Д.Эрдэнэбилэг 13 дахь, Б.Мөнхжин анх удаа түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2018.06.26-нд нийтлэгдсэн

Д.Эрдэнэбилэг 13 дахь, Б.Мөнхжин анх удаа түрүүлэв

Д.Эрдэнэбилэг 13 дахь, Б.Мөнхжин анх удаа түрүүлэв

Зуун буудалт даамын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-26-ны өдрүүдэд МУИС-ийн Номын сангийн байранд болж өндөрлөлөө. Эрэгтэйчүүдийн 43, эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн шигшээ тэмцээнд өнгөрсөн жилийн УАШТ-ий медаль болон хагас шигшээ шатнаас шалгарсан эрэгтэй, эмэгтэй тус бүр шилдэг 12 даамчин тойргийн журмаар өрсөлдөв. Нийт оролцогчдын 80 гаруй хувь нь олон улсын цолтой тамирчид байсан юм. Өнөөдөр сүүлийн өрөг болж, 2018 оны УАШТ-ий медальтнууд тодорлоо. 

Эрэгтэйчүүдийн ангилалд “Шинэ Монгол” сургуулийн тамирчин, Олон улсын их мастер, Гавьяат тамирчин Дөлийн Эрдэнэбилэг боломжит 22 онооноос 19-ийг авсан амжилтаар тэргүүлэв. Тэрбээр 11 тоглохдоо 8 хожиж, 3 тэнцсэн бөгөөд тэмцээн өндөрлөхөөс нэг тойргийн өмнө аваргалах болзлоо хангасан юм. Энэ нь Д.Эрдэнэбилэгийн улсын аваргын 13 дахь түрүү ажээ. Мөнгөн медалийг “Алтан хүү” клубийн тамирчин, Олон улсын их мастер Равжирын Манлай, хүрэл медалийг “Хасу Мегастарс” клубийн тамирчин, Дэлхийн даамын холбооны мастер Цогтбаатарын Сүхбат нар тус тус хүртлээ. Тэд адилхан 15 оноо, 5 хожилтой гарсан ч нэмэлт үзүүлэлт буюу коэффициентийн давуугаар Р.Манлай өмнө нь бичигдсэн юм.

Харин эмэгтэйчүүдийн аварга өнөдөрийн сүүлийн өргийн дараа тодорлоо. 10-р тойргийн дараа М.Нямжаргал, Б.Нандинцэцэг, Г.Хэрлэнмөрөн, Б.Мөнхжин нар адилхан 13 оноотой байлаа. Шийдвэрлэх 11-р тойрогт ‘Хасу Мегастарс’ клубийн тамирчин, спортын мастер Б.Мөнхжин 2017 оны улсын аварга Е.Ариунзаяаг буулган авснаар 15 оноогоор тэргүүллээ. Тэрбээр 14 настайдаа насанд хүрэгчдийн улсын аварга цолыг анх удаагаа хүртэж, 2008 онд Б.Нандинцэцэгийн тогтоож байсан рекордыг давтсан юм. Түүний гол өрсөлдөгчид бүгд оноо хуваасан бөгөөд тэмцээний дотоод журам есоор цэвэр хожлын давуугаар Б.Нандинцэцэг мөнгө, Г.Хэрлэнмөрөн хүрэл медаль хүртлээ.

Тэмцээнийг Монголын даамын холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн А.Ундраа ивээн тэтгэсэн бөгөөд бүх оролцогчдод мөнгөн шагнал, тэр дундаа түрүүлсэн тамирчныг 1 сая төгрөгөөр байлсан байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж