Зун болохоор л амралтын өдрөө ая тухтай амарч, зугаалж, өнгөрөөхийг бид хүсдэг. Гэр бүл, найз нөхдөөрөө нийлээд, хээр гарч, гол усанд тоглоно. Ингэж амарч, зугаалах нь мэдээжийн хэрэг сайхан. Гэвч амарч зугаалахдаа анхаарал болгоомжгүй, архидан согтуурснаас үүдэн гол усанд орж амиа алдах нь ихэсдэг. Үүнтэй холбогдуулаад Онцгой байдлын ерөнхий газарт /ОБЕГ/ усанд осолдлоо, живлээ, усаар аялаад сураггүй алга боллоо гэсэн дуудлага өдөр бүр ирэх болжээ. Өчигдөр л гэхэд /2018.06.24/ гурван хүн голын усанд осолдсон байна.
Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумд Ерөө голын усанд 35 настай эмэгтэй У живсэн талаарх дуудлагыг тус аймгийн ОБЕГ 14:10 цагт хүлээн авчээ. Осолдсон газраас цогцсыг гаргаж гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Мөн Төв аймгийн Баяндэлгэр сумын амралтын газарт амарч байсан 35 настай, эрэгтэй У Хэрлэн голын усанд сэлж байгаад живсэн, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “Ховд” голын усанд тус сумын харьяат 21 настай эмэгтэй А осолджээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 27 минут ажиллаж, осолдсон газраас хоёр км-т “Их булан” гэдэг газраас цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Иймд иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
- Иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх
- Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх
- Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих
- Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах
- Голуудын усны түвшин буураагүй байгаа голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.
Э.Бурам