21 дэх удаагийн Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн тоглолт зургадугаар сарын 14-нд ОХУ, Саудын Арабын хооронд болсон билээ. Москва хотын “Лужник” цэнгэлдэхэд болсон тоглолт 5:0-оор оросуудын ялалтаар өндөрлөсөн. Уг тоглолтыг Саудын Арабын ханхүү Мухаммед бен Салман ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай зэрэгцэн сууж үзэж, багагүй сандралд орсон юм. Тоглолтын төгсгөлд хамгийн үнэтэй дасгалжуулагч хөлслөн бэлтгэж байхад хамгийн муу тоглолтыг үзүүллээ гэсэн шүүмжлэл араб тоглогчдод ирсэн. Тэгвэл Саудын Араб өчигдөр хэсгийн сүүлийн тоглолтоо Египеттэй хийж, 2:1-ээр хожин энэ дэлхийн аваргыг ялалтаар өндөрлүүллээ. Мөн арабчууд ДАШТ-д хийсэн сүүлийн 12 тоглолтод хожиж чадаагүй байсан цувралд цэг тавилаа. Тус улсын баг 1994 онд Бельгийн шигшээг 1:0-ээр хожсоноос хойш хоёр тэнцэж, 10 ялагдсан аж.
Салем Аль Давсари, Салман Аль Фараж нарын шилдэг тоглогчдыг эгнээндээ багтаасан Саудын Арабын хөлбөмбөгчид нээлтийн тоглолтоос хойш багагүй шүүмжлэлд өртөж байсан ч төгсгөлийг гайхалтай хийж, ялалтын оноотой нутаг буцаж байна. Нээлтийн тоглолтод ханхүүгээ эвгүй байдалд оруулж байсан арабчууд айх аюулгүй боллоо.
Орост 31 багаас хамгийн түрүүнд ирсэн арабчууд энэ удаа хамгийн түрүүн нутаг буцах тийзээ захиалав.
Ч.БОЛОР