“Капитал контрол” тактик ардчилсан Ерөнхийлөгчид зохино гэж үү

Хуучирсан мэдээ: 2018.06.26-нд нийтлэгдсэн

“Капитал контрол” тактик ардчилсан Ерөнхийлөгчид зохино гэж үү

“Капитал контрол” тактик ардчилсан Ерөнхийлөгчид зохино гэж үү

Ерөнхийлөгч Х.Баттулгад есөн жилийн өмнөх үгийг нь сануулахаас аргагүйд хүрлээ. Есөн жилийн өмнө тэрбээр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн байв. УИХ-ын 57 дугаар тогтоолыг баталж, Засгийн газар нь Оюутолгойн төслийг хэлэлцэхээр УИХ-д өргөн барьчихаад хүлээж суух үед юу гэж ярьж байснаас нь сануулъя.

“Оюутолгойн гэрээг  Оюутолгойг ашиглалтад оруулснаар бид дэлхийн олон нийтэд өөрсдийгөө олон улсын өнөөгийн түвшинд сэтгэж, ажиллаж чаддаг болсноо тунхаглах юм. Өөрөөр хэлбэл, Тавантолгойг ашиглалтад өгөх Монголын нэрийн хуудас нь Оюутолгой байх болно. Рио Тинто Монголоос гарахыг хүсэж байгаа гэсэн. Тэгвэл бид цаашдаа яах вэ. Энэ хоёр толгойг хурдхан хөдөлгөөнд оруулаад, биднийг ажилтай орлоготой болгоод, амьдралыг өөд нь татаад өгөөч гэсэн хүмүүс иргэдийн 80,90 хувьд хүрч байгаа шүү”.

Тэгвэл есөн жилийн дараа Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд санаачлан УИХ-д өргөн барьсан хуульдаа “Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашигладаг, Монголбанкнаас тодорхойлсон хэмжээний экспортын гадаад валютын орлого олдог хуулийн этгээдийн төлбөр тооцооны дансыг Монголбанк өөр дээрээ байршуулж болохоор” тусгажээ. Үүний өмнө УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үеэр Оюутолгой, Тамсагийн ордын үйл ажиллагааг дээшлүүлэх, орлогыг холбогдох байгууллагуудад хувиарлахдаа Монголбанкаар дамжуулдаг болох” гэсэн санал гаргасан нь олонхын дэмжлэгийг авч байсан удаатай.

Тэр үед одоогийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар УИХ-ын 29 дүгээр тогтоолын 11 дүгээр заалт буюу  ‘Рио Тинто’ гэх мэт гадаадын хөрөнгө оруулагчид Оюутолгой зэрэг төслийн борлуулалтын орлогоо Монголын банкаар заавал дамжуулах ёстой гэсэн шийдвэрийг цуцлахыг дэмжиж байсан.

Түүний тайлбар тун ойлгомжтой байсан төдийгүй хэвлэлийн хуудаснаа ч баримт болж үлджээ. Энэ тайлбар одоо ч хэвээрээ. Юу гэвэл IFC, “МИКА” зэрэг Дэлхийн банкны группт ордог олон улсын санхүүгийн байгууллага Оюутолгойд болон Монголд 2-3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын зээл олгосон аж. Тиймээс Дэлхийн банкны группт байдаг IFC хөрөнгө оруулалтуудаа хийчихээд байхад Монголын төр засаг гадны банкийг хүлээн зөвшөөрөхгүй дотоодын банк гээд гадаад, дотоодоор нь ялгаварлах бодлого гараад эхэллээ гэж асуудал үүсгэдэг аж. Тэд зөвхөн “гоморхоод” зогсохгүй монголчууд валютын нөөцгүй болчихоороо ийм башир арга хэрэглэж гадагшилж байгаа валют дээр хяналт тавих гэж оролддог, үүнийгээ хууль батлах буюу захиргаадалтын аргаар шийддэг гэсэн мессежийг гадны хөрөнгө оруулагчдад тараадаг. Тэгэхээр энэ нь сууриараа нэг компани, нэг хэсэг бүлэг хүмүүсийн байр суурь биш хөрөнгө оруулалт татсан нийт компанийн асуудал болж хувираад байгаагаараа эмзэг сэдэв. Дээр нь гадаад банкуудаа ялгаварлахын зэрэгцээ дотоодын банкаа тийм ч сайнгүй байгаа, энэ ондоо багтааж өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх болзол тавиад байгаагаа дэлхий дахинаас “нууж” чадсан билүү.

Уг нь Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн зорилго агуулга нь монголчуудын мөрөөдөл яах аргагүй мөн. Тэр хуулийн төслөөр “саналаа өгсөн” олон түмний ч зөв л дөө. Доллар дотоодод үлдээд л, Монголбанкаар болохгүй юм чинь Монголын банкаар дамжаад л байж байвал аятай юу. Гэвч манай “галактик” дээр улсынх нь Төв банк “ийм ажил” хийж болдоггүй юм гэнэ ээ.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр Монголбанкны Ерөнхийлөгчийн хэлснээр бол “Аж ахуйн нэгжтэй харьцдаг Төвбанк дэлхийд байдаггүй. Их хэмжээний валютын орлоготой аж ахуйн нэгжид Монголбанк данс нээж, орлогыг байршуулах замаар валютын нөөцийг нэмэгдүүлэх нөгөө талд Монголын эдийн засагт орлогыг дамжуулах боломж бий. Ингэхийн тулд ганц зүйл заалттай хууль санаачилж, төсөл санаачлагчид хүргүүлсэн” гэлээ. Товчхондоо “Боломж бий. Тусад нь хууль баталсан байх хэрэгтэй” байх нь. “Хүний хөгжил сан” шиг үү. Нэг тиймэрхүү л юм болох нь ээ дээ. Тэгээд “Хүний хөгжил маань хаачсан билээ”…

Иймэрхүү санал санаачилгыг АН-ынхан бол дэмжих л байх гэж таамаглаж байна. Суурь нь буруу байсан ч тэр “буруу”-г олонхийн бүлгийнхэн хүч түрэн шийдвэл шийдэж л байг л дээ. Хариуцлага гэж юм бий. Эрх ашиг гэж бий. Наанадаж мөрийн хөтөлбөрөө биелүүлээд авна, цаанадаж нээрээ ч улс орондоо ам.долларынхаа урсгалыг хашиж тогтоон хуулиар далан босгоод авъя.

УИХ-д эдийн засагч, банк санхүүгийн өндөр мэдлэгтэй гишүүн цөөнгүй бий. Жишээ нь, Монголбанкаар овоглосон Б.Жавхлан гишүүн 2016 оны арваннэгдүгээр сард өдөр тутмын сонинд өгсөн ярилцлагадаа “Оюутолгой компанийн өнөөг хүртэл хийсэн 8-10 тэрбум ам.долларын гүйлгээний 20-30 хувийг нөөцдөө авч үлдэх боломж байв. Оюутолгойн гэрээг хийх үед мөнгөний урсгалаа явуулах хоёр банкны нэр, дансыг заачихсан байсан. Тэр үед бид 2А эсвэл 3А зэрэглэлтэй банкны салбарыг нээчихсэн бол болох байсан” гэж бизнес эрхлэгчидтэй хийсэн уулзалтынхаа үеэр ярьсныг эш татаж нийтэлж байв.

Тэгэхээр Оюутолгойн гүйлгээг Монголбанкаар биш Монголын банкаар дамжуулж болох гол суваг тэнд хаагдчихсан юм биш үү. Олон хөрөнгө оруулагчийг үргээгээгүй байгаа дээрээ өөр гарц хайвал ямар вэ. Есөн жилийн өмнө ярьж байснаа эргэн нэг дурсаж хөрөнгө оруулалт одоо ч чухал бөгөөд эмзэг хэвээрээ байгааг эргэцүүлэх нь зүйтэй болов уу. Тэгээд ч “Капитал контрол” тактик ардчилсан Ерөнхийлөгчид зохино гэж үү!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж