"Шүүхийн ялзралын эсрэг би хууль санаачилсан"

Хуучирсан мэдээ: 2018.06.26-нд нийтлэгдсэн

"Шүүхийн ялзралын эсрэг би хууль санаачилсан"

"Шүүхийн ялзралын эсрэг би хууль санаачилсан"

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хуулийн төслийн үзэл баримтлалыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулав. Тэрбээр “Засгийн газраас Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах товчхон хуулийн төслийг оруулж ирсэн. Сүүлийн үед энэ талаар янз бүрийн яриа гарч байгаа. Үндсэн хоёр гол зүйл заалтыг танилцуулъя. Нэгдүгээрт, тус төслийн зорилго нь Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх. 2005 онд хуучин Захиргааны шүүхийн хуульд маргаан гарахад Цэцийн дүгнэлт гарсан байдаг. Тус дүгнэлтэд Захиргааны шүүх Засгийн газрын шийдвэрийг хянахгүй, энэ нь Үндсэн хуулийн зөрчил гэдэг дүгнэлт гарсан. Мөн онд Захиргааны ерөнхий хуулийг өргөн мэдүүлж батлуулахдаа Үндсэн хуулийн Цэцийн гаргасан шийдвэр, Үндсэн хуулийн заалтыг авч хэрэгжүүлэхгүйгээр бүдүүн заалтын томъёолол оруулчихсан. Энэ нь амьдрал дээр Захиргааны шүүхийн шийдвэрийн үйл ажиллагаа Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлттэй зөрчсөн нөхцөл байдал үүссэн учраас Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан.

Хоёрдугаарт, УИХ ‘Эрдэнэт’-ийн 49 хувийн талаар тодорхой шийдвэр гаргасан. Энэ дагуу Засгийн газарт тодорхой чиглэл өгсөн. УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу Засгийн газар тогтоол гаргасан. Гэтэл энэхүү шийдвэрийг шүүх дээр удаа дараа унагаах үйл ажиллагаа хийгдэж байгаа. Энэ ойлгомжгүй байдлыг таслан зогсоохын тулд хуулийн төслийг оруулж ирсэн. Хэлэлцэж өгөхийг та бүхнээс хүсч байна. Хэлэлцүүлгийн явцад гишүүдээс ажил хэрэгч санал санаачилга гарвал хамтарч ажиллахад бэлэн байна. Харамсалтай нь, өнгөрсөн өдрүүдэд захиалгат улс төрийн үйл ажиллагаа хэрээс хэтэрлээ. Захиалагч нар нь ч ойлгомжтой болж байгаа. Нуугдаж байсан зүйл нь ил гарч ирлээ. Тэд бодит байдалд хуулийн төслийг эсэргүүцэж байгаа атлаа цаана нь тодорхой эрх ашгийн төлөө явж нөхдийн төлөөлөл нь гарч ирж байгаад би олзуурхаж байгаа гэдгээ шуудхан хэльчихье. Цаашид аливаа асуудалд Засгийн газар шийдвэр гаргах гэхээр замаас нь шүүх устгаад байх юм бол энэ улсын ажил урагш явахгүй.

УИХ-ын гишүүн Л.Болд:

-‘Эрдэнэт’ үйлдвэрийн 49 хувиас гадна өөр ямар ямар Засгийн газрын шийдвэрүүд Захиргааны хэргийн шүүхэд очоод хүчингүй болсон бэ. Энэ хуулийг батлахгүй бол ‘Эрдэнэт’-ийн 49 хувьд гаргасан Засгийн газрын шийдвэр хүчингүй болох уу.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:

-Би шууд хэлье. Захиргааны шүүх УИХ-аас Засгийн газраас гаргасан шийдвэрийг олон удаа замаас нь хэрчин тасдах ажиллагаа явагдаж учраас энэ хуулийг санаачилсан. Би Захиргааны шүүхийн бүх шүүгчийг хэлээгүй. Үүн дотор цөөнх илэрхий эрх ашиг боддог хүмүүс байна.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

-Сүүлийн үед болж буй үйл явцыг хараад Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байна. Энэ  хуулийг эрх ашгийн зөрчилтэй оруулж ирлээ гэж Ц.Нямдорж сайдыг АТГ-т хүртэл өгсөн гэж сонслоо. Асуудалд ийм байдлаар хандах юм бол балмад асуудал болно. Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачлан оруулж ирсэн.

УИХ-ын Ж.Батзандан:

-Энэ хуулийн төслийг оруулж ирсэн хувилбараар нь дэмжих боломжгүй. Олон улсын жишгээ ч бид харах хэрэгтэй. Аль ч орон улс орны аюулгүй байдал, гадаад худалдаа, цөмийн энерги зэрэг асуудал нь Захиргааны хэргээс гадна байдаг. Манайд бол “Эрдэнэт” стратегийн ордод ордог. Гэтэл хуулиар “Эрдэнэт”-тэй холбоотой асуудлыг шууд шийддэг болгохоор Засгийн газар оруулж ирлээ. Захиргааны хэрэг дээр энэ асуудал унаад байгаа нь авлигад идэгдсэн хэдхэн шүүгчтэй холбоотой. Үүнд, хязгаар тавихын тулд Захиргааны ерөнхий хуульд өөрчлөл оруулах гэж байгаа нь буруу. Би салбарын сайдынх нь санааг ойлгож байна. Бид Захиргааны хэргийн шүүхийг татан буулгах хэмжээнд асуудлыг ярьж болохгүй. Гол нь улс төрийн шийдвэр гэдэг асуудлаа татаж авах ёстой. Хуулийг хэлэлцэхийг дэмжиж байгаа ч Засгийн газар “Улс төрийн шийдвэр” гэдэг тодотголоо эргэж харах хэрэгтэй.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:

 -Гишүүдийн саналыг тусгаад, хэлэлцүүлгийн явцад хуулийн төслийг жаахан хумьж өгөх тал дээр би хамтран ажиллахад бэлэн байна. Асуудлын гол нь, Захиргааны хэргийн шүүх дээр “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг удахгүй хэлэлцэх гэж байгаа. Үүнтэй холбоотой намайг АН-аас АТГ-д шалгуулахаар өгөөд байгаа. Хуулийн төсөлд нөлөөлөхөөр янз бүрийн зорилтот ажлууд өрнөж байгаа. Тиймээс би өнөөдөр асуудлыг ил гаргаж ярьж байна. Захиргааны хэргийн шүүх дээр ийм өөрчлөлт хийж байж, “Эрдэнэт”-ийн асуудлыг шийдэхээс өөр аргагүй байна. Захиргааны хэргийн шүүх дээр очихоор авлига авсан шүүгчид нь асуудлыг унагачихаад байна. Энэ ялзралын эсрэг би хуулийн төслийг санаачилсан. Намайг өмнө нь Хуульзүйн асуудлыг эрхэлсэн сайд байхад арай ийм байгаагүй юм.

Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд:

-Энэ хуулийн төсөл яг энэ чигээрээ батлагдах юм бол шүүхийн байгууллага нурна. Байнгын хороо хуульчидтай уулзсан. Ц.Нямдорж сайдтай ч ярилцсан. Энэ асуудал дээр ойлголцолд хүрнэ гэж харсан. Ер нь шүүхийн байгууллага ялзарч гүйцсэн нь үнэн. АТГ одоо үүдэндээ хэвлэлийн хурал хийдэг индэртэй болох хэрэгтэй. Гол нь энэ хуульд өөрчлөлт оруулснаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг зогсоож чадах юм уу. Захиргааны хэргийн шүүх дээр агентлагийн дарга, аймгийн Засаг дарга, сайдын шийдвэрийг авч хэлэлцэхгүй болж, ард түмэн хохирвол хэн тэдний гомдолыг барагдуулах вэ. Ганц нэг шүүгчдээс айгаад шүүхийнхээ тогтолцоог нураах гэж байгаа нь эмгэнэл.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:

“Эрдэнэт” үйлдвэр дээр гаргасан УИХ, Засгийн газраас гаргасан шийдвэрийг агентлагууд биелүүлэхээр шүүх дээр очиж унаад байна. Ингэж шүүх дээр төрийн шийдвэрийг хэрчээд байгаа учраас хуульд нь ингэж өөрчлөлт оруулах саналыг гаргаж байгаа юм’ гэв. 

Ингээд гишүүд үг хэлж, асуулт асуусны дараа тус хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураахад байнгын хорооны гишүүдийн олонх дэмжлээ. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж