Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадамд зодоглосон бөхчүүдээс сэргээш илэрсэн тухай мэдээлж байсан билээ. Үндэсний баяр наадмын тухай хууль ёсоор улсын наадамд таваас дээш давсан бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авч, БНСУ-ын итгэмжлэгдсэн гэрээт лабораторид шинжлүүлдэг юм.
Тэгвэл энэ талаар www.inet.mn сайтад “Энэ жилийн баяр наадмаар шинээр харцага цол хүртсэн Ховд аймгийн Мянгад сумын уугуул Г.Алтангэрэл, шинээр начин цол хүртсэн, Ховд аймгийн Чандмань сумны уугуул Ч.Цогбаяр нарын А сорьцоос сэргээш хэрэглэсэн болох дүгнэлт гарсан” талаар мэдээлжээ.
Журам ёсоор тухайн бөх шинжилгээний А сорьцын хариуг хүлээн зөвшөөрөхгүй бол В сорьцыг дахин шинжилгээнд явуулах эрхтэй байдаг. Энэ дагуу дээр нэр дурдагдсан хоёр бөх B сорьцоо дахин шалгуулахаар холбогдох байгууллагад хандаад байгаа ажээ.