МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр /2018.06.26/ Завхан аймагт ажиллаж байна.
Намын анхан шатны байгууллагыг бэхжүүлэх жилийн хүрээнд өнгөрсөн долоо хоногт Хэнтий аймагт ажилласан бол энэ долоо хоногт Завхан аймагт ажиллаж, иргэдтэй уулзан, аймгийн намын хорооны ажилтай танилцаж байгаа аж.
Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр тус намын генсек “Эрх барьж буй улс төрийн нам дотооддоо хариуцлага ёс зүйн асуудлыг илүү өндөр түвшинд ярих ёстой. Хариуцлага алдсан хүмүүстээ хариуцлага тооцож чаддаг байх ёстой” гэдгийг сануулжээ.
Харин иргэд Завхан аймагт төрийн албан хаагчдыг намын харьяаллаар нь ялгаварлан олноор нь халж байгааг шүүмжилж, үндэслэлгүй ажлаас халсан асуудлаас үүдээд амиа хорлох тохиолдол хүртэл гарсныг сануулжээ.
Эл асуудалд МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан аймгийн намын хорооны зүгээс иргэдийн нүд, чих, дуу хоолой болж намын бүтцээрээ дамжуулан УИХ, Засгийн газарт хууль бус үйлдлийг мэдээлэх ёстойг намын удирдлагууд намын идэвхтэн сонгуультнууддаа захисан байна.
Г.ХОРОЛ