Хятадын батлан хамгаалахыг ил тод байхыг уриалав

Хуучирсан мэдээ: 2011.08.25-нд нийтлэгдсэн

Хятадын батлан хамгаалахыг ил тод байхыг уриалав

Хятадын засгийн газар батлан хамгаалах хүчнээ улам зузаатгаж, чангаруулж байгаа нь бүс нутагт шинэ хурцадмал байдал үүсгэж, ноцтой үл ойлголцлыг бий болгож болзошгүй талаар Пентагоны зүгээс лхагва гаригт анхаарууллаа.

Пентагоноос хийсэн мэдэгдэлд “Хятадын засгийн газар батлан хамгаалах салбарын хөрөнгө оруулалтыг тасралтгүй нэмэгдүүлж байгаа нь бүс нутгийн хүчнүүдийн хоорондын тэнцвэртэй байдлыг алдагдуулж, үл ойлголцлыг бүрдүүлж, магадгүй бүс нутгийн хурцадмал, түгшүүртэй байдлыг үүсгэх аюултай байна. Хэтдээ Бээжин зэр зэвсгийн хүчний илүүгээр бүс нутагт өөрийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх төдийгүй хүчний салбарт гарсан аливаа хэрэг маргааныг өөрийн хүслээр шийдэх боломж нэмэгдэж байна” хэмээн дурьджээ.

Өнгөрсөн жилүүдэд Хятад улс батлан хамгаалахын төсвөө огцом нэмж, баллистик болон байлдааны хөлөг онгоцыг эсэргүүцэх пуужингуудын тоог олшруулж, цэргийн хүчний тоог огцом өсгөж, цэрэг хүчний салбарын ил тод байдлыг бүрхэгдүүлж, АНУ-ын батлан хамгаалахын сүлжээнд удаа дараа халдаж байгаа явдал нь бүс нутагт түгшүүр төрүүлэхээс өөр аргагүй байдалд хүргэжээ. Коммунист үндэстний хүчний нөөц бололцоо ийнхүү чадавхжиж байгаа нь бүс нутгийн төдийгүй ялангуяа Тайванийн аюулгүй байдалд заналхийлж байгаа талаар Пентагоноос мэдэгджээ. Энэ үеэр Пентагоноос Хятадын батлан хамгаалах салбарын тухай нарийн ширийнийг багтаасан тайланг Конгресст өргөн барьсны дотор хоёр гол асуудлыг онцгойлон хөндсөний эхнийхэд Бээжингийн хэт өөртөө итгэлтэй байдал болоод цэргийн хүчний чадамж бололцоо нэмэгдэж байгаа явдал нь бүс нутгийн гол тоглогчдын байр суурийг өөрчилж, АНУ-д төдийгүй Хятадын хөрш орнуудад таагүй уур амьсгалыг бий болгож болзошгүй талаар удаах нь Хятад улс АНУ-ын эдийн засгийн бүрхэг байдлыг далимдуулж, өөрийгөө дэлхийн эдийн засгийн тэргүүлэгчийн байр сууринд тавих сонирхолтой байгаа зэрэг асуудлууд орсон байна.

Эцэст нь Пентагоны зүгээс Бээжинг батлан хамгаалах хүчний талаарх мэдээллийг ил тод байлгаж, хуваалцахыг уриалаад, хүмүүнлэгийн болоод гамшигт нэрвэгдсэн улс гүрнүүдэд туслах, мөн далайн дээрэмтэй тэмцэх зэрэг олон улсын үйл ажиллагаанд идэвх зүтгэлтэй оролцож байгаа явдлыг сайшаажээ. Харин АНУ Хятадын цэргийн хүч нэмэгдэж байгаа явдал түүн дотроо байлдааны нисэх онгоцыг нууцаар туршиж байгаад, байлдааны онгоц тээвэрлэдэг усан замуудыг худалдан авч, шинээр барьж байгаад, усан доогуур болон агаар мандалд шинэ байгууламж барьж байгаад түгшиж байгаагаа илэрхийлжээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж