Бүгд Найрамдах Франц улсын “Веолиа” групп ирэх жилүүдэд хугацаа нь дуусах нарны эрчим хүчний самбарыг дахин боловсруулах үйлдвэр байгуулсан байна. Тус үйлдвэр нь Францын өмнө зүгийн хот Роуссетэд нээгджээ.
“Манай үйлдвэр нь Европт нээгдэж байгаа нарны эрчим хүчний самбарыг дахин боловсруулах анхны үйлдвэр юм” гэж Веолиа группийн электрон хэрэгсэл дахин боловсруулах мэргэжилтэн Гиллес Карсуза сэтгүүлчдэд ярьсан байна.
Нарны гэрлийг цахилгаанд хувиргагч самбарууд нь 25 жил ашиглагдах боломжтой бөгөөд анхныхыг нь одоо дээврээс буулгах шаардлагатай болжээ. Урьд нь ийм самбарыг ердийн шил боловсруулах үйлдвэрт илгээдэг байсан юм. Тэнд хүргэгдсэн нарны самбаруудаас шил, хүрээ болох төмрийг нь салгаж дахин боловсруулалтад оруулдаг байна.
Олон улсын Дахин Сэргээгдэх Энергийн Агентлаг эдгээр самбаруудаас боловсруулсан материалууд 2030 онд 450 сая ам.доллараар үнэлэгдэх бол 2050 онд 15 тэрбум ам.доллар болно гэж дүгнэжээ.
Веолиа группийн байгуулсан үйлдвэрт автомат роботууд ажиллаж, хэрэглээнээс гарсан нарны эрчим хүчний самбаруудын шил, силикон, хуванцар, зэс, мөнгө зэрэг материалуудыг салган жижиглэж, шинэ самбар хийхэд бэлдэх юм.
Ердийн тунгалаг нарны самбарын 65-70 хувь нь шил, 10-15 хувь хүрээний төмөр тэгээд үлдсэн нь силикон байдаг аж.
“Ашиглалтаас гарсан бүх самбарыг бид дахин боловсруулж энэ туршлагаараа бид дэлхийн өөр оронд үйлдвэр нээх болно” гэж Веолиа компанийн төлөөлөгчид мэдэгджээ.
Эх сурвалж : Reuters
Г. Батмандах