Өнөөдөртөө төр хамгийн том хөрөнгө оруулагч

Хуучирсан мэдээ: 2010.04.22-нд нийтлэгдсэн

Өнөөдөртөө төр хамгийн том хөрөнгө оруулагч

Өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тавантолгойн орд газрыг ашиглах асуудлыг хэлэлцэн дэмжсэн. Гэвч хэрхэн ашиглах тал дээр ”Орд төрийн өмчид 100 хувь байна, гадаад дотоодын оператор компаниудыг ажиллуулна” гэснээс өөр тодорхой зүйлгүй. Тиймээс энэ асуудлаар УИХ-ын гишүүдийн саналыг сонслоо.

Д.Ганхуяг:

-Тавантолгой бол стратегийн орд газар тийм учраас хэрхэн ашиглах талаар бодлогыг хуулиар зохицуулж Засгийн газар УИХ-д оруулж ирэх хууль зүйн шаардлага байгаа. Оператор компани болох хүсэлтээ ирүүлсэн гадаадын 11 компани тухайн салбартаа түүхий нүүрс боловсруулах,  коксжуулах туршлагатай, тэр түвшинд хүрсэн техник технологи, менежмэнттэй компаниуд байгаа гэж ойлгож байна. Тавантолгойн нүүрсний ордын хувьд бол 1,8 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй, дөрвөн тэрбум гаруй тонн хүрэн нүүрсний нөөцтэй газар байгаа. тийм учраас гадаадын зах зээлд угааж боловсруулаад гаргах ёстой. Тэгээгүй тохиолдолд баялгаараа тоглож байгаа хэрэг болно. Угаагаагүй нүүрс 50 ам.доллар байхад угаасан нүүрс дэлхийн зах зээлд 100 ам.доллар, коксжсон нүүрс 200 ам.доллар байх жишээтэй. Хөрөнгө оруулагч 11 кампанийн хувьд хоёр хөршийн компани, мөн Япон, Солонгос, Америк компаниуд байна гэж  би ойлгож байгаа. Өнөөгийн байдлаас харахад Монгол ноолуураас авахуулаад яагаад хямдхан байна гэхээр худалдан авагч нь ганцхан урд хөрш байгаатай холбоотой. Тийм учраас манай улсыг дэмжээд явдаг сайн харилцаатай орнуудаас оруулж болно гэж бодож байгаа. Гадны компани орж ирээд Монголчууд зүгээр ажиллаад явах юм уу гэдэг асуудал гарж ирж байна. Тэгэхээр Монголын компаниудийг орж ажиллах боломж олгож, нээлттэй тендэр зарлах ёстой. Монгол Улс урьдчилгаа зээл биш урьдчилгаа төлбөр авах ёстой, нэг тонн тутамд нэгээс гурван ам.доллар гэдэг ч юмуу. Коксжих нүүрс хоёр тэрбум тонн гэхэд зургаан тэрбум ам.доллар авч дэд бүтцээ хөгжүүлэхэд зарцуулах хэрэгтэй.

-Татварын тал дээр та юу гэж бодож байгаа бол?

Хамгийн ойрын жишээ Оюутолгой байна, “Эрдэнэт” байна. Ашигт малтмалын хувьд бол хуулийн заалт жаахан ээдрээтэй байдаг, нүүрсний хувьд бол 30-40 хувийн татвар авч байгаа. 100 долларын ашгаас 30–хан хувийн л ашиг авч байгаа. Тийтээс тухайн хөрөнгө оруулагч хэдий хэр хөрөнгө оруулаад, хэдий хэр хугацаанд нөхөж, хэдий хэр ашиг авах талаар хэлэлцэх ёстой гэж ойлгож байгаа.  Дэлхий нийтийн жишиг бол зэсийн ашгийн 60-аас доошгүй хувийг авч байгаа, нүүрсний хувьд доод тал нь 50 хувь байгаа.

С.Эрдэнэ:

-Гадны компани гэхээсээ илүү үндэсний компаниа оруулна гэдэг дээр бодлогоо эхлээд тавих ёстой. Оюутолгой дээр янз бүрийн шалтаг шалтгаан хэлээд, маш өндөр шаардлага тавигддаг, хэдэн мянган метрийн гүнээс олборлодог, тийм техник манайд байхгүй, хөрөнгө оруулах чадалтай компани байхгүй гэж байсан. Монголчууд нүүрсээ ухаад зөөгөөд зарчих хэмжээнд хөгжсөн байгаа. Өмнө нь Шарын гол, Налайх, Багануур гээд өөрсдөө үйл ажиллагааг нь явуулсаар ирсэн. Тавантолгойд  түшиглээд баяжуулах үйлдвэрээ бариад, өргөн царигтай төмөр замаа бариад олон улсын зах зээлд үндэсний компаниуд баялгаараа хөрөнгө босгож болдоггүй юмуу. Бүх том уул уурхай харийнхны халаасанд орлоо. Тамсагбулагт “Соко” гэдэг Америкийн компани хайгуул хийж байсан, Хятадын “Дачин”-д зараад алга болсон, Цайрт менирал гээд яриад байвал маш олон байна. Ер нь энэ гадаадынхныг шүтдэг зангаа орхимоор юм. Үндэсний аюулгүй байдлаас эхлээд асуудал олон бий. Тийм учраас гадны 11 компани гэж ярьж байхаар үндэсний компаниуддаа аль ашигтай талаас нь ярих хэрэгтэй.

Д.Энхбат:

-Ер нь бол Монголын компаниуд байх нь стратеги талаасаа ашигтай. Яг өнөөдөр Монголын кампани байна уу, гэвэл бас хараахан байхгүй. Тэгэхээр асуудал бол Тавантолгойг аль болох хурдан эргэлтэнд оруулах үүднээс оператор кампанийг үнэхээр сайн компани оруулах хэрэгтэй. Миний хувийн бодол бол төр өөрөө Тавантолгой дээр шинэ компани байгуулаад Австрали зэрэг орнуудын туршлагаар бол 50 хувь ч юм уу, тодорхой хувийг нь хэдэн жилийн дараа зардаг байхаар хийвэл илүү тохиромжтой.
 
-Төр өмчлөгч байхын оронд татвараараа зохицуулалт хийгээд явах нь ашигтай гэх хүмүүс ч байдаг. Таны хувьд аль нь дээр вэ?

-Ер нь өнөөдөр төрөөс өөр том хөрөнгө оруулагч байхгүй. Өөрөөр хэлбэл Тавантолгойд хувийн компани оруулъя гэхэд монголчуудаас дангаараа хөрөнгө оруулах компани тэнд байхгүй. Наад зах нь хэдэн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Нөгөө талаар олон жижиг хувийн компани болхоор энэ проект сааталд орж байгаа юм. Бие биендээ саад тавиад. Яг өнөөдрын нөхцөлд бол төр өөрөө ороод асуудлыг хурдан эхлүүлэх нь зөв. Аажимдаа дахиад 10-20 жилийн дотор төр өөрийнхөө хувьцааг зарах нь зөв.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж