Улсын бүртгэлийн тухай хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан, ажлын хэсэгт багтаж ажилласан УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатартай ярилцлаа.
-Улсын бүртгэлийн багц хуулиуд батлагдаад 4 жил ч болоогүй байхад дахин шинэчлэн баталлаа. Ийнхүү богино хугацаанд хууль өөрчлөх болсон шалтгаан юу вэ?
-Төрөөс иргэдэд үзүүлж байгаа нийт үйлчилгээний 70 орчим хувь нь улсын бүртгэлийн үйлчилгээ байдаг. Тэгэхээр Улсын бүртгэлийн хууль тогтоомжийг ойрхон хөндөх нь нэг талаас, хуулийн хэрэгжилтэд сөрөг боловч, орсон өөрчлөлтийн агуулга нь нийгэмд, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд эерэг үр нөлөө үзүүлнэ.
Эдгээр хууль батлагдсаны гол ач холбогдлыг ерөнхий агуулгаар нь хэлбэл,
Нэгд, улсын бүртгэлийн үйл ажиллагааг иргэн, хуулийн этгээдийн хувьд төдийгүй бүртгэлийн байгууллагын хувьд хөнгөвчилж байгаа.
Хоёрт, төрийн бусад үйлчилгээ үзүүлэхэд ч улсын бүртгэлийн мэдээллийг иргэнээс аль болох шаардахгүй байх боломжийг бүрдүүлэхийг зорьсон.
Гуравт, төрийн мэдээллийн нэгдмэл байдлыг хангаж, төрийн байгууллагууд мэдээлэл харилцан солилцох боломж, хурдыг нэмэгдүүлснээр төрийн байгууллагын үйл ажиллагаанд бүхэлдээ дэвшил гарна гэж үзэж байгаа.
Дөрөвт, бүртгэлийг цахим хэлбэрээр хийх эрх зүйн үндсийг тогтоож өгсөн.
-Ер нь улсын бүртгэл хийх нь ямар ач холбогдолтой юм бэ. Улсын бүртгэлийг багасгах, илүү хялбаршуулах шаардлагатай санагддаг?
-Улсын бүртгэл гэдэгт иргэний, хуулийн этгээдийн, эд хөрөнгийн эрхийн 3 бүртгэл ордог. эдгээр нь төрийн суурь бүртгэл болдог. Өөрөөр хэлбэл, энэ 3 төрлийн бүртгэлд үндэслэн төрийн төдийгүй хувийн хэвшлийн бүх үйл ажиллагаа явагддаг, татварын харилцаа, нийгмийн даатгал, халамж, цэргийн бүртгэлийн, хил, гаалийн, хөдөлмөрийн, түрээсийн, банк, санхүүгийн гэх мэт. Иймээс ч улсын бүртгэлийг улсын тусгаар тогтнолын баталгаа гэж үздэг.
Хялбарчлах зорилгоор улсын бүртгэлийг хасах юм уу, үндсэн суурь зарчмыг нь ч өөрчилж болохгүй. Гол нь бүртгэлийн процесс ямар байх, түүнийг хэрхэн хялбар, шуурхай болгох зэрэг асуудал л энд яригдана.
Мөн хөнгөвчилнө, шуурхай болгоно гээд бас улсын бүртгэлийн үндсэн зарчмыг алдагдуулж болохгүй. Улсын бүртгэл үнэн зөв байх ёстой, бүртгэл үнэн зөв байдлыг хангаж чадахуйц бүртгэлийн процесс байх ёстой.
-Бүртгэлүүдээс иргэний бүртгэл шуурхай болж чадсан уу. Шилжүүлэг хийлгэхийн тулд Улаанбаатар хотоос аймаг руу явах зэрэг ажил гардаг. Энэ бол наад захын жишээ?
-Иргэний 13 төрлийн бүртгэлээс 9 бүртгэлийг харьяалал харгалзахгүй бүртгэхээр тусгасан. Үүнээс өөрийн тань хэлсэнчлэн иргэний шилжүүлэг болон бусад 8 төрлийн бүртгэлийн үйлчилгээг зөвхөн өөрийн харьяалагдах засаг захиргааны нэгжээс биш өөрийн байгаа газрын бүртгэлийн байгууллагаас авах боломжтой болсон.
Мөн бүртгэлийн 6 төрлийн гэрчилгээ өгдөг байсныг 3 болгож багасгасан. Тухайлбал, гэрлэлт цуцалсны гэрчилгээ иргэнд өгөх шаардлагагүй, улсын бүртгэлд бүртгээд, иргэн шаардлагатай бол лавлагаа авах боломжтой гэж үзсэн.
Дараагийн нэг асуудал бол насанд хүрсэн иргэний энгийн гадаад паспортын хүчинтэй хугацааг 1 болон 5 жилээр олгож, паспортын хуудас нь ижил байхад хүчинтэй хугацаанаас шалтгаалан ялгаатай үнэ тогтоож, сунгалт хийж байсныг өөрчилж, 10 жилийн хугацаагаар, сунгалтгүй олгохоор болсон. Харин паспортын хуудасны тоог нэмэгдүүлэх, сонголттой байх ёстой бөгөөд үүнийг Засгийн газар паспортын загварыг батлахдаа анхаарах хэрэгтэй.
Иргэн өөрийн биеэр бүртгэлийн байгууллагад очиход нь ч бүртгэлийн байгууллага өөрт байгаа мэдээлэл буюу иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ гэх мэт баримт бичгийг шаарддаг байсныг иргэн өөрөө мөн гэдгийг хурууны хээгээр таних боломжтой тохиолдолд улсын бүртгэгч өөрт байгаа 9 төрлийн мэдээллийг шаардахгүй байхаар зохицуулсан. Энэ мэтчилэн иргэний бүртгэлийн төрөл бүрээр нарийвчлан яривал, иргэнд хялбар үйлчлэх төрлийн зохицуулалтууд туссан.
-Энэ хууль хэрэгжсэнээр өмнөх Засгийн газрын үед хийгдсэн хамгийн дэвшилттэй ажлын нэг гэж үзэж байсан ТҮЦ машинуудыг хураах боллоо. Яасан юм бол?
-Энэ талаар ярихын тулд, ТҮЦ машинаас өмнө юу болсон талаар товч мэдээлэл өгье. 2008-2012 онд буюу намайг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байх үед улсын бүртгэлийн шинэчлэл хийж, бүртгэлийн мэдээллийн цахим санг бүрдүүлсэн. Энэ нь ТҮЦ машин гэх мэт технологийн шийдлийг ашиглах боломжтой болсон юм.
ТҮЦ машин цахим үйлчилгээний нэг төрөл боловч төрийн үйлчилгээг хөнгөвчлөх, цахимжуулах асуудлыг бүрэн шийдэж чадахгүй. Учир нь ТҮЦ машинаас иргэн биечлэн очиж шаардлагатай мэдээлэл аваад, өөрийн үйлчилгээ авах газраа аваачиж өгнө, нөгөө мэдээллийн үнэн зөвд тухайлбал, хувийн байгууллагууд, банк итгэж, үйлчилгээндээ ашиглахгүй тохиолдол байна. Түүнчлэн ТҮЦ машинд байгаа мэдээллүүд уг мэдээллүүдийг оруулж байгаа байгууллага тус бүрийн мэдээллийн сантай байнга холбоотой байх, ТҮЦ машин бүрийн интернетийн сүлжээ, цахилгаан болон техникийн бүрэн бүтэн байдал зэргээс шалтгаалж байдаг. Өөрөөр хэлбэл, ТҮЦ машин бол завсрын шийдэл бөгөөд бидний үндсэн зорилгыг хангаж чадахгүй байгаа.
Иймд бид “Хур” төрийн мэдээллийн нэгдсэн сангийн системээс төрийн байгууллагууд болон иргэд ихээр үйлчлүүлдэг банк, үүрэн утасны оператор гэх мэт хувийн хэвшлийн компаниуд бүртгэлийн мэдээллийг хуульд заасан нөхцөлийн дагуу авах боломжийг бүрдүүлсэн учраас ТҮЦ машины хэрэгцээ байхгүй болсон.
-“Хур” системээр улсын бүртгэлийн мэдээллийг авах боломжтой болжээ. Ямар байгууллага, яаж энэ мэдээллийг авах юм?
-“Хур” бол төрийн цахим мэдээллийн нэгдсэн систем бөгөөд уг системд 40 гаруй байгууллага мэдээлэл оруулах ёстойгоос одоогийн байдлаар 27 байгууллага мэдээллээ байршуулсан. Улсын бүртгэлийн байгууллага нь энэ системийн нэг мэдээлэл нийлүүлэгч бөгөөд бүртгэлийн мэдээлэл мэдээллийн нэгдсэн системд байршсан.
Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нээлттэй, хаалттай, иргэн, хуулийн этгээдийн зөвшөөрлөөр авч болох, хязгаартайгаар нотариатчаар дамжуулан авч болох улсын бүртгэлийн мэдээллийн төрлийг нарийвчлан зааж өгсөн. Энэ хуулийн хүрээнд мэдээлэл “Хур” системд орсон байх ёстой.
Одоогийн байдлаар туршилтын журмаар зарим банк, үүрэн утасны операторууд “Хур” системд хандан бүртгэлийн мэдээлэл авч, үйлчилгээндээ ашиглаж байгаа. Цаашдаа улам өргөжүүлнэ.
-Хууль ирэх арваннэгдүгээр сарын 1-ээс хэрэгжинэ. Бүртгэлийн бүхий л үйлчилгээг цахимаар хийх боломж бүрдэж чадах болов уу?
-Бүртгэлийн цахим үйлчилгээг явуулах эрх зүйн үндсийг хуульд тусгасан. Одоо бүртгэлийн үндсэн үйл ажиллагаа цаасан суурьтай явагдаж байгаа. Хууль хүчин төгөлдөр болсноор улсын бүртгэлийг цаасан болон цахим хэлбэрээр хийнэ.
Гэхдээ цахим бүртгэлийн үйлчилгээг хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээний зохион байгуулалтын ажлууд болон хөрөнгө оруулалтын арга хэмжээ шаардлагатай байгаа.
Нэгдүгээрт, өмнө хийгдсэн улсын бүртгэлийн бүх мэдээллийг цахим хэлбэрт бүрэн оруулах шаардлагатай. Одоогийн байдлаар ойролцоогоор иргэний болон эд хөрөнгийнх 100 хувь, хуулийн этгээдийнх 66 хувийн мэдээлэл цахим хэлбэрт орсон.
Хоёрдугаарт, улсын бүртгэлийг анхан шатандаа Монгол Улсын бүх сумд, хороо, цаашлаад, аймаг, нийслэл, дүүрэг болон Ерөнхий газартаа хийдэг. Тэгэхээр улсын бүртгэл хийгдэж байгаа нэгж бүр интернетэд холбогдсон байх шаардлагатай. Одоогийн байдлаар 330 сумаас 28 сум өндөр хурдны шилэн кабельд холбогдоогүй бөгөөд энэ жилдээ 4-5 сум шинээр холбоно.
Гуравдугаарт, интернетэд холбогдсон бүртгэлийн нэгжүүд нь улсын бүртгэлийн мэдээллийн системд нэвтрэх техникийн нөхцөлийг хангах ёстой.
Энэ 3 нөхцөл бүртгэлийн нэгж бүрд хангагдсанаар хуульд заасан хүрээнд цахим бүртгэл хийх асуудал бүрэн утгаар хэрэгжих боломжтой болно.
Иймд төрийн мэдээлэл солилцох, түүний аюулгүй байдлыг хангах, өгөгдөл хамгаалах, цахим засгийг бэхжүүлэхтэй холбогдсон эрх зүйн орчныг боловсронгуй асуудлыг судлан, шийдвэрлүүлэх чиглэлийг Засгийн газарт өгсөн.
– Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн талаар ямар дэвшилтэт асуудал хуульд тусгагдсан бэ?
– Бүртгэлийн үйлчилгээг хөнгөвчлөх асуудал тусгагдсан. Тухайлбал, улсын бүртгэлийн байгууллага газрын харилцааны байгууллагатай дундын мэдээллийн сан үүсгэх замаар хоорондоо мэдээлэл солилцох, ингэснээр иргэд хоёр төрийн байгууллага руу явж, давхар бүртгүүлэхгүй болно. Газар болон үл хөдлөх хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглах эрхийн мэдээллийг нээлттэй болгож байгаа. Ингэснээр нэг талдаа иргэдийн нэр дээрх газар, үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл тодорхой болно. Нөгөө талдаа энэ төрлийн үйлчилгээг авахад иргэдэд илүү шуурхай болох нөхцөл бүрдсэн.
Дараагийн нэг том, зарчмын шинжтэй, дэвшилтэт асуудал бол төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийн эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр хуульд шинээр тусгасан. Ингэснээр төрийн өмчийн асуудлыг илүү тодорхой, ил тод болгох боломжтой.
– Банкнаас зээл авахад төрд байгаа мэдээллийг иргэдээс шаарддаг. Энэ нь иргэд, компаниудад чирэгдэл их учруулдаг. Тэгэхээр банк зэрэг иргэд ихээр үйлчлүүлдэг зарим хувийн байгууллага улсын бүртгэлийн мэдээллийг үндсэн эх сурвалжаас нь буюу тухайн иргэнээр дамжуулахгүй авах боломж бий юу?
– Банкны хувьд тухайлбал, зээл олгоход иргэний, хуулийн этгээдийн, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн мэдээлэл аль аль шаардлагатай.
Хаалттай, нээлттэй мэдээллийн асуудлыг бид Улсын бүртгэлийн ерөнхий хуулиар зохицуулсан. Нээлттэй мэдээллийг хэн ч харах боломжтой, хаалттай буюу төрийн нууцад хамруулснаас бусад мэдээллийг иргэн, хуулийн этгээдийн зөвшөөрлөөр сонирхогч этгээд авах боломжийг хуулиар нээсэн.
Техникийн болон зохион байгуулалтын шийдэл шаардлагатай, өөрөөр хэлбэл, иргэн, хуулийн этгээдийг цахим орчимд таних, Цахим гарын үсгийн хуулийг бүрэн утгаар хэрэгжүүлэх, түүнчлэн иргэний хурууны хээгээр дамжуулан шаардлагатай бүртгэлийн мэдээллийг банк харах боломжтой байх, түүнчлэн тухайн иргэнд түүний ямар мэдээллийг хэн, хэзээ авсан талаар мэдээлэл тогтмол очдог байх, улсын бүртгэлийн мэдээллийн системийн аюулгүй байдлыг хангах зэрэг нөхцөлүүд хангагдах ёстой.
Одоогийн байдлаар туршилтын журмаар зарим банк, үүрэн утасны операторууд “Хур” системд хандан бүртгэлийн мэдээлэл авч, үйлчилгээндээ ашиглаж байгаа. Цаашдаа улам өргөжүүлнэ.
– УИХ-ын гишүүн М.Билэгт энэ хуульд газар өмчлөлийн асуудлаар маш ноцтой заалт орсон талаар төслийн хэлэлцүүлгийн үеэр ярьж байсан. Энэ ямар учиртай асуудал байсан бэ?
– Иргэний хуулиар үл хөдлөх хөрөнгө буюу газар, түүнээс салгаж үл болох байшин барилга гэх мэт үл хөдлөх хөрөнгийн эрхийн суурь харилцааг зохицуулдаг. Гэтэл Газрын тухай хуулиар газар өмчлөх эрх, түүнтэй холбоотой эрхийн асуудлыг Иргэний хуулийн суурь зарчмаас ялгаатай зохицуулсан байдаг.
Нөгөөтэйгүүр, тусгай хамгаалалтай газар нутгийг байгаль орчны яам, бэлчээрийг хүнс, хөдөө аж ахуйн яам, уурхайн газрыг нь уул уурхайн яам, бусад газрын алба тус тусдаа бүртгэж байгаагаас газрын нэгдмэл бодлого алдагдсан.
Иймд улсын бүртгэлийн багц хууль батлагдсантай холбогдуулан Газрын хууль тогтоомжийг Иргэний хуулийн суурь концепцид нийцүүлэн боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан.
-Улсын бүртгэлийн ерөнхий хуулиар суурь 3 бүртгэлээс гадна, бүх бүртгэлийн асуудлыг зохицуулсан талаар төслийг хэлэлцэх шатанд яригдаж байсан. Улсын бүртгэлийн байгууллагад эдгээр бүртгэлийн чиг үүрэг ирнэ гэсэн үг үү?
-Улсын бүртгэлийн ерөнхий хууль гэдэг утгаараа хууль тогтоомжийн дагуу улсын хэмжээнд хийгдэж байгаа бүх бүртгэлд тавих ерөнхий шаардлагыг энэ хуулиар тогтоож өгсөн. Мэдээж суурь бүртгэл буюу улсын бүртгэлээс бусад бүртгэлийг төрөлжсөн бүртгэлд хамруулж, төрөлжсөн бүртгэл нь улсын бүртгэлд үндэслэх, эдгээр бүртгэлийн мэдээллийн сангууд хоорондоо мэдээлэл солилцох боломжтой байх зэрэг ерөнхий шаардлагыг хуулиар тавьсан. Яваандаа суурь болон төрөлжсөн бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан үүсэх боломжийг бид харж байгаа.
Тодруулан хэлэхэд, төрөлжсөн бүртгэлүүдийг одоо уг бүртгэлийг хөтөлж байгаа байгууллагууд нь үргэлжлүүлэн хийх бөгөөд улсын бүртгэлийн байгууллага ч гагцхүү суурь буюу иргэний, хуулийн этгээдийн, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлээ л хийнэ.
-Эдгээр хуулийг хэрэгжүүлэхэд зохион байгуулалтын болон хөрөнгө оруулалтын, түүнчлэн хууль эрх зүйн хүрээний зэрэг олон ажлууд хийгдэх ёстой юм байна гэж ойлголоо?
-Үнэхээр олон ажлууд шаардлагатай байгаа. Хууль хэрэгжиж эхлэхээс урьтаж, одоогийн дүрэм, журмуудаа хуульд нийцүүлэн өөрчлөн батлах, зарим зохион байгуулалтын бэлтгэл ажлыг хангах, боломжтой техникийн шийдлүүдийг хийх зэрэг ажлуудаа дуусгах байх. Мэдээжийн хэрэг хууль батлагдаад л шууд бүх асуудал нэг доор шийдэгдэх боломжгүй.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “нэг иргэн-нэг бүртгэл” хөтөлбөр багтсан байдаг. Засгийн газар улсын бүртгэлийн үйл ажиллагааг шинээр батлагдсан хуульд нийцүүлэн өөрчлөхөд шаардагдах хөрөнгө санхүүгийн болон техник, зохион байгуулалт, хууль эрх зүйн шинэтгэлийн болон бусад арга хэмжээг шуурхай авна гэдэгт итгэж байгаа.
Г.ХОРОЛ