"Хүү чинь өнгөрсөн гэдэг үгэнд одоо ч итгэж чадахгүй нь"

Хуучирсан мэдээ: 2018.06.26-нд нийтлэгдсэн

"Хүү чинь өнгөрсөн гэдэг үгэнд одоо ч итгэж чадахгүй нь"

"Хүү чинь өнгөрсөн гэдэг үгэнд одоо ч итгэж чадахгүй нь"

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн долдугаар хороонд байрлалтай эмийн сангийн орчим есөн настай хүү тоглож байгаад харамсалтайгаар амиа алдсан хэрэг өчигдөр 20.00 цагийн орчимд /2018.06.25/ гарсан юм. Тодруулбал, тус хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дэлгэр төв’-ийн хажууд тоглож явсан есөн настай хүү “Эко шинэс” эмийн сангийн хаалганы төмрөөс барьснаас, тогонд цохиулан амиа алджээ.  Биднийг хэргийн газарт очиход эмийн сангийн гадаа иргэд ирсэн байв. Оршин суугчдын мэдээлснээр тус эмийн сан нь арваад хоногийн өмнөөс үйл ажиллагаагаа эхлүүлсэн аж. Урьд нь тэнд ПС тоглоомын газар байсан гэх  бөгөөд хэд хоногийн өмнөөс цахилгааны утас ил гарснаас гаднах төмөр хаалганд цахилгаан цэнэг үүссэн байсан гэнэ.

Хүүгийн гэр эмийн сангаас холгүйхэн байжээ. Ингээд ар гэрийнхэнтэй нь уулзаж болсон хэрэг явдлын талаар ярилцлаа.


Цагдаагийн байгууллага үнэн зөвөөр шалгах байх

Хүүгийн аав Б.Бямбадорж

Талийгаач хүүгийн аавыг Б.Бямбадорж гэдэг. Тэрбээр нүднээсээ урсах нулимсаа барьж ядан зогсох нь сэтгэл эмтэрмээр. Талийгаач түүний  хэнз хүү байжээ. “Миний хүү найзуудтайгаа “матар барина” гэдэг тоглоом тоглож байсан юм билээ. Тэгээд найзуудаасаа зугтаахаар шат руу гүйхдээ эмийн сангийн төмөр хаалгыг хоёр гараараа барьж. Тэрнээс болоод тогонд цохиулсан байх. Өтөлсөн хойноо заяасан ганц хүүгээ харамсалтайгаар алдчихлаа. Үнэхээр хэцүү байна. Хүүхдийн буруу гэж юу байх вэ. Эмийн сангийн буруу байдаг юм болов уу. Хүмүүсийн хэлснээр хэд хоногийн өмнө эмийн сангийн хаалга цахилгаан цэнэг үүссэн байсан гэж байна лээ. Гэтэл хариуцсан хүмүүс нь яагаад мэдээгүй юм бол.  Хэргийн газар би өөрөө очиж шалгахад эмийн сангийн дээд талын хананд байсан гэрлийн утас шалбарч, масс үүссэн юм болов уу гэсэн бодол төрсөн Тиймээс цагдаагийн байгууллага үнэн зөвөөр шалгах байх гэж найдаж байна. Одоог хүртэл хүүгийнхээ цогцсыг хараагүй байна. Хүү минь ирэх жил дөрөвдүгээр ангид орох байсан юм” хэмээн хоолой зангируулан ярилаа.

‘Намайг очиход хүүгийн минь гар нь бүлээн, гүрээнийх нь судас цохилж байсан’

Хүүгийн ээж Ч. Мөнхсайхан

Хүүгийн ээж Ч. Мөнхсайхан гомдол харуусал дүүрэн ийн хэллээ. Тэрбээр нүдээ бүлцийтлээ уйлж, энэ гашуун үнэнтэй одоог хүртэл эвлэрч чадахгүй байгаа бололтой.

-Танай гэр бүлд  гүн эмгэнэл илэрхийлье. Юу гэж асуухаа ч үнэндээ мэдэхгүй байна. Яагаад ийм харамсмаар хэрэг гарчихав даа?

-Өчигдөр хүү минь тоглохоор гарсан юм. Араас нь би  ‘Хоолоо идээрэй’ гээд дуудахын завдалгүй ийм юм болчихсон. Намайг гүйгээд очиход хүүгийн минь гар нь бүлээн, гүрээнийх нь судас цохилж байсан. Тэгэхэд би ‘Хүү минь амьд байна’ гэж хашхирсан. Гэтэл түргэний эмч “Эгч ээ танай хүү өнгөрчихжээ. Та гараа ав аа, ойртож болохгүй” гэж хэлсэн. Түүний үг миний зүрхийг сийчих шиг болсон. Хүүхдүүдийн хэлснээр хүү минь тогтой хаалганаас бариад яах ийхийн зуургүй хойшоо саваад унасан гэсэн Үнэхээр, үнэхээр хэлэх үг алга.

– Бусдын аюулгүй ажиллагаа хангаагүйгээс болоод  ийм эмгэнэлтэй хэрэг гарчээ. Танд үнэхээр хэцүү байгааг сэтгэл зүрхээрээ мэдэрч байна?

-Хүний аминд хүрчхээд байхад албаны хүмүүс одоо хүртэл чимээгүй л байна. Цагдаа нар өчигдөр хэргийн газар ирээд шинжлээд явсан. Хүү дээрээ очиход нүд нь хараатай байсан юм. Эмчийн хүү чинь өнгөрчихлөө гэсэн үгэнд одоо ч би итгэж чадахгүй нь. Хүү минь ухаан алдчихсан байна гэж бодсон. Миний хувьд маш их гомдолтой байна. Урьд өмнө нь хаалганд цэнэг үүссэн байсныг энэ хавийн олон хүмүүс гэрчилж байгаа. Өчнөөн хүн холхидог, хүүхдүүд тоглодог газар  яагаад олон хоног тогтой байлгав. Яагаад ил гарсан утсаа янзалж болоогүй юм бэ гээд олон асуулт байна. Хүүхдүүд энэ, тэрүүгээр тоглоод гүйж байхад шалбарсан цахилгаан утсаа янзалсан бол миний хүү амьд байх байсан юм.  Би өөрөө олон нийтийн цагдаагийн эргүүлээр ажилладаг. Хариуцлага гээч зүйл хаана байна вэ. Цаашид хүний амь дахин эндэхийг үгүйсгэхгүй. Энэ харамсалтай явдал зөвхөн манай гэр бүл, миний бяцхан үрээр төгсгөл болоосой гэж бодож байна’ гэв. Үрээ алдсан ээжийн гомдол, эх сэтгэлийг юугаар ч нөхөж аргагүй юм даа.

Хүүгийн ах Б.Мандалсайхан “Үнэхээр гомдолтой байна. Дүүгээ нас барна гэж бодож байсангүй. Миний дүү бусдын адил хүүхэд байсан. Дүүдээ анхаарал халамж тавьж чадаагүйдээ харамсаж байна. Энэ хэрэг цагдаа, шүүхээр шийдэгдэх байх. Өчигдөр би дүүдээ цалин буухаар дугуй авч өгнө гээд ярьж байсан юм. Цаашид хаана хандах аа ч мэдэхгүй байна’ хэмээн уйлж сууна.

Цахилгааны масстай байна гэсэн

“Дэлгэр төв”-ийн зохицуулагч Т.Норов “Сая цагдаагийнхан ирээд явлаа. Цахилгааны масстай байна гэж хэлсэн. Ил гарсан утас байхгүй. Би эндхийн эзэн нь биш, хариуцдаг хүн нь байгаа юм.  Юунаас болсон эсэхийг нь мэдэхгүй байна. Дөнгөж сая л ажилдаа ирж байна. Бид нар орж гараад байнга л байдаг. Гэхдээ цахилгааны утсыг мэдсэнгүй. Эмийн сан нүүж ороод жил болж байгаа. Ар гэрийнхэнтэй нь хараахан уулзаагүй байна” гэлээ.

Төмөр хаалгыг барьсны улмаас хүү тогонд цохиулж амиа алдлаа

ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Цэнгэлбаяраас зарим зүйлийг тодруулаа.

-Өчигдөр болсон харамсалтай хэргийн талаар тодруулах гэсэн юм. Хэргийн талаар цагдаагийн байгууллага ямар мэдээлэлтэй байна вэ?

-2018 оны зургадугаар сарын 25-ны өдрийн 20 цагийн орчимд хүүхэд тогонд цохиулж нас барлаа гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн газар ирсэн. Үүний дагуу Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хэргийн газар үзлэг хийсэн. Үзлэг хийхэд 11-р хорооллын “Эко шинэс” эмийн сангийн гадаа есөн настай хүү тогонд цохиулж нас барсан байсан. Цагдаагийн байгууллагаас хүүгийн үхлийн шалтгаан болон хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны журам зөрчигдсөн эсэхийг тогтоохоор  ажиллаж байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд, Мэргэжлийн хяналтын байгууллагаар дүгнэлт гаргуулахаар шинжээч томилох болон бусад ажлыг хийж байна.

 -Хэргийн урьдчилсан дүгнэлт гарсан уу?

-Урьдчилсан байдлаар гэмт хэрэг гарахад аж ахуйн нэгж байгууллага гадаад болон дотоод орчинд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангаагүй гэсэн дүгнэлт гарсан.

-Хаалга тогтой байсан гэсэн үг үү?

-Урьдчилсан дүгнэлтээр эмийн сангийн гаднах төмөр хаалгыг барьсны улмаас тогонд цохиулсан гэсэн дүгнэлт гарсан. Гэхдээ мөрдөн шалгах хүрээнд цахилгаан хаанаас үүссэн болохыг тогтооно.

Ийнхүү тоглохоор гарсан хүү дахиад л гэртээ ирсэнгүй. Дахиад л нэгэн айл хагацал өнчрөл дунд нулимстай үлдэж байна. Одоогоор шинжээчдийн дүгнэлт гараагүй байгаа гэдгийг албаны эх сурвалжууд хэлж байна.

Мөн цагдаагийн байгууллагаас иргэн аж, ахуй нэгж байгууллагад хандаж аливаа эрсдэл, ялангуяа хүүхдийн аюулгүй байдлыг хангах талаар хамтран ажиллахыг уриаллаа. Энэ хэрэг явдал эмийн санг торгох төдийгөөр битгий дуусаасай. Энэ нийгэм ээж, хүү хоёр, аав хүү хоёр ахиад битгий хагацаасай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж