УИХ-аас Оюутолгойн гэрээтэй холбоотой ажлын хэсэг байгуулж, шалгалт хийсэн. Уг ажлын хэсэг нийтдээ таван дэд ажлын хэсэгт хуваагдсан бөгөөд УИХ болон бусад мэргэжлийн байгууллагын төлөөлөл дэд хэсэгт багтжээ. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ахалсан юм. Ажлын хэсгийн зүгээс өнөөдөр /2018.06.26/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Гэвч ажлын хэсэг дүгнэлтээ эцэслэн гаргаагүй байгаа гэдгийг тодотгосон юм.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва:
-Ажлын хэсэг энэ сарын 23 хүртэл ажиллалаа. УИХ-ын даргын захирамжаар Оюутолгойн ажлын хэсгийн ахлагчийг сольж би ажлын хэсгийг ахалж ажилласан. Ажлын хэсэг 13 гишүүний бүрэлдэхүүнтэй, таван дэд ажлын хэсэгтэй ажилласан. Таван дэд ажлын хэсгийг таван яамны Төрийн нарийн бичгийн дарга нар ахалж ажилласан. Ажлын хэсгийн гишүүд Оюутолгойн удирдлагуудтай уулзаж, шаардлагатай материалыг гаргаж өгөх хүсэлт тавьсан. Ажлын хэсгийн хуралдаанаар ЗГХЭГ, Оюутолгой компанийн удирдлагаас Оюутолгой төсөлтэй холбоотой мэдээллийг сонссон. Ажлын хэсэг Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах юм. Дэд ажлын хэсгүүдээс 1500 гаруй судалгааны материал авсан. Эдгээр материалыг судалж нэгдсэн дүгнэлт гаргаж, УИХ-д өргөн мэдүүлнэ.
Ажлын хэсэг ойрын хугацаанд дүгнэлтээ гаргах ч гурван асуудал хүлээгдээд байна. Нэгд, АТГ-т шалгуулж байгаа хэргийн талаар материал авъя гэсэн боловч шалгалт хийж хараахан дуусаагүй байна гэсэн. Хоёрт, аудитаас хийсэн шалгалтын дүнтэй танилцах ёстой боловч шалгалт нь дуусаагүй байгаа. Гуравт, Засгийн газар шалгалт хийгээд шалгалтын материал бэлэн гэсэн. 10 хоногийн өмнө хүсэлтээ өгсөн. Одоогоор хараахан ирээгүй байна. Энэ гурван материалыг авч байж ажлын хэсэг дүгнэлтээ гаргана гээд хүлээлттэй байна. Гурван сарын хугацаанд энэ том гэрээг шалгах амаргүй юм байна. Өнөөдөр би Эдийн засгийн байнгын хороон дээр чуулганыг энэ долоо хоногт завсарлуулахгүй, болж өгвөл ганц хоёр долоо хоног сунгах, эс бол ээлжит бус чуулган хуралдуулах санал тавьсан.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.
-Оюутолгойд цахилгаан станц барьж, өмнөд бүсийн эрчим хүчээр хангах ёстой ч өнөөдрийг хүртэл тодорхой шийдэлгүй байна. Ажлын хэсэг энэ тал дээр ямар байр суурь барьж байгаа вэ?
-Хөрөнгө оруулалтын гэрээн дээр эрчим хүчний асуудлыг шийднэ гэж тусгасан хэрнээ 10 жил өнгөрч байхад эрчим хүчний байршлыг ч тодорхойлж чадахгүй байна. УИХ-ын ажлын хэсэг бүх матариалтай танилцсан. Цөөхөн хэдхэн материал үлдсэн. Төрийн байгууллагууд янз бүрийн дүгнэлт гаргаад байхаас илүү УИХ-аас байгуулсан ажлын хэсэг зангидаж эцсийн дүгнэлт гаргадаг учраас нөгөө байгууллагуудынхаа шалгалтын дүнг харах хэрэгтэй гэж үзэж байгаа, цөөхөн хэдэн материалыг хүлээж байна. Ажлын хэсгийн тухайд ойрын хугацаанд дүгнэлтээ гаргана.
-Татварын акт дээр 155 сая ам.долларын маргаан үүсээд байгаа. Ажлын хэсэг татварын асуудлаар мэдээлэл авсан уу?
-Ажлын хэсгийн шалгалтаар татварын зөрчилтэй гарсан. 155 сая ам.долларын татварын акт тавьсан. Энэ байтугай дүн байгаа учраас нийт дүнгээ гаргаж байгаад эцсийн дүгнэлтээ хэлсэн нь зөв байх. Ямар ч байсан Оюутолгой татвараа төлөх ёстой гэсэн дүгнэлт гарах байх.
-Ажлын хэсгийнхэн газар дээр нь очиж танилцсан. Ханбогд суманд шинэ бүтээн байгуулалт хийсэн үү. Монголын баялгийг ашиглаж байгаа хэрнээ нэг ч бүтээн байгуулалт хийгээгүй гэсэн шүүмжлэл байдаг шүү дээ?
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
– Оюутолгойд 14 мянган хүн ажиллаж байгаа гэсэн хэрнээ үндсэн ажилтан, гэрээт ажилтан гэдэг нь ч тодорхойгүй байна. Мөн цалингийн хувьд ч маш их зөрүүтэй байгаа. Цалингийн мэдээлэл нууцлалын зэрэгтэй байдаг учраас мэдээлэл өгөөгүй. Ажлын хэсгийн ахлагч энэ талаарх мэдээллийг ажлын хэсэгт өгөх шаардлагатай гэдгийг хэлсэн. Үндсэн ажилтан нь хэд вэ гэдгээ тодорхой болгох хэрэгтэй. Мөн 10 жил болж байхад ажилчид нь гэрт амьдарч байна. Арваннэгдүгээр сараас гэрт амьдруулахгүй гэдгийг компанийн зүгээс хэлсэн. Хоёр орон сууц барьж байгаа юм байна лээ. Анхны гэрээн дээрээ л эрчим хүчээр 100 хувь дотоодоосоо хангана гэж тусгасан хэрнээ одоо болтол хаана барихаа ч шийдэж чадаагүй байна. Манай улс өөрөө нэгдсэн бодлого байхгүйгээс ийм байдалд хүргэж байна.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:
-Тийм том бүтээн байгуулалт хэрнээ яагаад одоо хүртэл цахилгаан станц барихгүй байна вэ. Манай нөхдүүдийн хариуцлагын асуудал байна. Өмнийн говийн зөвлөлийг Засгийн газар байгуулсан. Засгийн газар зөвлөлөө ерөөсөө ажилуулж, шахаж шаардахгүй байна. Өмнийн говийг хөгжүүлэх бүхэл бүтэн зөвлөлийг ажилуулж чадахгүй байна.
-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төслийг Загсийн газраас өргөн барьсан. Тус хуулийг Оюутолгойд зориулсан гэсэн шүүмжлэл ч байна. Энэ хуулийн төслийн талаар та бүхэнд ямар мэдээлэл байна вэ?
-2006-2015 он хүртэл судалгаа хийхэд цагаан сар, шинэ жил, наадмын өмнө 200-гаад хуульд өөрчлөлт оруулсан. Ашиг сонирхолын зөрчилтэй. Оюутолгойн гэрээг л гэхэд 2009 оны долдугаар сарын 16-нд батлаж байсан. Гэх мэт татварын хууль, ашигт малтмалтай холбоотой хуулийг чуулган завсарлахын өмнө баталж байна. Өчигдөр бүлгийн хурал дээр томоохон аж ахуйн нэгжүүдээс авдаг 20 хувийн татварыг хэвээр нь үлдэж байгаа гэсэн. Ийм чухал хуулиудыг энэ удаагийн чуулганаар яаралтай хэлэлцэж болохгүй гэж бодож байгаа.
-Ажлын хэсгийн шалгалтын үеэр хөрөнгө оруулагч тал ямар байр суурь илэрхийлж байсан бэ?
-Шинэ ирсэн удирдлагатай их сайн ярилцсан. Шинэ захирал нь цахилгаан станцыг хамгийн түрүүнд хийх ёстой ажил гэж бидний саналыг хүлээж авсан. Дэлхийн хамгийн том нүүрсний орд нь өмнийн говийн нутагт нь байна. Цахилгааны хамгийн чухал хэрэглэгч нь Оюутолгой байна. Та нар яагаад цахилгаан станцаа барихгүй байгаа юм бэ гэхэд тэд барих сонирхолтой хөрөнгөө босгосон гэж ярьж байна лээ. Засгийн газар хаана барих вэ гэдгээ яаралтай шийдэх хэрэгтэй. Гаднаас өндөр үнэтэй эрчим хүч авмааргүй байна гэдгээ хэлсэн.
-ТУЗ-ийн гишүүдийн асуудлыг ярих уу. Нэг гишүүн нь чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн ч одоо болтол шийдээгүй байна?
-УЗ-ийн гишүүдийн талаар ажлын хэсэгт маш их асуулт ирж байгаа. Ямар хэмжээний цалин авдаг, Монголын талд ашигтай ямар ажил хийдэг байсан бэ гэдгийг судалж байгаа. Засгийн газарт бүхэл бүтэн аппарат ажиллаж байгаа учраас бид эндээс чиглэл өгөөд байх шаардлагагүй. Ажлын хэсгээс томоохон санал дүгнэлт, чиглэл гаргана. Эдийн засгийн байнгын хороо, УИХ-аар хэлэлцэх байх.
Ш.ЧИМЭГ