ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн талдаа орж байна. 32 улсын баг өрсөлдөж байгаагаас өчигдрөөс хасагдах шатанд өрсөлдөх багууд тодорч эхэллээ.
‘В’ хэсэгт өрсөлдсөн Ази тивийн төлөөлөл Ираны шигшээ баг Португалтай тэнцэж, цааш өрсөлдөх боломжгүй болсон. Өчигдрийн тоглолтод дэлхийн шилдэг хөлбөмбөгч К.Роналдо тэргүүтэй Португалын эсрэг хүчтэй өрсөлдөөнийг үзүүлсэн иранчууд энэ удаа ялалт авч чадсангүй. Хэрвээ Ираны шигшээ баг хожсон бол хасагдах шатанд шалгарч дэлхийн аваргыг үргэлжлүүлэх байсан ч тэдэнд ийм боломж олдсонгүй. Орост ирэх үеэс хөлбөмбөгчин гэхээсээ илүүтэй дэгжин залуусын нэгээр нэрлэгдэж байсан Ираны шигшээ баг нутаг буцах тийзээ захиаллаа.
Онгоцны буудлаас эхлэн олны анхааралд байсан иран залуус энэ удаа хэсэгтээ нэг хожил, нэг тэнцээ хийснээр нутаг буцах болж байна.
Ч.ШАРХҮҮ