Газрын маргаан гар хугалахад хүргэв

Хуучирсан мэдээ: 2018.06.27-нд нийтлэгдсэн

Газрын маргаан гар хугалахад хүргэв

Газрын маргаан гар хугалахад хүргэв

Хотын иргэдийн дунд байнга үүсдэг нэг асуудал бол газрын маргаан. Хэдхэн хоногийн өмнө  хүмүүсийн хэлж заншсанаар баруун дөрвөн замын дэргэдэх байрлах “Hill side” хотхонд газрын маргаанаас  болж иргэдийн дунд үл ойлголцол үүсч, зодоон болсон байна. Энэ талаарх сурвалжлагаа хүргэж байна.  “Hill side” хотхон руу орох хэсэгт том оврын ачааны машин байрлуулжээ. Цаахан талд нь бүрээс нь урагдаж, яйжийж унах дөхсөн гэр харагдав.

Хотхоны голд хашаа барьсан, хашаан дотор барилгын суурийн ажил эхлүүлэхээр нүх ухсан байв. Гэрт болон ачааны машинд хүн байсангүй. Учрыг лавлахад БГД-ийн цагдаагийн 2-р хэлтэст тухайн байрны оршин суугчдын төлөөлөн болон барилга барихаар төлөвлөж буй “Солонго лайн” компанийн удирдлагуудын уулзалт болж байгааг нэгэн оршин суугч дуулгав. Уулзалт болж байгаа газарт очиход БГД-ийн цагдаагийн дэд хурандаа гэх хүн “Та нарыг хэн дуудсан юм” гэсээр дээрэнгүй угтлаа.

Цагдаагийн үүдэнд байдлыг ажиглан зогсч байтал хэсэг хүн гарч ирсэн нь  оршин суугчид ба барилгын компанийнхан байв.   Тэд бүрэн ойлголцолд хүрээгүй байдалтай маргалдсаар цагдаагийн хашаанаас гарсан юм. Тэнцвэртэй хүргэх үүднээс хоёр талын байр суурийг авсан юм.

“Hill side” хотхоны “Хамтын хүч” СӨХ-ын хяналтын зөвлөлийн дарга С. Дулам:

-Та хэд яг юу шаардаад байгаа юм. Яагаад ийм асуудал үүсэв?

-Манай хотхонд 500 айл амьдардаг.  Анхны айл нь нүүж ороод зургаан жил болж байна. Гэтэл энэ “Солонго лайн” гэдэг компани барилга барих гээд зургаан жил болж байна. Энэ компани тухайн газрын урд хэсэгт зочид буудал барьсан. Түүнийг бид эсэргүүцэж тэмцээд дийлээгүй. Гэтэл одоо үлдсэн багахан талбайд оффисын барилга барих гээд зүтгээд байна. Манай хотхонд хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, автомашины зогсоол байхгүй. Нэг хүнд ноогдох норм хэмжээний газар хүрэхгүй байна гэсэн Мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан байдаг. Гэтэл энэ компани бас л мэргэжлийн хяналтын дүгнэлт гаргуулсан байдаг. Энэ учрыг бид нар сайн мэдэхгүй байна. Төрийн байгууллагууд үнэхээр муу ажиллаж байна. Өнгөрсөн өвөл шүүхээс энэ асуудлыг хотын дарга шийдэх ёстой гэсэн шийдвэр гаргасан. Тиймээс нэгдүгээр сарын 23-нд манай байрны оршин суугчдын зүгээс хотын даргад шинэ газрын гэрчилгээг цуцлаж өгнө үү гэж хандсан.  Гэтэл одоо хүртэл хариу ирээгүй. Энэ хооронд ард иргэд хохироод өнөөдрийг хүрлээ.

-Ерөнхийдээ энэ газар зургаан жилийн өмнөөс маргаантай байгаа гэж ойлгож болох уу?

-Тийм. Зургаан жилийн өмнөөс маргаантай байгаа. Анх бол энэ компанийн газар дээр энэ хотхон баригдсан юм билээ. Тийм учраас энэ компани оршин суугчдад байх ёстой талбайг нь өгөх ёстой. Гэтэл үлдсэн талбайгаа өгөхгүй. Монголд барилгаа ямар аргаар хамаагүй барьчих, барьсаны дараа бол нурааж чадахгүй гэсэн ийм хууль Монголд үйлчилж байна.

“Hill side” хотхонд оршин суугч Г. Сүхбаатар: 

-Таныг компанийнхантай маргалдаад гараа хугалсан гэж сонслоо. Зодоон цохиондоо тулалгүйгээр эвээр шийдж болоогүй юм уу?

-Хүүхдийн тоглоомын газраа булаалгахгүй гэж “Солонго лайн” компанийн харуул хамгаалалтын хүмүүстэй манай оршин суугчид маргалдаж улмаар зодолдсон юм. Энэ үйл явдал шөнийн 2.00 цагт болсон. Компанийнхан хөлсний хүмүүст мөнгө, төгрөг өгч бидний эсрэг турхирсан. Бидний хааж тавьсан машины хамаг эд ангийн эвдэж сүйтгэсэн. Бид нар тайван орчинд амьдармаар байна гэдгээ хэлсэн. Эв зүйгээр  ярилцаад ямар ч шийдэлд хүрээгүй. 2012 оноос хойш зургаан жил газрын маргаантай байна. Анхан шатны шүүх, мэргэжлийн хяналт, хотын удирдлагуудад хандсан. Одоо захиргааны хэргийн шүүхэд хандаад явж байна. Мэргэжлийн хяналт гаргасан дүгнэлтээ буцааж энэ газрыг ард түмэндээ өгөхийг л хүсэж байна. 

-Та гомдол, зарга үүсгэсэн гэл үү?

-Гарны дунд хэсгээрээ хугарсан байгаа. Шүүх шинжилгээний газар очиж гэмтлийн зэргээ тогтоолгосон. Цагдаагийн газар гомдлоо тавьсан байгаа. 

Барилга барихаар төлөвлөж буй Солонго лайн компанийн захирал А. Бат-Эрдэнэ: 

-Танай компани оршин суугчидтай зургаан жил маргалдсан юм байна. Хүүхдийн талбайг нь буцаагаад өгчихөж болдоггүй юм уу? 

Манай компанийн зүгээс бүх зөвшөөрөл бичиг баримт байгаа. Энэ газрын асуудлаар манай компанийг сүүлийн хоёр жил хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Шүүх, мэргэжлийн хяналтын байгууллагууд нь шалгаж, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас барилга барих зөвшөөрөл олгогдсон газар мөн байна гэсэн дүгнэлт гаргасан. Оршин суугчдын зүгээс манай компанийн газрыг СӨХ-д шилжүүл гэсэн хүсэлт тавиад байгаа. Гэтэл энэ газар хувийн байгууллагын эзэмшлийн газар байдаг. Хувийн өмчийг улсын байгууллага хурааж аваад СӨХ-д өгөх эрх зүйн үндэс байхгүй юм. Бид нар энэ газар дээр гурван давхар оффисын барилга барих гэж байгаа. Гэтэл оршин суугчид энэ газар дээр найман давхар барилга барих гэлээ гээд хэл ам, хэрүүл зодоон хийгээд байгаа юм.  Зөвшөөрөлгүй баригдсан барилгыг манай улс сүүлийн үед нураадаг болчихоод байгаа биздээ. Хэн ч гэсэн өөрийн эд хөрөнгөө нураалгахыг хүсэх юм. Тийм учраас бид нарын зүгээс бүх зөвшөөрөл байгаа. Харин барилгаа хурдан барьж дуусгаад хүүхдийн тоглоомын талбайг нь гаргаж өгнө.  Барилгын ажлаа бүрэн дуусгахгүйгээр нэгдүгээр давхараа бариад хашаа авч газрыг нь чөлөөлж өгөх бодолтой байгаа юм. Хүүхдийн тоглоомын талбайн зураг төсөл нь бэлэн болчихсон байгаа. 

-Цаашдаа танай компани ямар арга хэмжээ авах бэ?

-Манайх ямар ч байсан гурван давхар оффисын барилгаа барьж дуусгаад хашаагаа хурааж, барилгаасаа гадагшаа нэг метр талбай л авна. Энэ хотхоны оршин суугчид бүгд эсэргүүцээд байна уу гэхээр бас тийм биш байна. Яг эсэргүүцэж оролцож байгаа 10-аад л хүн байна. Энэ хотхоныг бариулсан ‘ТИ СИ ДИ’ гэх компани нь Хятадын хөрөнгө оруулалтай юм. Тэр компанийн зүгээс борлогдоогүй байрнуудаа зарахын тулд  манай компаний ажлыг гацаагаад байна уу гэж хардаж байгаа. 

-Танай компани барилга барих бүх зөвшөөрөл  авчихсан гэсэн үг үү? 

-Бүх зөвшөөрөлтэй. 2015 оноос хойш эдгээр хүмүүс шүүхэд өгч, гурван жил ажил уялаа.  Хамгийн сүүлд 2018 оны нэгдүгээр сарын 09-нд шүүхийн шийдвэр гарсан. Тэр шийдвэрээр бүх норм дүрэм журмыг хангаж байна гэсэн байдаг. Энэ барилгыг бариулахгүй байх ямар нэгэн шалтгаан байхгүй гэсэн. Мөн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн мэргэжлийн хяналт олон удаагийн дүгнэлт гарсан байгаа. 

Ийнхүү алга дарам газрын хэрүүл Улаанбаатарт ердийн үзэгдэл болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж