Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг 2018 оны 07 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Тус хурлаар хэлэлцэх асуудал, онцлогийн талаар НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, Номхон далайн бүсийн төвийн дэд дарга Анимеш Кумартай уулзаж тодрууллаа.
–Энэ удаагийн хурлын зорилго, хэлэлцэх гол асуудлын талаар манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?
–Япон Улсын Сендай хотноо 2015 онд зохион байгуулагдсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн бага хурал”-аас дэлхий нийтэд дагаж мөрдөх Гамшгийн эрсдэлийг бууруулах “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийг батлан гаргасан. Энэхүү хөтөлбөрт нийт 189 улс орон нэгдэн орж, хөтөлбөрийн хэрэгжилтийг үндэсний болон орон нутгийн түвшинд хангаж, хууль эрх зүйн шинэчлэлийг гамшгийн эрсдэлийг бууруулах чиг хандлагад нийцүүлэн хэрэгжүүлж байгаа юм. Уг баримт бичгийг хэрэгжүүлэх хүрээнд Азийн бүс нутгийн улс орнуудын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хүлээсэн амлалтыг хэрэгжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг тогтвортой явуулах, хяналт тавих механизмыг сайжруулах зорилгоор Азийн сайд нарын бага хурлыг хоёр жил тутам зохион байгуулж байна.
Энэтхэг улсад 2016 онд зохион байгуулагдсан Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын анхдугаар хурлаар “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийг хэрэгжүүлэх Азийн бүсийн төлөвлөгөөг батлан гаргасан. Энэ удаагийн бага хурлаар гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр бүс нутгийн улс орнуудын хүлээсэн үүрэг, амлалт, Сендайн үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцан, Азийн бүсийн төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлж дүгнэн 2018-2020 онд Азийн бүс нутагт хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан гаргах юм. Мөн гамшгийн эрсдэлийг бууруулах “Улаанбаатарын тунхаглал”, “Оролцогч талуудын сайн дурын мэдэгдэл” гэсэн баримт бичгүүд батална.
–Бага хурлыг хамтран зохион байгуулагчийн хувьд хурлын үр дүнг хэрхэн харж байна. Өмнөх хурлуудаас юугаараа онцлог вэ?
–Азийн сайд нарын бага хурал нь бүс нутгийн хэмжээнд гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах, гамшигтай тэмцэх чадавхыг бий болгож бэхжүүлэх зорилготой бүс нутгийн зөвлөлийн (платформ) үүрэг гүйцэтгэдэг. Мөн хурлаар гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр улс орнуудын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний ололт, амжилтыг бусад орнууддаа хуваалцах, зөвлөгөө өгөх, техникийн туслалцаа үзүүлэх асуудлыг зохицуулж, тулгарч байгаа бэрхшээл, асуудлыг хамтран шийдвэрлэдгээрээ онцлогтой хуралдаан. Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Азийн сайд нарын II бага хурал нь “Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь” уриатай. Энэ уриан дор 6 техникийн хуралдаан 8 сэдэвчилсэн хуралдааныг хийх юм. Монгол Улсын Засгийн газраас “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц, хот суурин газрын гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах нь”, “Гамшгийн эрсдэлийг бууруулахад төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь” сэдэвт хоёр онцлох хуралдааныг удирдан зохион байгуулна. Энэхүү хоёр хуралдаан нь улс орнууд хөгжлийн томоохон бодлогуудтайгаа гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн уялдуулах вэ гэдэг тал дээр хэлэлцүүлэг өрнүүлнэ. Мөн гамшгийн эрсдэлийг бууруулахад эмзэг бүлгийн ялангуяа жендерийн тэгш байдлыг хэрхэн хангах тал дээр дуу хоолойгоо хүргэж байгаа нь тогтвортой хөгжлийг хангах уриатай нийцэж байгаа юм. Бүс нутгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр улс орон бүр томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Тухайлбал, Хятад улс гэхэд “Бүс ба зам” төслийг, Энэтхэг улс ч гэсэн томоохон төслүүдийг хэрэгжүүлдэг. Мөн “Азийн хөгжлийн банк”, “Дэд бүтцийн банк” гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр төсөл хөтөлбөрүүдийг улс орондоо хэрэгжүүлэх, хамтран ажиллах боломж оролцогч орнуудад бүрдэж байгаагаараа бас онцлог.
–НҮБ хурлын хамтран зохион байгуулагчаас гадна ямар үүрэг оролцоотой оролцож байна ?
– Азийн сайд нарын бага хурал бол НҮБ-ын мандаттай хурал. Энэхүү хурлыг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч, Гамшгийн эрсдэлийг бууруулах газар хамтран зохион байгуулдаг. Мөн Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, бүс нутгийн хэмжээний 62 улс орны энэ хөтөлбөрийг хариуцдаг мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцдаг. НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас энэ удаагийн хурлаас гарах баримт бичгүүдийн нэг болох “Азийн бүс нутагт 2018-2020 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г батлуулахаар боловсруулж байна.
–Ярилцсан танд баярлалаа. Хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье.
Эх сурвалж: ОБЕГ