Юаниар босгосон бондын төлбөрийг ам.доллараар төлнө
Монгол улсын Засгийн газар энэ долоо хоногийн сүүлч буюу зургадугаар сарын 30-нд “дим сам” бондын үлдэгдэл төлбөрийг төлөх хуваарьтай. Тэгвэл тус бондын төлбөр болох 145 сая ам.долларыг (355 тэрбум төгрөг) хугацаанд нь төлнө гэж Сангийн яамнаас мэдээлж байна. Уг нь монгол улсын Засгийн газар 2015 оны зургадугаар сард уг бондыг юаниар босгосон. Гэхдээ юань, ам.долларын своп хэлцэл хийж, ам.долларт шилжүүлэн, авчээ. Тиймээс юаниар босгосон уг бондын төлбөрийг ам.доллараар төлнө хэмээн холбогдох албаныхан мэдээлж байна. Гэтэл бондын эргэн төлөлтийн хугацаа ойртохтой зэрэгцээд ам.долларын ханш тавдугаар сарын сүүлчээс суларч эхэлсэн. Сүүлийн хэдэн сар алгуур уруудаж байсан ам.долларын ханш өнгөрсөн гурван долоо хоногийн хугацаанд огцом чангарч, төгрөгийн эсрэг нэг хувиар өссөн юм. Тэгвэл энэ өсөлт “дим сам”-ын бондын эргэн төлөлттэй холбоогүй хэмээн төв банкнаас мэдэгдэж байна. “Уг эргэн төлөлт ханшид ямар нэг дарамт учруулаагүй. Сангийн яам бондын эх үүсвэрийг бүрдүүлэн, монгол банкны дансанд байршуулсан гэж тус банкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин мэдээллээ. Мөн ам.долларын ханшийн өсөлт түр зуурынх бөгөөд жил бүрийн наадмын өмнө буюу тав, зургадугаар сард төгрөгийн ханш сулардаг гэж төв банкнаас даваа гарагт албан ёсоор мэдэгдсэн юм.
“Дим сам” бондын төлбөр Монголбанкны дансанд байршжээ
“Дим сам” бондын үнэ ханш даваа гарагийн байдлаар хоёрдогч зах зээлд 100 ам.доллар орчимд хэлбэлзэж байна. Энэ нь он гарснаас хойш 0.6 хувиар буурсан дүн юм. хоёрдогч зах зээлээс худалдан авагчдын шаардах өгөөж энэ сар гарсаар дээд түвшинд хүрч 10 хувь даваад байсан бол одоогоор найман хувьтай байна. Нэг тэрбум юанийн (161 сая ам.доллар) бондын хүү 7.54 хувьд тогтсон байдаг. Сингапурт бүртгэлтэй энэ бондын 93 хувийг азийн, үлдсэнийг нь Европын хөрөнгө оруулагчид худалдан авсныг албаныхан мэдээлсэн. Одоогоос гурван жилийн өмнө монгол улс олон улсын зах зээлд юаниар нэрлэсэн бонд гаргасан анхны улсуудын тоонд багтаж байсан. 2015 оны зургадугаар сард “дим сам” бондыг гаргасны дараа ам.долларын ханш богино хугацаанд огцом суларч, 1940 төгрөгөөс 1860 болтлоо буурч байжээ. “Дим сам”-ыг босгож байсан үе болон 2016 оныхтой харьцуулахад улсын төсвийн нөхцөл байдал сайжирсан. Гадаад валютын албан нөөц өсөж, 2018 оны зургадугаар сарын байдлаар гурван тэрбум орчим ам.долларт хүрээд байгаа ажээ. Түүнчэн монгол улсын Засгийн газар таван жилийн хугацаатай “Чингис” болон ”дим сам” бондын төлбөрийг төлөхийн тулд өнгөрсөн оны гурав болон арваннэгдүгээр сард нийт 1.4 сая ам.долларын хоёр ч үнэт цаас гаргасан юм. Тэгвэл даваа гарагийн байдлаар “хуралдай” бондын ханш олон улсын зах зээлд харьцангуй тогтвортой буюу 108.16, “Гэрэгэ”-ийнх 95.49 нэгжид хүрээд байна.
Эх сурвалж: ‘Засгийн газрын мэдээ’ сонин