрдэнэт үйлдвэрийг цаашид олон жил тогтвортой, үр бүтээлтэй ажиллах үндэс суурь болно гэж үзэж байна.

Саяхныг хүртэл Эрдэнэт овоо ордын хүдрийн нөөц нь Эрдэнэт үйлдвэрийг 40 орчим жил ажиллуулах бололцоотой гэж үзэж байсан. Тэгвэл өнгөрсөн жилүүдэд явуулсан уулын ажил, ашиглалтын хайгуулын материалд иж бүрэн дүн шинжилгээ хийж, 2017 онд геологи хайгуулын ажлыг 2016 оноос 2 дахин, 2018 онд 3.2 дахин өсгөсний үр дүнд үйлдвэрийн насжилтыг 20 шахам жилээр нэмэгдүүлж, цаашид 60 орчим жил ажиллах боломж бүрдсэнийг хэлэхэд нэн таатай байна.

 Бид үйлдвэрийн тасралтгүй үйл ажиллагааг хангах зорилгоор, тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлын хүрээнд 2017 оноос хүдэр нунтаглах тээрэм, баяжуулах машин болон хүдэр тээврийн хүнд даацын автомашин зэргийг төлөвлөгөөний дагуу шинэчлэн ашиглалтанд оруулж байгаа бөгөөд үүний үр дүнд хүдэр тээвэрлэх хүчин чадлын 20 хувь, хүдэр нунтаглах хүчин чадлын 22 хувь, хүдэр баяжуулах хүчин чадлын 16 хувийн техник, тоног төхөөрөмжийг шинэчилж чадлаа. Энэ ажил цаашид үргэлжилнэ.

Эрдэнэт үйлдвэрийн ирээдүй тов тодорхой, гэрэлтэй өөдрөг, сайхан байна.

Эрдэнэт үйлдвэр ХХК нь тасралтгүй, байнгын ажиллагаатай үйлдвэрийн хувьд бид өндөр зохион байгуулалт, эв нэгдлийг эрхэмлэж, технологийн горим, ажлын хариуцлага, сахилга дэг журам, эмх цэгц, ёс зүйг өндөр түвшинд байлган, ам ажлын нэгдлийг ханган ажиллах нь өмнөө тавьсан зорилтоо хэрэгжүүлж, зорилгодоо хүрэх үндэс болно гэж үзэж байна.

Монгол улсын уул уурхайн салбарт хамтран зүтгэж, эрдэм оюун, ур чадвар, мэдлэг туршлага, эрч хүч, итгэл сэтгэлээ эх орныхоо хөгжил цэцэглэлтэд зориулж яваа Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн уурхайчид, баялаг бүтээгч нийт ажилтан, ажилчид, ахмад буурлууд, анхдагчдадаа мөн бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн эрхэм зочид та бүхэндээ ажлын өндөр амжилт, эрүүл энх, аз жаргал, амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал,
Монгол улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан,
Техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D)
Х.БАДАМСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж