Дэлхий дахин жил бүрийн зургадугаар сарын 26-ний өдрийг “Мансууруулах эм, сэтгэц, идэвхт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Найман жилийн өмнө Монгол Улс хар тамхи дамжин өнгөрүүлэгч орон байсан бол өнөөдөр мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэгчийн төвшинд үнэлэгдэх болжээ. Үүний нэг шалтгаан нь Монгол Улсын 15 мянга орчим га талбайд есөн төрлийн мансууруулах бодис агуулсан ургамал их хэмжээгээр ургадагтай холбоотой аж. Эдгээрийг залуучууд түүж хэрэглэх, дамлан борлуулах тохиолдол элбэг гардаг байна.
Нийслэлийн эрүүл мэндийн газар, болон бусад холбогдох байгууллагуудтай хамтарч хийсэн 2010 оны судалгаанаас харахад архи, тамхины хэрэглээ өсвөр үеийнхний дунд өндөр байсан бөгөөд мансууруулах эм бодисыг тодорхой хэмжээгээр хэрэглэдэг гэж хариулжээ. Нийт судалгаанд хамрагдсан хүмүүсийн 44.6 хувь нь архи, 40.3 хувь нь тамхи, 2.9 хувь нь бензин, 1,8 хувь нь каннабис, 0.9 хувь нь экстаси хэрэглэж үзсэн хэмээн хариулжээ.
Тэгвэл Цагдаагийн байгууллагаас гаргасан хамгийн сүүлийн үеийн мэдээллээр 2006-2016 онд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, улсын хил нэвтрүүлэх 588 гэмт хэрэгт 1566 хүн холбогдсон байна. Монгол Улсад мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэгчийн тоо жил ирэх тутам нэмэгдэж үүнийгээ дагаад хууль бус эргэлт, нийлүүлэлт өссөөр байгаа аж.
Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын төрөл зүйл олширч, гэмт хэргийн сүлжээнээс гэмт бүлэг, бүлэглэл үүсэх нөхцөл хэдийнэ бүрдсэн гэдгийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах зөвлөлөөс мэдээлсэн. Тэгвэл манай улсад хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл тогтмол хэрэглэдэг 60 орчим мянган иргэн бий гэх төрийн бус байгууллагын албан бус судалгаа байдаг юм байна.
Монгол Улс нь ОХУ, БНХАУ гэсэн хоёр том хөршийн дунд өргөн уудам газар нутгаар хиллэн оршдог. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр хар тамхины хууль бус нийлүүлэлт нь БНХАУ, ОХУ болон Зүүн хойд өмнөд Азийн орнууд гэсэн гурван урсгалаар орж ирдэг байна. Манай улсын хойд хөрш ОХУ-д опиум, амфетамины тархалт ихтэй, зургаан сая гаруй хэрэглэгчтэй бол өмнөд хөрш болох БНХАУ-д опиумын тархалт ихтэйгээс гадна 50 сая гаруй хэрэглэгчтэй аж.
Дорноговь аймгийн Замын-Үүдийн хилийн шалган нэвтрүүлэх боомтын рентген тоног төхөөрөмж нь хоцрогдсон байдлыг далимдуулж гэмт хэрэгтнүүд хар тамхийг ачаа, тээш бараа бүтээгдэхүүнд нууж хилээр нэвтрүүлэх оролдлого сүүлийн жилүүдэд ихэсчээ. Үүнийгээ дагаад хар тамхи мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлэх арга нь улам боловсронгуй болсон байна. Тухайлбал, даавуу цаасанд шингээх, цахилгаан бараа бусад эд хэрэгсэлд нууна. Хамгийн эмзэглэмээр зүйл нь гэмгүй нэгэнд дайдаг байна. Гадаадад гэмт хэрэгт холбогдон ял шийтгэл хүлээсэн олон иргэн байгаагийн 60 хувь нь хулгай, 36 хувь нь хар тамхины хэргээр ял эдэлдэг гэсэн судалгаа бий. Өөрөөр хэлбэл, гадаадад манай иргэдийн хамгийн их үйлддэг, холбогддог гэмт хэргийн нэг нь хар тамхи аж. Мансууруулах эм, сэтгэц, идэвхт бодисын эмчилгээний эдгэрэлт нь ойролцоогоор таван жил шаардагддаг гэнэ. Дэлхий дээр нэг минут тутамд хар тамхи мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсний улмаас нэг хүн амь насаа алддаг гэсэн судалгаа байна.
Э.Бурам