
Өнөөдөр манай улсын эрүүл мэндийн салбарт 36 мянган хүн ажиллаж байна. Тэдний дотор 6347 их эмч байгаа нь нийт салбарын ажиллагсадын ердөө л 20 хувь нь юм. Нэг талдаа энэ тоо чамлалттай мэт санагдавч 10 мянган хүн амд ногдох эмчийн тоогоороо өндөр хөгжилтэй орнуудаас аль хэдийн даваад явчихсан байх юм. Тухайлбал хөгжиж буй оронд 10 мянган хүнд 14 их эмч ногддог бол өндөр хөгжилтэй орнуудад 24 их эмч ногддог ажээ. Гэтэл манайд 28 эмч ногдож байна. Тэгвэл “Энэ олон эмч нар хаагуур, ямар юмаа хийгээд явна вэ?” гэж өнөөх хошин нэвтрүүлэгт гардаг шиг асуухаас өөр алга. Сураглавал тэдгээр эмч нарын ихэнх нь хот хүрээ газар бүгчихжээ гэвэл хэтрүүлэг болохгүй.
Хүн ам нягтаршил ихтэй хот суурин газруудад 10 мянган хүнд 44 их эмч ногдож байхад, алс хол, хөдөө орон нутагт 10 мянган хүнд ердөө л 17-хон их эмч ногдож байна. Уг нь энэ тоо урвуу хамааралтай байвал манай улсын эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн бодлого зөв зохистой баймаар санагдана. Өөрөөр хэлбэл эмчийн тоо цөөн байгаагаас биш энэ нөөцийг зөв хуваарилж чадахгүй байгаа учраас л асуудал үүсээд байна.
Өнөөдөр манайд эмнэлэгийн мэргэжилтэн бэлтгэдэг арав гаруй их дээд сургуулийг олон зуун оюутан төгсдөг боловч дийлэнх нь хот суурин газарт шигдэж үлддэг зуршил хэвээрээ л байна. Судалгаанаас үзэхэд нийт төгсөгчдийн 60-90 хувь нь ажилтай болдог ч их эмчийн мэргэжил эзэмшсэн залуучуудын 70 хүрэхгүй хувь нь ажил хийж байна. Гэтэл хөдөө орон нутагт хүүхдийн эмч, гэмтлийн эмч, эх баригч бага эмч, сувилахуйн мэргэжилтэн, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээний эмч, эмгэг судлал, шүүх эмнэлэгийн шинжээч гэх мэт эмнэлэгийн мэргэжилтнүүд дутагдсаар байгаа. Ялангуяа хөдөө гэлтгүй хот суурин газруудад ч хүүхдийн нарийн мэргэжлийн эмч ховорджээ. Орой үдэш болохоор халуурч бүлээрсэн хүүхдээ тэврээд наад захын эмнэлэг рүү харайлгахад анхны тусламж үзүүлж чаддаг эмч бараг алга гэвэл хилсдэхгүй. Энэ нь эмч нар хэт нарийн мэргэжил эзэмших нь нэмэгдсэнээс ерөнхий мэргэжлийн эмч нарын эзлэх хувь багасч, анхан шатны тусламж үзүүлдэг эмнэлэгүүдэд эмчийн хомсдол үүсч байгаатай холбоотой. Энэ бүхний учрыг олохоор ЭМЯ-ыхан анагаах ухааны боловсрол олгодог сургуулиудын эрдэмтэн мэргэдтэй хамтран судлаад “Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг 2009-2015 онд хөгжүүлэх” бодлогыг боловсруулжээ. Үүний гол агуулга нь хөдөө орон нутгийг ерөнхий болон нарийн мэргэжлийн эмчээр хангах, хот суурин газруудад шаардлагатай байгаа хүүхдийн болон бусад нарийн мэргэжлийн эмч нарыг бэлтгэх, үүний тулд тэдний нийгмийн баталгааг дээшлүүлэх нь чухал байна гэж үзжээ. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Ерөнхий сайдаар ахлуулсан “Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн асуудлаарх салбар хоорондын үйл ажиллагааг зохицуулахзөвлөл”-ийг байгуулаад нэлээд хугацаа өнгөрлөө. ДЭМБ, АХБ-аас ч чамгүй туслалцаа дэмжлэг үзүүлж байгаа сонсогдоно. Сардаа нэг сая төгрөгийн цалинтай эмч нарыг 6 сарын хугацаатайгаар хөдөө орон нутагт ажиллуулсан. Тэд нараас нэг нь ч цаашид хөдөө ажиллана гэж ам ангайсангүй. Харин ч “Хөдөө ажиллаж байгаа эмч нарын дадлага туршлага үнэхээр сайн юм байна, харин мэдлэг боловсрол нь л хоцрогдчихжээ. Тэдэнд орчин цагийн мэдлэг боловсрол, техник тоног төхөөрөмж шаардлагатай гээд уг нь хөдөө тэнд ажилламаар л байна, даанч хоцрогдоно гэхээс айгаад байна” гэсэн санааг цухуйлгаж байв.
Ингээд үзвэл өндөр мэдлэг боловсролтой эмч нар хөдөө ажиллах хүсэлгүйдээ хот суурин газарт шигдээд байгаа биш бололтой. Зөвхөн нийгмийн асуудлыг зохицуулснаар үүнийг шийдвэрлэхгүй нь тодорхой боллоо.
Одоо асуудлыг өөр өнцөгөөс харж, шинэ гарц хайхгүй бол болохгүй нь ээ. Эсвэл өнөөх бодлогын баримт бичгийнхээ хэрэгжилтийг түргэсгэж, үр дүнг тооцох хугацааг наашлуулах хэрэгтэй болох нь ээ.
Ганцхан төрөх эмнэлэг барих гэж дээр доороо орж байгаа энэ төр, засаг хотоор нэг тэнүүчилж яваа диплом өвөртөлсөн эмч нарыг зэврэхээс нь өмнө ашиглаж эрдэм чадлыг үзэж чадна гэхэд эргэлзээтэй.
Г.ЭНХБААТАР