Шүүгчийн бус шүүхийн үнэтэй цамц байжээ!

Хуучирсан мэдээ: 2018.06.27-нд нийтлэгдсэн

Шүүгчийн бус шүүхийн үнэтэй цамц байжээ!

Шүүгчийн бус шүүхийн үнэтэй цамц байжээ!

Монгол Улсад шүүхийн байгууллагыг нураахын тулд хуулийн төсөл бичээд УИХ-ын даргын өрөө рүү эмоцитойхон алхаж очоод өргөн бариад л боллоо гэж үү. Тэр тусмаа насаараа хууль “идэж” амьдарч байгаа архаг парламентч, эрх баригч намын лидер өргөн барихаар их хурдан хэлэлцэж эхэлдэг юм байна.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцлээ. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Эрдэнэт” үйлдвэр дээр УИХ, Засгийн газраас гаргасан шийдвэрийг агентлагууд биелүүлэхээр шүүх дээр очиж унаад байна. Ингэж шүүх дээр төрийн шийдвэрийг хэрчээд байгаа учраас хуулинд нь ингэж өөрчлөлт оруулах санал гаргаж байгаа юм’ гэв. “Ингэж нүцгэн үнэнээ өчих гэж хэмээн өмнөөс нь баярлав.

 УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Энэ хуулийн төслийг оруулж ирсэн хувилбараар нь дэмжих боломжгүй. Олон улсын жишгээ ч бид харах хэрэгтэй. Аль ч орон улс орны аюулгүй байдал, гадаад худалдаа, цөмийн энерги зэрэг асуудлууд нь Захиргааны хэргээс гадна байдаг. Манайд бол “Эрдэнэт” стратегийн ордод ордог. Гэтэл хуулиар “Эрдэнэт”-тэй холбоотой асуудлыг шууд шийддэг болгохоор Засгийн газар оруулж ирлээ. Захиргааны хэрэг дээр энэ асуудал унаад байгаа нь авлигад идэгдсэн хэдхэн шүүгчтэй холбоотой. Үүнд, хязгаар тавихын тулд Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа нь буруу. Би салбарын сайдынх нь санааг ойлгож байна. Бид Захиргааны хэргийн шүүхийг татан буулгах хэмжээнд асуудлыг ярьж болохгүй. Гол нь улс төрийн шийдвэр гэдэг асуудлаа татаж авах ёстой. Хуулийг хэлэлцэхийг дэмжиж байгаа ч Засгийн газар “Улс төрийн шийдвэр” гэдэг тодотголоо эргэж харах хэрэгтэй’ гэв. Бодохоос аргагүй бараг аргадаж шахуу хэлсэн энэ үг улайрсан сайдыг ухралт хийхэд хүргэж “Хуулийн төслийг жаахан хумьж өгөх тал дээр би хамтран ажиллахад бэлэн байна” гэсэн боловч “Асуудлын гол нь, Захиргааны хэргийн шүүх дээр “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг удахгүй хэлэлцэх гэж байна. Үүнтэй холбоотой намайг АН-аас АТГ-д шалгуулахаар өгөөд байгаа. Хуулийн төсөлд нөлөөлөхөөр янз бүрийн зорилтот ажлууд өрнөж байна. Тиймээс би өнөөдөр асуудлыг ил гаргаж ярьж байна. Захиргааны хэргийн шүүх дээр ийм өөрчлөлт хийж байж, “Эрдэнэт”-ийн асуудлыг шийдэхээс өөр аргагүй. Захиргааны хэргийн шүүх дээр очихоор авлига авсан шүүгчид нь асуудлыг унагачхаад байна. Энэ ялзралын эсрэг би хуулийн төслийг санаачилсан. Намайг өмнө нь Хууль зүйн асуудлыг эрхэлсэн сайд байхад арай ийм байгаагүй юм” гэсэн. Бараг гоморхол шиг сонсогдов. Бас тухайн шүүгчдийг “авлига авсныг” нотлогдохгүй байхад олон нийтийн өмнө ингэж зарласандаа хариуцлага хүлээх ёстой.

Мөн энэ үеэр Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд: “Энэ хуулийн төсөл яг энэ чигээрээ батлагдвал шүүхийн байгууллага нурна. Гол нь энэ хуулинд өөрчлөлт оруулснаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг зогсоож чадах юм уу. Захиргааны хэргийн шүүх дээр агентлагийн дарга, аймгийн засаг дарга, сайдын шийдвэрийг авч хэлэлцэхгүй болж, ард түмэн хохирвол хэн тэдний гомдлыг барагдуулах вэ. Ганц нэг шүүгчдээс айгаад шүүхийнхээ тогтолцоог нураах гэж байгаа нь эмгэнэл шүү” гэлээ. Нээрээ ч Хууль зүйн байнгын хорооны даргаар Захиргааны хэргийн шүүхийг “аборт” хийснээр түүхэнд үлдэх учир энэ удаад өөрийн байр суурьтай гэдгээ харуулахгүй бол их муухай дүр зураг үлдэж карьераа өндөрлөж ч мэдэх юм.

Хэдийгээр Ц.Нямдоржийг хүндэлдэг мэргэжил нэгт, нам нэгт нөхөд, “дүү” олон ч Захиргааны хэргийн шүүхийг татан буулгах тухайд энэ хуулийн төсөл Байнгын хороон дээр дэмжигдсэн ч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр дэмжигдэхгүй байж болох юм. Тиймээс ч “Над руу одоо ноход дайрна” гэж өөртөө вакцин хиймээр аядсан ч буруу эргэсэн хүрд эргэхэд амаргүй шүү дээ. Нөгөөтэйгүүр, “Шүүх төрийн шийдвэрийг хэрчээд байна”, “Ялзарсан шүүх” гэдэг үгийг хэлэх хүн нь Ц.Нямдорж байсанд гүн эмгэнэл илэрхийлье. Эрдэнэт үйлдвэрт биш тэнд танилаа ажилд оруулсан, “шахаа” гэгчийг хийсэн  тухайгаа тэр өөрөө батлан хэлсэн. Ийм өчүүхэн эрх ашгаа өөрийнхөө цамцаар үнэлэхэд нь ойлгож байсаан. Харин шүүх байгууллагыг татан буулгах хэмжээнд үнэлнэ гэж даанч санасангүй. МАН-ынхан олонхоороо хүч түрээд шүүх байгууллагатай тэмцэл зарлана гэж бодохгүй байна. Захиргааны хэргийг татан буулгачих байх гэж ч төсөөлөхгүй. Харин шүүх эрх мэдлийн тухайд хуулийн төсөл хэлэлцэх гэж байгаа бол “ялзарсан шүүх” гэгчийн зэрэгцээ “ялзарсан” хууль санаачлагчийн эрх ашгийг заавал дэнсэлж шийдвэрээ гаргана гэж найдъя. Энэ бол улстөржсөн гэхэд зөөлдөхөөр, нэг хүний гомдлыг барагдуулах  шийдвэр болох гээд байна. Ц.Нямдоржид сонгогчид нь, намынхан нь, салбарынхан нь хайртай. Хайртай хүнээ ингэтэл эвдэрч, эсвэл “хүндээр өвдчихөөд” байхад нь засаж, эмчилж авах байх гэж итгэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж