Малчин Мэргэнийг хөнөөсөн хятадыг цаазалжээ

Хуучирсан мэдээ: 2011.08.25-нд нийтлэгдсэн

Малчин Мэргэнийг хөнөөсөн хятадыг цаазалжээ

Уул уурхайг эсэргүүцсэн Өвөр Монгол малчдын нэг өнгөрсөн тавдугаар сард Хятадуудын нүүрс тээвэрлэдэг замыг хааж зогссоныхоо төлөө Хятад жолоочийн гарт зэрлэгээр хөнөөгдсөн хэрэг гарч, энэ хэрэг Өвөр Монголын сүүлийн 20 жилийн түүхэнд тохиолдоогүй томоохон эсэргүүцлийн жагсаалыг өдөөхөд хүрсэн.
Харин Хятадын Синьхуа агентлагийн мэдээлснээр дээрх бусармаг хэрэгт буруутай Ли Линдунг гэгч гэмт этгээдийг наймдугаар сарын 18-ны өдөр цаазаар авч, хэрэг явдлыг цааш дэвэргэхгүй байх үүднээс наймдугаар сарын 19-ний өдөр цаазаар авсан тухай мэдээг орон нутгийн нэг л вебсайтад мэдээлжээ.

Өвөр Монгол малчин Мэргэний амиа алдсан хэргийг эргэн сөхөхөд, өнгөрсөн тавдугаар сарын 10-ны өдөр Мэргэн болоод түүнтэй нэгдсэн бусад малчид түүний амьдардаг тосгоны замаар байнга нүүрс тээвэрлэдэг ачааны машинуудын дуу чимээг болон газар нутгийг талхдаж, бохирдуулж байгаа явдлыг эсэргүүцэн нүүрс тээвэрлэдэг замыг хааж зогсоход Ли Линдунг гэгч Хятад жолооч Мэргэнийг дайрч дараа нь машинаараа 145 метр газар чирч амийг нь хөнөөсөн юм.

Мэргэний үхэл болоод өөр нэг Өвөр Монгол иргэний Хятадын нүүрс олборлогчидтой хийсэн тэмцэл нь аажимдаа Монгол соёл, нүүдэлчдийн амьдралын хэв маягийг уландаа гишгэхгүй байхыг шаардсан малчид болон оюутнуудын хүчтэй эсэргүүцэл болтлоо ширүүссэн юм. 

Хүний алтан амийг санаатайгаар хөнөөсөн Лигийн хэргийг өнгөрсөн зургадугаар сард Шилийн голын Иргэний дунд шатны шүүхэд шүүж, цаазаар авах ялыг оноосон бөгөөд Лигийн машинд зэрэгцэн сууж явсан жолооч Лу Сьяндуныг ч мөн хам хэрэгтнээр татаж, насаар нь хорих ял оноожээ.

Өвөр Монголын газар нутаг дээрх байгалийн баялагт шунахайрсан Хятад үндэстнүүд сүүлийн үед тус нутаг дэвсгэрлүү хуйлрах болсон нь нүүдэлчин ахуйтай Монгол үндэстнүүдийн амьдралд тээг садаа болж, үндэстэн хоорондын мөргөлдөөн үүсэхэд хүргээд байна. 

Хятад улс дэлхийд цаазаар авах ялыг хамгийн олон тоогоор оноодог улсуудын нэг юм. Жил тутам Хятадад цаазаар авахуулсан гэмт хэрэгтнүүдийг жагсаасан тайлан дээрх тоо бодит байдлаас хол зөрүүтэй байдаг ба энэ нь улсын нууц хэвээр үлддэг байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж