Газрын тос экспортлогчдыг нэгтгэдэг ОПЕК-т ажиглагчаар элсэх саналыг ОХУ нухацтай судалж байна хэмээн ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак хэллээ.
ОПЕК-ийн гишүүн орнууд болон газрын тос экспортлогч ОПЕК-ийн гишүүн бус орнууд ОПЕК+ эвсэл үүсгэн 2016 оны сүүлээр Вена хотноо өдөрт олборлох газрын тосны хэмжээг бууруулахаар тохиролцсон билээ. Энэ тохиролцооны хүрээнд улс орнууд тодорхой хэмжээгээр олборлолтоо бууруулах үүрэг хүлээсэн юм. ОХУ-ын хувьд өдөрт 300 мянган баррелиар бууруулсан. Энэ тохиролцоог 2017 оны нэгдүгээр сараас мөрдөж эхлээд дараа нь хоёр ч удаа сунгаснаар уг тохиролцоо энэ 2018 оныг дуустал мөрдөгдөх юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ