Монголын мал аж ахуйн салбарт тулгамдаж буй нэн тэргүүний асуудал болох эрчимт тэжээлийн аж ахуйд суурилсан мал аж ахуй, махны экспортын эрүүл бүс байгуулах чиглэлээр “Мал аж ахуйн технологийн шинэчлэл, IoT Монгол-2018” олон улсын бага хурлыг өнөөдөр /2018.06.25/ Blue Sky зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа. Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны оролцоотойгоор Америк-Монголын хамтарсан Jarvis Mongolia (Жарвис Монгол), Хятадын Huawei (Хуавей), Монголын “Аригү Гроү” компаниуд хамтран зохион байгуулж, дотоод гадаадын хөдөө аж ахуйн болон бизнесийн салбарынхан оролцож, туршлага судаллаа.
Jarvis Mongolia компани нь “Мал аж ахуйн технологийн шинэчлэл, IoT Монгол-2018” төслийн хүрээнд Huawei компанитай хамтран малын биед чип суулгаж, мөшгөлтийн шинэ арга туршин нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж. Энэхүү төхөөрөмж нь малын биеийн температур, хөдөлгөөн, байршлыг хянах чадамж бүхий цахим хяналтын бичил төхөөрөмж аж. Өнөөдөр гар утсаараа өөрийнхөө малыг хянах боломжтой болж, өөрийн бэлчээрийн хэсэгт очсон эсэхийг Хятадын туршлага харуулж байна. Мөн Эрчим тэжээлийн аж ахуйн Америк туршлагын талаар Марс Арчибалт өөрийн саналаа илэрхийлжээ. Тэрбээр олон жил энэ технологийн ашиглан үр дүнтэй ажиллаж байгааг хэлж байв.
Энэхүү төсөл нь монгол малыг зах зээлийн эргэлтэд оруулж, малчдын орлогыг нэмэгдүүлэх, бэлчээрийн даац сайжруулах, хөдөө орон нутагт ажлын байр бий болгох, кластер бизнес аж ахуй хөгжүүлэх, мөн малчид, хоршоолол, нөхөрлөлүүдийг фермерийн аж ахуй, бизнес сэтгэлгээнд сургах зорилготой аж. Энэ удаагийн хурлаар хөдөө аж ахуйн салбарынхаа шинэ технологийн Монголын хөрсөнд нэвтрүүлж, цаашид экспортыг нэмэгдүүлэх ихээхэн боломж бололцоо байгааг өнөөдрийн олон улсын бага хурлын үеэр ярилцжээ. Мөн БНХАУ, АНУ-д хэрэгжиж байгаа технологит суурилсан үхрийн аж ахуйг хэрэглэх системтэй танилцаж, цаашид ямар гарц байгаа талаар мэдээлэл авсан байна.
Мал эмнэлэг, сорилт шинжилгээний лабораторийн цогцолборыг байгуулах нь зүй хэрэгтэй болсныг албаныхан хэлж байв. “Мал аж ахуйн технологийн шинэчлэл, IoT Монгол-2018” төслийг хэрэгжүүлснээр малын гоц халдвартай өвчинтэй нарийн тэмцэх, өвчний халдварыг бууруулах, бүрэн устгаж, шинэ технологийн ашгаар экспортыг нэмэгдүүлэх бүрэн боломж байгаа аж.
Мал бэлтгэх аргачлал нь
- Эрүүл бүс тогтоох
- Малчидтай хоршоолол нөхөрлөлтэй
- Хорио цээр хязгаарлалтын бүсэд мал авчрах
- Эрүүл бүсэд оруулан вакцинжуулах
- Бүртгэлийн системд оруулах
- Мал бордох цэгт байршуулах
- Малыг хяналтанд оруулж шалгах
- Малыг нядалгаанд оруулж шалгах
- Малыг нядалгааны үйлдвэрт оруулах
- Тулгуур болон бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх
- Хэрэглэгч болон импортлогч орнуудад тээвэрлэх зэрэг шат дараатай явах аж.
Одоогоор энэхүү технологит төслийг есөн аймгийн хилийн боомтын бүсэд байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. Мөн хоёр том хөрштэй Монгол Улсын хувьд малын махыг өндөр технологиор экспортолдог боломж байгаа бөгөөд үүнийг өргөжүүлэх бүрэн гарц байгааг албаныхан хэлж байна.
“Мал аж ахуйн технологийн шинэчлэл, IoT Монгол-2018” олон улсын бага хурлаар БНХАУ, АНУ-ын мал аж ахуйн шинэ технологийн туршлагаас судалж, бидэнд их зүйл хийх шаардлагатай болсныг хөдөө аж ахуйн мэргэжилтэнүүд хэлж байв. Энэхүү сэдвээр салбарынхан эргэн хэлэлцүүлэг, олон улсын бага хурлыг зохион байгуулах юм байна.
Ч.БОЛОР