УИХ-ын 2018 оны хаврын чуулган Баасан гаригт буюу энэ сарын 29-нд завсарлах бөгөөд хоёр хоног үлджээ. Харин энэ хоёр хоногт Тавантолгой, татварын багц хуулиудыг хэлэлцэх цаг байхгүй нь тодорхой. Тиймээс эрх баригчид ээлжит бус чуулган зарлан хуралдуулах болов уу гэсэн хүлээлт улс төр, эдийн засагт үүсчээ. Учир нь Засгийн газар намрын чуулганаас өмнө Тавантолгой, татварын багц хуулиудыг батлах ёстой гэсэн байр суурьтай байгаа бөгөөд хаврын чуулган завсарлахаас өмнө яаран, яаран өргөн барьсан нь ирэх намраас ажлаа эхлэхтэй холбоотой болов уу. Намрын чуулганыг хүлээхгүйгээр Засгийн газар яарч байгаа учрыг бүлгийн дарга Д.Хаянхярваагийн ‘Тавантолгой тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг чуулганаар дэмжсэн учир намар Засгийн газрын хийх ажил нь тун тодорхой болчихсон байх болно’ гэсэн үгнээс харж болохоор байна.
Татварын багц хуулийн амин сүнс болох Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар /ААНОАТ/-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын УИХ-ын чуулганаар хэлэлцээд гишүүдийн олонх нь дэмжих боломжгүй гэж үзсэн учир хууль санаачлагчид нь буцаасан юм. Тиймээс гишүүдийн хэлсэн саналыг нэмж тусган Засгийн газарт дахин өргөн барьсан.МАН-ын бүлэг тус хуулийн төслийг хэлэлцэх ёстой гэж Даваа гаригийн бүлгийн хурлаараа дэмжсэн юм. Чуулган завсарлахаас өмнө дээрх хуулийн төслийг хэлэлцэж амжихгүй нь нэгэнт тодорхой. Иймээс энэ асуудал мөн ээлжит бус чуулганыг хүлээж буй.
Хоёр өдрийн дараа хаалтаа хийх хаврын чуулганаар 20 орчим гаруй хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр жагсаалтыг баталсан. Жагсаалтын дагуу “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай, Улсын бүртгэлийн тухай хууль, Банкуудыг дахин хөрөнгөжүүлэх тухай, Үндсэн хуулийн цэцийн гишүүд болон Элчин сайдуудын томилгоог хэлэлцсэн.
Мөн хаврын чуулганы хамгийн дуулиантай хэсэг нь парламентын залуу гишүүн Д.Гантулгыг бүрэн эрхээс нь чөлөөлж, Д.Муратыг түдгэлзүүлэх Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан явдал. Намрын чуулганаар эсвэл ээлжит бусаар Д.Муратыг түдгэлзүүлэх асуудал УИХ-д дахин орох нь тодорхой болсон.
Хэлэлцэх асуудлын жагсаалтад Сонгуулийн хууль, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг багтсан. Гэвч, хуулийн төслүүд нь хаана яваа нь тодорхойгүй, ээлжит бус чуулганаар энэ асуудлыг хэлэлцэх болов уу гэсэн хүлээлт улс төрийн хүрээнд байна.
Түүнчлэн УИХ-ын даргын захирамжаар “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийн маргаан, Арбитрын шүүхийн шийдвэрийг шалгах, мөн Оюутолгойн гэрээ монголчуудад ашигтай эсэхийг нягтлах, хөрөнгийн зарцуулалтын үр ашгийг шалгах Ажлын хэсгүүдийг байгуулсан. ‘Тус ажлын хэсгүүдийн үйл ажиллагаанаас олон нийт дорвитой үр дүн хүсэн хүлээж байгаа’ гэдгийг хаврын чуулганы нээлтийн үеэр УИХ-ын дарга М.Энхболд сануулж байсан. Дээрх хоёр ажлын хэсэг шалгалтын дүгнэлтээ хаврын чуулганы төгсгөлд танилцуулах ёстой ч үлдсэн гурван хоногт мөн л багтаан хэлэлцэх боломжгүй боллоо.
Энэ мэт чухал олон асуудал УИХ-ын чуулганаар орохоор шил дараалан хүлээгдэж байгаа учир ээлжит бус чуулган зарлахаас өөр аргагүйд хүрээд байна. УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах нь зүйтэй гэж гишүүдийн олонх нь ч үзэж байгаа юм.