Монголын Үндэсний бөхийн холбооны гадна өнгөрөгч дөрөвдүгээр сарын 15-ны өдөр үймээн болж, Баянзүрх дүүргийн цагдаагийн хамгаалалтад аваад байсан билээ. Тэгвэл энэ сарын 22-ны өдөр дахин үймээн гарсан юм. Тодруулбал, энэ өдөр УИХ-ын гишүүн, дархан аварга А.Сүхбат тэргүүтэй бөхчүүд Бөхийн өргөөний гадна иржээ. Энэ үеэр нэг залуу хаалгыг гаднаас нь эвдэж, дотогш нэвтрэхийг оролдсон ч хэргийн газраас зугтсан юм. Тэгвэл Монгол бөхийн өргөөний хаалгыг санаатай эвдэж сүйтгэсэн Налайх дүүргийн харьяат 33 настай, иргэн Б-г цагдаагийн байгууллагаас саатуулан, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
Түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 ‘Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ’ гэсэн заалт болон тус хуулийн 2-т ‘Хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ’ хэмээн хуульчилсны дагуу хэрэг үүсгэжээ.
Э.Бурам