Тоглолтын өмнө: ДАНИ – ФРАНЦ, АВСТРАЛИ – ПЕРУ

Хуучирсан мэдээ: 2018.06.26-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

Тоглолтын өмнө: ДАНИ – ФРАНЦ, АВСТРАЛИ – ПЕРУ

Тоглолтын өмнө: ДАНИ – ФРАНЦ, АВСТРАЛИ – ПЕРУ

Дани – Франц

Москва хотын “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд С хэсгийн Дани болон Францын шигшээ багуудын хэсгийн 3 дахь тоглолт 22.00 цагт болно. С хэсгийг Францын шигшээ баг 2 хожилтой 6 оноотой тэргүүлж байгаа бол Данийн шигшээ баг 1 хожил, 1 тэнцээтэй 4 оноотой хүснэгтийн дэд байранд бичигдэж байгаа. Хоёр баг өмнө нь 13 удаа таарч тоглохдоо 8 удаад нь Францын шигшээ баг ялалт байгуулсан бол Данийн шигшээ баг 4 удаа ялалт байгуулж 1 тэнцсэн байдаг. Эдгээр 13 тоглолтын 2 нь дэлхийн аваргын тоглолт байсан бөгөөд дэлхийн аваргад харилцан 1-1 хожилтой байна. Тэгвэл дэлхийн аваргын хайнаа хагалах тоглолтыг өнөөдөр хийнэ.

Таамаглаж буй гарааны бүрэлдэхүүн:

  • Дани: К.Шмейхель, Х.Дальсгор, С.Кьер, А.Кристенсен, Й.Ларсен, К.Эриксен, Л.Шёне, Т.Дилейни, Н.Йергенсен, М.Брейтуэйт, А.Корнелиус
  • Франц: У.Льорис, Б.Павар, Р.Варане, П.Кимпембе, Л.Эрнандес, П.Погба, И.Канте, К.Толиссо, Н.Фекир, А.Гризманн, Т.Лемар

Энэ тоглолтонд Данийн шигшээ багт тэнцээ л хэрэгтэй. Данийн шигшээ багаас довтлогч Ю.Поульсен 2 дахь шар хуудсаа авсан тул энэ удаагийн тоглолтонд оролцохгүй бол Перугийн эсрэг тоглолтонд бэртэл авч талбайг орхисон хагас хамгаалагч В.Квист мөн оролцох боломжгүй байна. Үүнээс гадна энэ удаагийн тоглолтонд довтлогч П.Систо, Т.Дилейни нар оролцох эсэх нь эргэлзээтэй байгаа. Харин тэдний өрсөлдөгч Францын шигшээ багийн ахлагч Д.Дешам энэ тоглолтонд ялалт байгуулж хэсгээ тэргүүлхийн төлөө тоглоно гэдгээ мэдэгдсэн. Д.Дешам дундын шугамандаа өмнөх 2 тоглолтонд хоюуланд нь өөрчлөлт оруулж байсан. Энэ удаа мөн Данийн эсрэг гарааны тоглогчид дундаа өөрчлөлт оруулж байна. Ялангуяа хаалгач У.Льорис энэ удаагийн тоглолтыг өнжиж, хамгаалагч Р.Варане багийн ахлагчаар тоглож магадгүй байна. Р.Варанетай хамт 22 настай ПСЖ клубын хамгаалагч П.Кимпембег гаргахаас гадна К.Толиссог эргэн гараанд гаргаж байгаа бололтой. Мөн К.Мбаппе, О.Жиру, У.Дембеле нарын оронд довтолгоондоо Н.Фекир, Т.Лемар нар тоглохоор болж байна. Хэдийгээр Францын шигшээ баг олон бөмбөгөөр ялалт байгуулахгүй байгаа ч Францын шигшээ баг Данийн шигшээ багт хүнд өрсөлдөгч байх нь гарцаагүй. Францын шигшээ багийн дасгалжуулагч Д.Дешам ялалтын төлөө тоглоно гэсэн.


Австрали – Перу

Сочи хотын “Фишт” цэнгэлдэх хүрээлэнд Австралийн шигшээ баг Перугийн шигшээ багтай шийдвэрлэх хэсгийн сүүлийн тоглолтоо хийнэ. Австралийн шигшээ баг хэсэгтээ Данитай 1-1 харьцаатай тэнцсэн бол Францын шигшээ багт хожигдож 1 оноотой хүснэгтийн 3-рт бичигдэж байгаа. Харин тэдний өрсөлдөгч Перугийн шигшээ баг Дани, Францын эсрэг тоглолтонд хожигдон хэсгийнхээ хомоол хамааж байна. Тив-улс Австралийн шигшээ баг Өмнөд Америкийн Перугийн шигшээ багтай анх удаагаа учраа таарч байгаа нь энэ юм.

Таамаглаж буй гарааны бүрэлдэхүүн:

  • Австрали: М.Райан, А.Бехич, М.Милиган, Т.Сейнсбери, Ж.Рисдон, А.Муй, Т.Рогич, М.Единак, Р.Круз, Т.Юрич, М.Леки
  • Перу: П.Гальесе, Л.Адвинкула, К.Рамос, А.Сантамария, М.Трауко, Р.Тапиа, Й.Йотун, А.Каррильо, К.Куэва, Э.Флорес, П.Геррейро

Австралийн шигшээ багийн довтлогч Э.Наббут бэртлийн улмаас оролцохгүй бол Перугийн шигшээ багаас мөн довтлогч Ж.Фарфан бэртэлтэй тул оролцож чадахгүй болсон. Австралийн шигшээ баг тийм ч муугүй тоглож байгаа. Францад авто гоолоор хожигдсон бол Данитай тэнцсэн. Мэдээж Австралийн шигшээ баг Перуг олон гоолын зөрүүгээр хожиж хэсгээс гарах мөрөөдөлтэй байгаа бол Перугийн шигшээ баг дэлхийн аваргын эхний гоолоо оруулах, цаашлаад эхний оноогоо авахын тулд талбайд гарна. Гэхдээ энэ тоглолтонд ялах магадлал Австралийн шигшээ багт илүүтэй байгаа болов уу?


Нигери – Аргентин

Санкт-Петербург хотын цэнгэлдэх хүрээлэнд D хэсгийн Нигери – Аргентины тоглолт болно. 2014 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Аргентины шигшээ баг хэсэгтээ 1 оноотой хүснэгтийн сүүлд бичигдэж байгаа. Хэсгээс гарах гэвэл өнөөдрийн тоглолтонд заавал ялалт байгуулах ёстой. Харин хүснэгтийн дэд байранд 3 оноотой бичигдэж байгаа Нигерийн шигшээ баг тэнцэхэд л дараагийн шатанд шалгарах боломжтой болно. Хорватын шигшээ баг Исландад хожигдохгүй л бол. Хоёр баг өмнө нь 8 удаа тоглохдоо Аргентины шигшээ баг 5 удаа ялалт байгуулсан бол Нигерийн шигшээ баг 2 удаа ялалт байгуулж, 1 тэнцсэн. Эдгээр 8 тоглолтоос 4 удаад нь дэлхийн аваргын нэг хэсэгт таарч тоглосон тоглолт байдаг.

Таамаглаж буй гарааны бүрэлдэхүүн:

  • Нигери: Ф.Узохо, К.Омеруо, В.ТроостЭконг, Л.Балогун, Т.Эбюэхи, В.Ндиди, Ж.Микел, О.Этебо, В.Мосес, К.Ихеаначо, А.Муса
  • Аргентин: Ф.Армани, Э.Сальвио, Г.Меркадо, Н.Отаменди, Н.Тальяфико, Э.Банега, Х.Машерано, Э.Перез, ди Мариа, Л.Месси, Г.Игуаин

Аргентины шигшээ багийн тоглогч болон дасгалжуулагчдын дунд үл ойлголцол үүсээд байгаа. Тэдний хувьд Нигерийн эсрэг тоглолтонд зөвхөн хожил авах хэрэгтэй. Гэхдээ тэдний өрсөлдөгч Нигерийн шигшээ баг бол маш хүнд өрсөлдөгч юм. Аргентины шигшээ баг Нигерийн эсрэг нэлээд хэдэн өөрчлөлт хийсэн. Хаалгач В.Кабальерог сэлгээнд үлдээж байгаа бол ди Мариа, Э.Банега, П.Дибала нар гараанд гарч магадгүй байна. Тэгвэл Нигерийн шигшээ багаас бэртэл гэмтлийн асуудалгүй байгаа. Энэ тоглолтонд Л.Месси тэргүүтэй Аргентины шигшээ баг заавал ялалт байгуулах ёстой талбайд гарна.


Исланд – Хорват

Дон мөрний эрэг дэх Ростов хотын “Ростов Арена” цэнгэлдэх хүрээлэнд D хэсгийн Исланд – Хорватын шигшээ багуудын тоглолт шөнийн 02.00 цагаас явагдана. Хорватын шигшээ баг хэсэгтээ тун гайхалтай тоглолтыг үзүүлж Нигерийг 2-0, Аргентиныг 3-0 харьцаатай хожиж хэсгээ тэргүүлж байгаа. Тэдний хувьд хаалгандаа ганц ч гоол алдаагүй байгаа бөгөөд хасагдах шатанд шалгарах нь тодорхой болсон. Харин анх удаагаа дэлхийн аваргад оролцож байгаа Исландын шигшээ баг Аргентинтай 1-1 харьцаатай тэнцсэн ч Нигерийн шигшээд 2-0 харьцаатай хожигдож 1 оноотой хүснэгтийн 3-т бичигдэж байна. Хорватын шигшээ Исландтай 6 удаа тоглохдоо 4 хожин, 1 тэнцэж, 1 хожигдож байсан.

Таамаглаж буй гарааны бүрэлдэхүүн:

  • Исланд: Х.Халльдоурссон, Б.Севарссон, К.Арнасон, Р.Сигурдссон, Х.Магнуссон, А.Гуннарссон, Э.Хадльвредссон, Й.Гудмундссон, Г.Сигурдссон, Б.Бьяднасон, А.Финнбогасон
  • Хорват: Л.Калинич, Т.Едвай, В.Чорлука, Д.Вида, Й.Пиварич, М.Бадель, М.Ковачич, Ф.Брадарич, М.Пьяца, А.Крамарич, И.Перисич

Хорватын шигшээ багийн дасгалжуулагч Исландын эсрэг гол тоглогчдоо үлдээж магадгүй байна. ФИФА-н албан ёсны цахим хуудаснаас харвал И.Ракитич, Л.Модрич, М.Манжукич, М.Брозович, Д.Ловрен, хаалгач Субашич нарыг амрааж байгаа бололтой. Тэгвэл Исландын шигшээ багаас төвийн хамгаалагч Р.Сигурдссон болон Й.Гудмундссон нар Нигерийн эсрэг хийсэн тоглолтонд бага зэрэг бэртэл авсан тул өнөөдрийн тоглолтонд оролцох эсэх нь тодорхойгүй байна. Энэ тоглолтонд Исландын шигшээ хожил авах зорилготой тоглох бол Хорватын шигшээ багт тэнцээ л хангалттай. Магадгүй оноо хувааж болох юм.

Б.Бямбабаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж