Олон улсын морин хуурчдын наадам болно

Хуучирсан мэдээ: 2018.06.26-нд нийтлэгдсэн

Олон улсын морин хуурчдын наадам болно

Олон улсын морин хуурчдын наадам болно

   Хоёр жил тутамд зохион байгуулагддаг Морин хуурийн олон улсын 6-р наадам Улаанбаатар хотод зохион байгуулагдахтай холбоотойгоор өнөөдөр /2018.06.26/ тус наадмыг зохион байгуулах ажлын хэсгээс мэдээлэл хийлээ. Энэхүү наадмыг Дэлхийн морин хуурын холбоо болон Нийслэлийн соёл урлагийн газар хамтран 2018 оны зургаадугаар сарын 30-аас долдугаар сарын 5-ны хооронд зохион байгуулна. Энэ жилийн наадамд морин хуур хөгжмөөр тоглогчид болон хөгжмийн зэмсгийг бүтээгчдийн дунд уралдаан зохион байгуулж байгаараа онцлог юм.

Морин хуур хөгжмөөр дамжуулан нүүдэлчдийн соёлыг дэлхий дахинд таниулан сурталчлах, морин хуурын ая эгшгийг түгээн дэлгэрүүлэх, морин хуурч сонирхогч гадаад, дотоодын судлаачдын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой аж. Тус наадамд АНУ, Бельги, БНХАУ, ОХУ, Япон зэрэг орны 30 гаруй морин хуурч, Монголоос 100 гаруй уран бүтээлчид оролцохоор болсон байна.

Дашрамд дуулгахад тус наадам 2008 оноос хойш хоёр жил тутам зохион байгуулагддаг бөгөөд энэ жилийн хувьд морин хуур урлаачдын дунд морин хуурыг урлах хэлбэр дүрсийг нэг стандарт оруулах тал дээр анхаарах юм.

Морин хуур олон улсын наадмын ерөнхий зохион байгуулагч Ж. Уугантуяагаас дараах тодруулгыг хийлээ. 

-Морин хуурчдын дунд наадам болохын зэрэгцээ уралдаан болох юм байна. Уралдааны талаар мэдээлэл өгөөч?

-Хоёр уралдаан болно. Нэг нь сонирхогчдын дунд, нөгөө нь мэргэжлийн морин хуур урлаачдын дунд болох юм. Сонирхогчдын уралдаан нь мэргэжлийн бус хүмүүс морин хуур тоглож өрсөлдөх юм. Энэ уралдаан олон улсын дунд болно. 2014 онд болсон сонирхогчдын морин хуур тоглогчдын тэмцээнд Япон хүн түрүүлсэн. Сонирхогчдын дунд болж байгаа тэмцээний тоглох ёстой бүтээлд нь уртын дуу, татлага оруулж өгдөг. Яагаад гэвэл эдгээр нь орчин үеийн хэв шинжтэй болоод язгуур хөгжмийн шинжээ алдах эрсдэлтэй болоод байгаа. Урлаачдын хувьд бэлэг дурсгалын хуур урладаг хүмүүс оролцохгүй. Яг мэргэжлийн хуур урладаг хүмүүс дунд зохион байгуулагдана

-Монгол болон гадаадаас хэдэн хүмүүс оролцох бэ?

-Монголоос 20-иод хүнтэй үндэсний их театр оролцоно. Мөн Морин хуурын чуулга оролцоно. 10-аад хүний бүрэлдэхүүнтэй байгаа. Мөн жижиг хамтлагийн морин хуурчид нийлсэн 100-аад хүн оролцоно. Гадаад улсаас нийтдээ 30-аад хүн ирэх төлөвлөгөөтэй байгаа.

-Уралдааны шүүгч нар болон шагналын тухайд?

-Мэргэжлийн багш нар шүүнэ. Шагналын хувьд урлаачдын хувьд нэгдүгээр байр 2 сая төгрөгийн шагналтай. Сонирхогчдын уралдааны нэгдүгээр байр нэг сая төгрөгийн шагналтай байгаа. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж