Б.Лхагважав: Тавантолгойн IPO-г намчид хийж чадахгүй

Хуучирсан мэдээ: 2018.06.25-нд нийтлэгдсэн

Б.Лхагважав: Тавантолгойн IPO-г намчид хийж чадахгүй

Б.Лхагважав: Тавантолгойн IPO-г намчид хийж чадахгүй

Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважавтай уулзаж ярилцлаа.


-Долоо хоногийн өмнө та нэлээд бухимдалтай,“Огцорсон засаг өс хонзон авахын тулд татварын хуулийг унагаалаа” гээд мэдээлэл хийж байсан. Одоо тайвширсан биз дээ, Засгийн газар хуулийн төслөө УИХ-д ахиад өргөн барьчихлаа?

-Тайвшрах юу байх билээ. Би өөрийнхөө төлөө бухимдаагүй ээ. Монголын татварын систем, татварын эрх зүйн орчинг өөрчлөхийн төлөө худалч хүнд бараг 10-аад жил ярьж байна. Эдийн засагт асар том хүлээлт үүсчихсэн. Энэ реформыг хийснээр Монголын эдийн засагт ямар хэрэгтэй юм бэ гэж зарим хүн асуудаг. Том зургаар нь хариулах юм бол авлига багасна, далд эдийн засаг буурна, бизнесийн орчин сайжирна, улсын төсөв нэмэгдэнэ. Зах зээлд эргэлдэж байгаа орлого болгоныг, төгрөг бүрийг бүртгэхийн тулд НӨАТ-ыг 2015 онд шинэчлэн баталсан. Үүний үр жимсийг улс ч, иргэд ч хүртэж байгаа шүү дээ. Өнгөрсөн онд 78 тэрбумыг буцаан олголтоор тараалаа. Татварын орлого хоёр жил дараалан зуун хувиа давж биеллээ. Одоо үлдсэн реформыг нь хийгээд өгөөч, батлаад өгөөч  гэж хэлж байгаа юм.

-Та ч үнэндээ татварын шинэчлэл гэж олон жил уйгагүй ярьж байна. Харамсалтай нь, энэ сэдэв гурван парламент, таван засаг дамжлаа. Одоо гэхэд УИХ хүлээж авах эсэх нь эргэлзээтэй байгаа шүү дээ?

-Намайг 2011 онд МАН-д элсэхэд олон хүн гайхсан. Нэлээд шүүмжлэл ч сонссон. С.Батболд Ерөнхий сайд байхдаа надад зөвлөхөөр ажиллах, намдаа элсэх санал тавьсан юм. Би нэг болзолтойгоор зөвшөөрсөн. Татварын реформ хийнэ шүү гэж. Гэвч, С.Батболдын засаг хийж чадаагүй. Хэн, хэн нь татварын реформ хийхгүйгээр далд эдийн засгийг хумьж чадахгүй гэдгийг ойлгож байсан ч, улс төрийн тохироо нь  бүрдээгүй өнгөрсөн. Шинэчлэлийн засгийн үед энэ талаар огт яриагүй. АН-ынхан мөнгө хэвлэх юм уу, бонд босгоод мөнгөөр асуудлыг шийдэх гэж оролдсон. Харин Ч.Сайханбилэгт би талархаж явдаг. НӨАТ-ын хуулийг шинэчлэхийн төлөө зүтгэсэн. Ургацыг нь өнөөдөр МАН хурааж байна. Уг нь тэр үед өнөөдөр яригдаж байгаа Татварын ерөнхий хууль, ААНОАТ-ын хууль, ХАОАТХ-ийг шинэчлэн баталсан бол эдийн засаг өнөөдөр арай өөр байх байлаа. Харамсалтай нь, тэр үеийн УИХ-ын дарга З.Энхболд “Лхагважавын лобби, танхимын лобби” гээд хэлэлцээгүй өнгөрчихсөн. Одоо МАН-ынхан ирэх 2020 оны сонгуулиа бодож байгаа бол татварын реформыг цаг алдалгүй хийх ёстой.

-Аж ахуйн орлогын албан татварын хуулийн төслийг зарим гишүүн Оюутолгойн лобби гэж хардаж байгаа. Харин та болохоор нийтийн мөнгөнөөс хувьдаа завшдаг этгээдүүд татварын шинэчлэлийн эсрэг байна гэдгийг хэлсэн?

-УИХ-ын чуулган дээр тийм утгагүй яриа гарч байна лээ. Энэ реформ Оюутолгойд зориулагдаагүй юм. Монголын жижиг, дунд үйлдвэрүүдэд зориулагдсан юм. Унасан хүн ууртай гэгчээр огцорсон засаг өс хонзон авахын тулд улс төр хийж болохгүй л дээ. Засаг авсан, өгсөн хоёрын хоорондын асуудлаас болоод татварын реформ зогсох ёсгүй. Тийм учраас танхим эсэргүүцсэн. Улстөрчид уг нь улс төр хийх газраа хийх хэрэгтэй.

Засгийн газар ямар ч судалгаагүйгээр энэ хуулиудыг оруулж ирсэн юм биш. Сангийн яам, танхимтай хамтраад маш их хэлэлцүүлэг хийсэн, татвар төлөгчидтэй уулзсан. Тэгээд энэ реформыг хийх ёстой юм байна гэсэн. Татварын багц хуулиуд дундаас Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль гол цөм нь юм. Тиймээс сугараад үлдвэл энэ том шинэчлэл гацна. УИХ энэ долоо хоногт хэлэлцээд явах болов уу гэж найдаж, харж байна.

-УИХ-ын хаврын чуулган ирэх Баасан гаригт завсарлана. Хэлэлцэж амжих болов уу даа. Тавантолгой, татварын багц хууль гээд УИХ-д эдгээрийг хэлэлцэх хугацаа тун бага үлдсэн?

-Энэ хуулийг хаврын чуулган завсарлахаас өмнө хэлэлцээд батлах ёстой. Яагаад гэвэл цаг алдах тусам улсын төсөвт орж ирэх орлогыг алдана гэсэн үг. НӨАТ-ын шинэ системийг ажиллуулснаас хойш 2016 онд хэвлэсэн НӨАТ-ын баримтын ард 34 их наяд төгрөг тэмдэглэгдэж байсан бол 2017 онд 53 их наяд бичигдсэн байсан. Манай улсын төсөв долоон их наяд шүү дээ. Тэгэхээр ийм их орлогыг бид өмнө нь бүртгэж чаддаггүй байсан юм байна. Энэ удаагийн татварын шинэчлэл нь орлого орж байгаа бүхэн дээр суурилсан. Тэр нь Оюутолгой байна уу, захын ТҮЦ байна уу, хамаагүйгээр жигд татварт хамруулах асуудал л яригдаж байгаа. Би М.Энхболд даргыг энэ реформыг явуулах ёстой гэдгийг сайн ойлгож байгаа гэж бодож байна. Яагаад гэвэл 2006 онд дөрвөн 10-ын бодлогыг Ерөнхий сайд байхдаа батлуулж байсан хүн шүү дээ. Тэр үед Сангийн сайд байсан, одоогийн Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан асар их эсэргүүцсэн. Гэтэл дөрвөн 10-ын бодлогын үр дүнд татварын орлого 2007, 2008 онд хэд дахин өссөн. 2009 оны хямралыг энэ бодлогоор давж гарсан. Тэгэхээр иргэндээ, аж ахуйн нэгждээ хэр зэрэг эдийн засгийн эрх чөлөө өгнө, эргээд улсын орлого тэр хэмжээгээр өсдөг гэдгийг бид практик дээр нотолчихсон. Одоо дараагийн шатныхаа реформыг хийх хэрэгтэй байгаа юм.

-Жигд татварт хамруулна гэхээр жижиг, дунд үйлдвэрүүдэд халтай биш үү?

-Харин ч эсрэгээрээ тэднийг бизнесээ өргөжүүлэх, орлогоо нэмэгдүүлэхэд туслах юм. Яг үнэндээ улс төр битгий орчихоосой, хаврын чуулган завсарлахаас өмнө баталчихаасай гэж хүлээж суугаагаа нуухгүй ээ. Яагаад гэвэл татварын энэ реформ Монголд шударга ёс тогтоход маш их хэрэгтэй. Энэ  реформыг одоо л хийхгүй бол 2020 он дөхөхөөр сонгууль гээд мартчихна. Хоёрдугаарт, орлогын цэг болгоныг бүртгээд байвал татварын орлого нэмэгдэнэ. Хоёр жилийн өмнө З.Энхболд “Лхагважавын лобби” гэж бодолгүйгээр батлаад өгчихсөн бол эмч, багш нарын цалин хоёр дахин нэмэгдчихсэн байх байлаа. Нэг жишээ хэлэхэд, 2015 онд НӨАТ-ын баримт олгодог 1700 касс ажилладаг байсан бол өнөөдөр 88 мянган касс болж өссөн. Тэгэхээр цаашдаа орлого нууна гэдэг бизнесээ дампууруулж байгаатай ялгаагүй болно. Харин 50 саяас доош орлоготой бол НӨАТ-ын сугалааны талон өгнө. 50 саяас дээш бол НӨАТ-ын суутгалын баримт өгнө. Дээр нь ААНОАТ-ын болон ХХОАТ-ын хууль хоршоод ороод ирэх юм бол татварын хувь хэмжээ нь багасна. Ний нуулгүй хэлэхэд 2015 онд энэ хоёр хуулийг батлаагүйгээс болоод гэнэт жижиг аж ахуйн нэгжүүд НӨАТ-ын 10 хувь, ААНОАТ-ын хууль гээд 20 хувийн татвар руу орчихсон. Тиймээс 1.5 тэрбумаас доош орлоготой аж ахуйн нэгжүүд 90 хувиа буцааж авахаар зохицуулалт оруулж өгсөн. Үүнийг эдийн засаг, санхүү мэддэггүй нөхдүүд буруу ойлгоод эсэргүүцээд байгаа юм.

-Та нэгэнтээ У.Хүрэлсүхээс илүү ихийг бүү хүс гэж байсан. Татварын реформ хийлгэх гээд байж дээ, тийм үү. Гэхдээ яагаад заавал хаврын чуулган завсарлахаас өмнө гэж яараад байгаа юм бэ?

-У.Хүрэлсүх, Ч.Хүрэлбаатар хоёр татварын реформыг хийж чадах юм бол эдийн засагт маш том гавъяа байгууллаа гэж хэлж болно. Монголын эдийн засгийн нэн шинэ түүхийг эхлүүлж байна гэхэд ч буруудахгүй л дээ. Олон зүйлийг хагас дутуу хийж орхисноос нэг том бодлогоо гүйцэд хийчихвэл МАН-д, ирэх 2020 оны сонгуульд нь хэрэг болох байх.  Чуулган завсарлахаас өмнө гэж яараад байгаа нь хоёр шалтгаантай юм. Хэрэв намрын чуулган гээд хойшлуулбал, татварын багц хуулиуд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж чадахгүй болно. Татварын системээ шинэчилж чадвал дотоодоосоо мөнгө босгох, гадаадаас хөрөнгө оруулалтыг татах боломж нээгдэнэ. Үнэндээ нягтлан бодох бүртгэл, аудитын хуулиуд 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжээд эхэлсэн. Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулиудаа шинэчилсэн. Тэгэхээр энэ шинэчлэлийг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхгүй бол 2014 оноос эхэлсэн том реформ зогсох гээд байгаа юм.

Нөгөө талдаа, татварын багц хуулиудыг дагаад 40 гаруй журам батлагдах ёстой. Хуулийн гол амин сүнс нь хэрэгжүүлэх процесстоо байдаг. Манай татварын хуулийн процесс нь асар их цоорхойтой, татварын байцаагчдыг томруулж, бизнес эрхлэгчдийг жижигрүүлсэн. Аж ахуйн нэгжийг ялд унагана, торгууль тавина.

Яагаад татварын байцаагчид авлигын хэрэгт холбогддог вэ гэхээр эдгээр журамтай нь холбоотой байдаг. Тийм учраас энэ зун, ирэх намар дагалдах журам процесс дээр нь сайн сууж өгөх шаардлагатай байгаа юм. Энэ дүрмийн эцсийн зорилго бол орлогоо олж байгаа нь татвараа төлье. Татвараа төлж байгаа нь орлогоо ольё. Хүртэх юмаа хүртье. Ийм л энгийн дүрэм.

-Гол нь цаг алдахгүй гэж засаг ч, танхим ч үзэж байгаа юм байна. Тиймээс л чуулган завсарлахаас долоо хоногийн өмнө дахин оруулж иржээ дээ, тийм үү?

-Цаг алдах тусам шинэчлэлт хойшилно. Ер нь манай бизнесийнхнийг шударгаар татвар төлдөг, улсын тендер, нийтийн мөнгөнөөс амьдардаг гэж хоёр хувааж болно. Шударгаар татвар төлдөг хүмүүс бол татварын реформыг нь баяртайгаар дэмжиж байгаа. Харин нийтийн мөнгөн дээр амьдардаг нөхдүүдэд бүх орлогыг нь бүртгэнэ гэхээс айгаад байх шиг. Тийм болохоор би “Нийтийн мөнгөнөөс хувьдаа завшдаг этгээдүүд татварын шинэчлэлийн эсрэг байна” гэж хардаж байгаагаа хэлсэн. Ардчилсан намын үед баталсан Ил тодын хуулиар 34 их наяд хөрөнгө ил гарч ирсэн. Бид ийм хэмжээний хөрөнгө нуугаад явж байсан байна шүү дээ. Эндээс татвар авсан бол 7-8 их наяд төгрөг улсын төсөвт төвлөрөх байсан. Хэрэв бид энэ татварын авсан бол цалингаа нэмүүлье гээд эмч, багш нар суулт хийхгүй байсан. Нийгмийн бусад үйлчилгээ чанартай болох байсан, авлига устах байсан. Татвартай холбоотой шүүхийн маргаан буурах байсан. Би ганц зүйлийг амалъя, энэ системийг явуулснаар татварын орлого төсөөлж байснаас чинь илүү өснө гэж.

-Татварын реформын нэг онцлог нь бүх орлогоос татвар авах асуудал гэдгийг та хэллээ. Тэгвэл яагаад малчдаас татвар авахгүй байгаа юм бэ?

-Малчдаас яагаад татвар авдаггүй юм бэ гэх асуудал байнга яригддаг.  Үнэндээ бол манай малчид чинь тусгаар тогтнолоо хамгаалж яваа хүмүүс шүү дээ. Мэдээж, нийтийн өмчийг, төрийн өмчийг хамгийн их үнэгүй ашигладаг хүмүүс бол малчид. Бэлчээр нутаг, худаг ус гээд. Гэхдээ мянгат малчин, 100 малтай малчин хоёрын хооронд  орлогын амьдралын зөрүү байна. Мянгат малчнаас бол бэлчээр ашигласны татвар аваад орон нутгийн хөгжил, худаг ус гаргах зэрэг ажилд зарцуулах нь зөв байх.  Харин жилд 110 мянган оюутан хөдөөнөөс ирээд хотынхны эдийн засаг бизнесийг дэмждэг. Энэ утгаар нь харвал малчид шууд бусаар хотынхны үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжээд явж байна гэж хэлж болно.

-Сүүлийн үед олон нийтийн дунд дуулиан тарьж байгаа нэг асуудал бол банкуудыг хөрөнгөжүүлэх. УИХ-аар хаалтай хуралдаад 511 тэрбум төгрөгийг хувааж өгөхөөр шийдчихлээ?

Нийтдээ зургаан банкинд татвар төлөгчдийн 511 тэрбумыг хувааж өгөх гэж байна л даа. Би үүнд шүүмжлэлтэй хандаж байгаа. Өнгөрсөн дөрвөн жилд аж ахуйн нэгжүүд чардайж ажилласан. Банкны өндөр хүү төлөөд, төлж чадахгүйг нь шүүх, цагдаатай нийлээд хөрөнгийг нь хураагаад явчихсан шүү дээ. Банкууд өөрсдөө хөрөнгө босгох боломжтой. Бонд, хувьцаагаа зараад эсвэл байшингаа худалдаад санхүүжилт олж болно. Гэтэл банкуудын далд өвчнийг далдхан эмчлэхийн тулд татвар төлөгчдийн мөнгийг тэдэнд нууцаар өгөх гээд байна л даа. Үнэндээ арилжааны банкууд өнгөрсөн хугацаанд өөрөө өөрсдийгөө эрүүлжүүлэхэд маш бага ажил хийсэн. Дээр нь өнгөрсөн 4 жилийн хямралаар бүх л компани банктай харилцсан. Гэтэл тэд бидэнд таатай нөхцөл тавиагүй шүү дээ. Зээлээ буулгаагүй, хүүгээ буулгаагүй. Өрөө төлөх ажилд хамтран ажиллаагүй. Бид нар тэдэнд хандаж хүсэлт тавьсан. Аж ахуйн нэгжүүд хүнд байна, мөнгөний ханш унасан, алдагдалтай ажиллаж байна. Гэрээгээ нэг эргэн хараач ээ гэсэн, банкууд тоогоогүй. Гэтэл өөрсдөд нь асуудал үүсэхээр татвар төлөгчдийн мөнгөнөөс гуйгаад авчихдаг байж боломгүй.

-Банкны салбар эмзэг болохоор төрөөс харж үзсэн байх?

-Бүх л салбар эмзэг шүү дээ. Тэгвэл барилгын салбарыг төр дэмжих хэрэгтэй биз дээ. Алтны салбарынхан хөрөнгө оруулалт гуйгаад удаж байна. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс алтанд тавьсан рояльти татвар буцаад өснө. Тэгэхээр алтныхан улам хэцүүднэ. Яагаад заавал банкийг онцолж дэмжиж байгааг ойлгохгүй байна. Арилжааны банкууд яагаад бонд гаргахгүй байгаа юм бэ. Яагаад хувьцаагаа зарахгүй байгаа юм бэ. Яагаад байшингуудаа зарж чадахгүй юм бэ. Өөрсдөө болохоор харгис бодлого явуулдаг, өөрсөд дээр нь ирэхээр зузаатгалаа татвар төлөгчдөөр хийлгээд явна гэдэг шударг бизнес үү. Үүнийг би улстөрчид банкны лоббид хэтэрхий автчихжээ гэж харж байна.

-Магадгүй юм?

-Өнгөрсөн хугацаанд арилжааны банкууд бүгдээрэ бизнесчин болчихсон, бүх юмыг л худалдаж авдаг болчихсон байсан. Сүүлдээ хүний бизнесийг ч хийлгэхээ больсон. Тиймээс банкийг бизнес хийлгэхийг хорьсон шүү дээ. Банк үндсэн ажлаа хийгээд эхлэнгүүт  зээлийн хүү 2 хувь буурсан. Өмнө нь банк банкныхаа ажлыг хийдэггүй байсан юм. Энэ хооронд банкны ажлыг банк бус санхүүгийн байгууллага, ломбардууд л хийдэг байсан. Үүний үр дагаварт 30-40 хувийн хүүтэй зээлд хамгийн ядруу компани, хамгийн ядуу хүмүүс л хамаг байдгаа гөвсөн. Манай Төв банкныхан ч гэсэн, арилжааны банкуудыг хоолыг халбагадаж өгөөд, зулгуйдаад сууж байна. Төв банкны өнөөдрийн 2.3 их наядын алдагдлыг банкууд л хийсэн. Одоо яагаад ядарлаа миний муу хэдэн банк гээд сүү барьж гүйгээд байгаа юм. Энэ 110 мянган аж ахуйн нэгж ядарч байхад яагаад сүү барьж гүйгээгүй юм бэ. Ядарсан хүнд өгөх гээд байгаа юм бол тэр 511 тэрбумаа барилгынханд өг л дөө. Голд нь зувчуулаад ашиг олсон хүмүүст зулгуйдаж байхаар. Өнгөрсөн онд хамгийн их ашиг хийсэн газрууд бол банкууд, 250 тэрбумын ашиг олсон. Яагаад тэр том байшинг нь зарж болохгүй байгаа юм бэ, жирийн иргэнийхнийг бол хөөж гаргаад байшинг нь зарчихдаг шүү дээ.

-Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл ид маргаан дагуулж байна. Танхимын ерөнхийлөгчийн хувьд та юу гэж харж байна?

-Ийм ухралт болохгүй байх гэж найдаж байна. Ганц “Эрдэнэт”-ийг буулгаж авахын тулд ардчиллаас ухарч болохгүй биз дээ. УИХ ч энэ хуулийг хүлээж авахгүй байх гэдэгт итгэж байгаа. Ер нь Засгийн газрын аливаа шийдвэр хуулийн дагуу гарахгүй бол унана. Хуульд шинэ заалт оруулж ирээд бусдын өмчийг авна гэдэг бүдүүлэг шийдвэр л дээ.  Нэг компанийн золиосонд хэдэн мянган аж ахуйн нэгж, иргэд чирэгдэх ёсгүй байгаа юм. Шүүх дээр  шийдвэр нь унаж байгаа бол өөрсдийнх нь хохь. Харин ч миний хувьд төрөлжүүлсэн шүүх байх ёстой гэж боддог. Татварын шүүх бий болгох хэрэгтэй.

-Иргэний эрхэнд халдаад ч болтугай “Эрдэнэт”-ийг авна л гээд байгаа бололтой?

-“Эрдэнэт” дээр бол одоо марзагнахаа больчихмоор байна. Ингээд хэрэлдээд марзагнаж байгаад Орост алдвал яах уу.

Орос эдийн засгийн хоригт ороод өмчөө зарсан. Үүнийг нь Монголын хоёр залуу аваад ирж. Одоо ингэж хэрэлдэж байгаад алдвал Путин гуай бөөн баяр буцаагаад авна. Монголчууд шүүхээ татан буулгаад, нэг тэрбум ам.долларын өрөнд ороод үлдэх биз дээ.

-Тавантолгойн 30 хувьд IPO гаргаж, олон улсын хөрөнгийн зах зээлд арилжаалахаар болсон. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын ярьж байгаа зүйл хэр үнэмшилжтэй санагдаж байна?

-Цүнх барьсан намчид энэ ажлыг хийж чадахгүй. Дотоодын хөрөнгийн зах дээрээ хувьцаа гаргаж үзээгүй намчид IPO гэдгээ ч мэдэж байгаа юм уу. Би бол эргэлзэж л байна. Харин бид нам, улс төр гэж хонзонголгүйгээр шилдэг боловсон хүчнээ ашиглах хэрэгтэй. Тэр шоронд суугаад гарч ирсэн Б.Бямбасайханаар хийлгэх хэрэгтэй.  Тийм л мэргэжлийн хүмүүс чадахаас нам дагаж, дарга дагасан цүнх баригчид чадахгүй ээ.

-Б.Бямбасайхан Тавантолгойтой орооцолдохоос айх байлгүй дээ. Дараа нь аваачаад дахиад шоронд хийчих юм бил үү, АТГ?

-Монгол хөгжье гэвэл гадаадад сургууль төгссөн залуучуудынхаа толгойг ашигламаар байна. Харамсалтай нь, зүрхийг нь үхүүлээд, улс төрийн өс хонзонгийн золиос болгоод байх юм. Айти чиглэлээр маш олон залуус гадаадад маш мундаг боловсрол эзэмшээд ирсэн. Тэднийг Монголын төр багтаах зай алга байна шүү дээ. Дан хөгийн намчдаар дүүрчихсэн. Харвард, Оксфорд төгсөөд ирснэ олон сайхан залуус ажилгүй, Монголд ажил олдохгүй буцаж байна.  Төрийн алба нь дан намынхан, нам дагасан цүнх баригчдаар дүүрчихээр яаж хөгжих билээ. Тавантолгойг IPO-г намчдаар биш гадаадад сургууль төгсөж ирсэн боловсролтой залуучуудаар хийлгэвэл амжилтад хүрч магадгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж