“Тэнгэрийн өрх” бүтээлээс би мөнгө завшаагүй

Хуучирсан мэдээ: 2018.06.26-нд нийтлэгдсэн

“Тэнгэрийн өрх” бүтээлээс би мөнгө завшаагүй

“Тэнгэрийн өрх” бүтээлээс би мөнгө завшаагүй

Уран бүтээлч А.Чадраабалтай ярилцлаа.


-Сүүлийн үеийн уран бүтээлээсээ сонирхуулахгүй юу?

-Монгол Алтайн нуруунд дүрслэгдсэн хадны зургаар уран бүтээлээ шинэчилж, орчин үеийн абстракт бүтээлтэй холбож, уран зураг, баримлын ажил хийж байгаа. Энэ оны эхээр хийсэн бүтээлээрээ “Мяндаг” уран зургийн үзэсгэлэн гаргасан. Гурав хоногийн өмнө хүүтэй болоод одоогоор уран бүтээлээ түр завсарлаад байна. Эмнэлэгт тэднийгээ сахиж байгаа ч ярилцлага өгөхөөр түр гарч ирлээ.

-Таны уран бүтээлийн хэдэн хувийг баримал эзэлж байна вэ?

-Баримлаар 2009 оноос эхлэн уран бүтээл хийж байна. Би ихэвчлэн эцэг малын хэлбэр дүрсээр бүтээл хийдэг. Бухны сэдвээр гурван удаа үзэсгэлэн гаргасан. Үүнд хүрэл цутгуурын нэлээд хэдэн бүтээл оролцсон. Буураар сэдэвчилсэн баримал хийж үзэсгэлэн гаргаж байлаа. Дараа нь морь, хадны зургаар сэдэвлэн бүтээл хийж байсан.

-Бүтээлд тань өвөг малын хурц, бадрангуй шинж дүрслэгдэх юм. Энэ нь юутай холбоотой вэ. Өөрийн бүтээлийн онцлогийг тодотгохгүй юу?

-Би уран зураг, уран баримал, бэхэн зураг гэсэн төрлөөр бүтээлээ туурвидаг. Нүүдлийн уламжлалт соёл, ахуй амьдралаас сэдэвлэсэн, таван хошуу малын эцэг, сүргийн манлай хүчирхэг амьтдын дайчин эрэмгий араншинг уран бүтээлдээ тусгадаг. Бух, буураар уран зураг, уран баримлын үзэсгэлэн гаргаж, энэ нь гаднын урлаг сонирхогчдод нэлээд хүрсэн. Тухайлбал, Герман, Хятад, Солонгос, Япон, Орос зэрэг оронд нэлээд хэдэн үзэсгэлэн гаргаж бүтээлүүд маань тэндээ үлдсэн.   

-Өсөж төрсөн орчинтой холбоотой юм болов уу гэж бодож байлаа?

-Уран бүтээлч болсон шалтгаан нь уран бүтээлч хүний гэр бүлд төрсөнтэй шууд холбоотой. Миний аав Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Адъяабазар Монголын орчин цагийн дүрслэх урлагийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн. Бас тал нутагт морин дэл дээр хүүхэд насаа өнгөрөөсөн. Тиймээс эцэг малын араншинг уран бүтээлдээ түлхүү оруулах болсон нь ийм учир шалтгаантай.  

Би 2001 онд МУБИС-ийн зургийн багшийн ангийг төгсөөд сургуульдаа зургаан жил багшилсан. Монголын урчуудын эвлэлд 2003 онд гишүүнээр элссэн. Харин би барималчийн мэргэжлийн сургууль дүүргээгүй. Бага насанд аав минь баримлын шавар их авч өгдөг байсан нь уран баримал хийх өгөгдөл болсон. “Тэнгэрийн өрх” хөшөөг мэргэжлийн уран барималчийн төвшинд урласан болохоор зарим уран барималчдын дургүйг хүргэсэн байж мэднэ.  

-Гаднын хэчнээн оронд үзэсгэлэн гаргасан бэ. Таны бүтээлийг гаднынхан хэрхэн хүлээн авч байна вэ?

-Саяхан тооцоход 20 гаруй оронд уран зураг, уран баримал, бэхэн зургийн үзэсгэлэн гаргасан байна. Гаднынхан уран бүтээлийг минь монголчуудаас илүү гайхширан сайнаар хүлээн авдаг.  

-“Тэнгэрийн өрх” хөшөө сүүлийн үед нэлээд асуудал дагуулж байна. Та хөшөөнөөс мөнгө завшсан юм уу?

-Баруун Алтайгаар 2006 онд уран бүтээлийн судалгаа хийж явахдаа хадны зургийг хараад ихэд гайхширч билээ. Мөн Ази, Европын оронд маш ховорт тооцогдох байгалийн эвүүрт чулуу буюу сейдийг олж сонирхол татагдсан. Түүнчлэн ертөнцийг үзэх үзэл, дорнын философид модны талаар ихэд оруулсан байдаг. Энэ бүгдийг багтаасан монументал бүтээл хийсэн нь “Тэнгэрийн өрх” юм. Гадаад харилцааны яамнаас 2016 оны долдугаар сард  АСЕМ-д зориулсан уран баримлын уралдаан зарласныг сонсоод “Тэнгэрийн өрх” бүтээлийн эх загварыг хүргүүлсэн. Удалгүй уралдаанд миний бүтээл шалгарсныг сонсоод Гадаад харилцааны яамны АСЕМ-ын бэлтгэл ажлын хэсгийнхэнтэй гэрээ хийсний дараа ажил албан ёсоор эхэлсэн. Энэ ажилд таван сарын хугацаанд 300 гаруй хүн оролцсон. “Тэнгэрийн өрх” хөшөө нээгдсэний дараа баярын захидал, үзэгчдийн талархлын мэндчилгээ ихээр ирсэн. Тэр үед өөрийн бүтээлээр бахархаж байлаа. Харин сүүлийн үед хэвлэлээр мөнгө завшигч этгээдийн нэг болон бичигдэж байна. Энэ бүхнийг сонсоход уран бүтээлч хүнд их харуусал төрдөг юм байна. Саяхан бүтээл дээрээ очлоо. Миний нэрээс бусад нэр байх шиг байна. Олон зүйл сараачсан байна. Бүтээлийг маань “нулимах”, доромжлох байсан юм бол Гадаад харилцааны яам яах гэж уралдаан зарласан юм бэ. Энэ бүхэн нийгмийн сэтгэхгүй доройтсоны илрэл болж байна. Уралдаанд бүтээлээ явуулж, шалгарснаар боссон хөшөө юм шүү дээ. Түүнээс биш би мөнгө завшаагүй.

Манж нар 1700 онд Монголын тусгаар тогтнолыг үгүй хийгээд Илийн голд хөшөө босгосон түүхтэй. Харин 800 жилийн тэртээ Их Монгол Улсын үед болж байсан их хуралдайгаас эхтэй өнөөгийн АСЕМ-д зориулсан түүхэн дурсгалт хөшөөг бид бүтээлээ. Энэ хөшөөгөөр Монголын нэн эртний түүх, хүн төрөлхтний хөгжил дэвшил, соёл, орчин үеийн шинжлэх ухааны нээлт ололт, байгаль эхийн өвөрмөц бүтээлийг орчин үеийн урлагийн хэлээр мөнхлөн үлдээхийг хичээсэн болно.  

-Төсөлд бүтээлээ хэдээр үнэлж явуулсныг 500 сая төгрөг болгосон юм бэ?

-Уралдаанд бүтээл явуулахдаа найман метр өндөр, гангаар цутгаж хийхээр төлөвлөсөн байсан. Эдгээрийг 800 сая төгрөгт багтаахаар тооцсон юм. Яамны зүгээс таван метр өндөртэйгөөр, 500 сая төгрөгт багтах төсвийг баталсан. Төсөвт багтааж бүтээлээ хийсэн. Хэдийгээр 500 саяар бүтээсэн ч цаашид ийм хэмжээний мөнгөөр үнэлэгдэх бүтээл биш. Мянган жилийн настай бүтээл.

-Гол асуудал нь юунд байна вэ?

-Энх тайваны хонхыг нүүлгэх, “Тэнгэрийн өрх” хөшөөний суурийг хийх ажлыг нийслэл хариуцсан юм. Гэтэл энэ ажлыг хийсэн компани нь нийслэлдээ санхүүгийн анхан шатны баримтаа бүрдүүлж өгөөгүй байсан юм билээ. Аудитынхан энэ баримыг гаргаж ирсэн. Харин манай зүгээс бүх баримт, тайланг бүтээлийн хамт улсад хүлээлгэж өгсөн.

-Асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-“Тэнгэрийн өрх” хөшөөг 500 сая төгрөгөөр хийж, улсын төсөвт хохирол учруулсан юм бол би зээл хөөцөлдөж байгаад түүнийгээ эргүүлэн худалдаж авъя.

-Яриагаа “Тэнгэрийн өрх” хөшөөний билгэдлээр өндөрлөе?

-Дэлхийн бөмбөрцөг таван мод дээр байрлаж байгаа. Энэ нь Алунгоо эхийн домгийг харуулахын зэрэгцээ хүн төрөлхтний язгуурын үндэс нь Монгол орон гэдийг харуулсан. Мөн навч нь хөгжил, цэцэглэлтийг билгэдсэн. Монгол хүний оюун санаа, сэтгэлгээ хүн төрөлхтний хөгжилд хувь нэмэр оруулах, эвлэлдэн нэгдэх утга санааг агуулсан. Ингээд хөшөөний урд нарны цацраг мэтээр  АСЕМ-ын логог оруулсан юм. 

“Тэнгэрийн өрх” хөшөөний дотор тал, Монгол Алтайн нурууны хадны зураг

 “Тэнгэрийн өрх” хөшөө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж