Трамп риалын ханшийг унагав

Хуучирсан мэдээ: 2018.06.26-нд нийтлэгдсэн

Трамп риалын ханшийг унагав

Трамп риалын ханшийг унагав

Ираны алдартай “Grand Bazaar” буюу том зах дээр худалдаа эрхлэгчид даваа гаригт эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, цагдаа нартай мөргөлджээ. Худалдаачид риалын ханшийн уналтаас болж импортын барааны үнэ нэмэгдсэнийг эсэргүүцэн жагссан байна. Олон зуун худалдаа эрхлэгчид Ираны парламентын ордны өмнөх гудамжид цуглан жагсаал зохион байгуулжээ.

Гэрчүүдийн яриагаар худалдаачдын жагсаалыг хүчээр тарааж, зах дээр цагдаа нар эргүүл хийж эхэлсэн байна. Харин Ираны төв телевизийн мэдээлснээр жагсаалыг тараах үеэр хүмүүсийг баривчлаагүй ба зах мягмар гаригаас эргэн нээгдэх аж.

Эдийн засгийн үзүүлэлтээс болж шүүмжлэлд өртөөд буй Ираны ерөнхийлөгч Хассан Роуханид худалдаачдын эсэргүүцэл дарамт болжээ. Гэхдээ худалдаачид эсэргүүцлийн жагсаал засгийн газрын эсрэг биш ханшийн уналтын эсрэг гэдгийг хэлжээ.

Ираны мөнгөн тэмдэгтийн ханш ам.долларын эсрэг түүхэн доод хэмжээнд хүрч, даваа гаригт хар зах дээр ам.доллар 90 мянган риалтай тэнцжээ. Өмнөх өдөр нь ам.доллар  87 мянган риал, өнгөрсөн долоо хоногт 75500 риалаар худалдаалагдаж байв. Гадаад валютын ханшийн мэдээллийг хүргэдэг “Bonbast.com” сайтад мэдээлснээр өнгөрсөн жилийн сүүлээр ам.доллар 42,890 риалтай тэнцэж байжээ. Энэ нөхцөл байдалд Ираны Худалдаа, аж үйлдвэрийн сайд импортын хоригийг танилцуулсан байна. Ираны засгийн газраас дотоодын үйлдвэрийн бараагаар орлуулах боломжтой 1339 бараа, бүтээгдэхүүнд импортын хориг тавихаар бэлтгэжээ. Импортын хоригт нэхмэл бүтээгдэхүүн, савхин хувцас,  гутал, гэр ахуйн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, тавилга зарим автомашины хэрэгсэл багтаж байна. Ираны засгийн газрын тооцоолсноор импортын хориг нь 10 тэрбум ам.долларын валютыг гадагшаа урсахаас хамгаалах аж. Олон улсын валютын сангийн мэдээгээр Ираны нөөцөд 112 тэрбум ам.долларын гадаад валют хадгалагдаж байжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн дөрөвдүгээр сард Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээнээс гарах шийдвэр гаргасан юм. Европын холбоотнууд болон Ирантай 2015 онд байгуулсан цөмийн хөтөлбөрийн гэрээнээс АНУ гарснаар ирэх наймдугаар сараас эхлэн Тегераны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээгээ сэргээх болжээ.

Гэрээнд Иран улс уран баяжуулалтаа зогсоож, нөөцөө худалдсанаар цөмийн зэвсэг үйлдвэрлэх боломжоо хязгаарлуулж, хариуд нь олон улсын эдийн засгийн хоригоос суллагдсан юм.

АНУ-ын хориг нь Ираны газрын тосны экспортын орлогод нөлөөлснөөр гадаад валютын ханшид цохилт болох аж. Дональд Трампын мэдэгдлийн дараанаас Ираны иргэд гар дээрх ам.доллараа нөөцөлж эхэлснээр мөнгөн тэмдэгтийн ханш унаж, одоогийн нөхцөл байдал үүссэн гэж зарим ажиглагчид үзжээ.  

Иран нь эдийн засгаа хамгаалах бодлогоо 2016 оны нэгдүгээр сард цөмийн хөтөлбөрийн гэрээ хэрэгжиж эхэлснээр зөөлрүүлээд байжээ. Олон улстай байгуулсан цөмийн хөтөлбөрийн гэрээний хүрээнд Ираны эсрэг эдийн засгийн хориг тавигдсан билээ. Улмаар Ирантай худалдаа, наймаа хийх сонирхол нэмэгдээд байсан юм. Харин одоо Ираны засгийн газраас гадаадын олон бараа бүтээгдэхүүнд зах зээлээ хааж, дотоодын үйлдвэрлэлээ дэмжих болов. Гэхдээ өмнө нь импортын хоригтой байх үед олон төрлийг барааг хууль бусаар тээвэрлэх, авлига хээл хахууль өгч оруулж ирэх явдал байсан нь эргэн сэргэнэ гэдгийг шинжээчид анхааруулжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж