Унаач хүүхдийн хувцас 110 мянга, даатгал нь 100 мянган төгрөг байна

Хуучирсан мэдээ: 2018.06.25-нд нийтлэгдсэн

Унаач хүүхдийн хувцас 110 мянга, даатгал нь 100 мянган төгрөг байна

Унаач хүүхдийн хувцас 110 мянга, даатгал нь 100 мянган төгрөг байна

Жил бүрийн наадмаар хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлын асуудал хөндөгддөг. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар (ГБХЗХГ)-аас өнөөдөр /2018.6.25/ уг асуудалтай холбоотой мэдээлэл хийлээ.  

ГБХЗХГ-ын Хууль эрхзүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар:

-Цахим бүртгэлийн системд бүтгэлтэй хурдан морь унаач 1500 орчим хүүхэд байна. Үүний 70 орчим хувь нь хөлсөөр морь унадаг. Хүүхэд мориноос унасан тохиолдолд эмчилгээний зардлыг нь хариуцах хүн олддоггүй. Жишээ дурдахад, “Дүнжингарав-2018”-ын үед мориноос унасан хүүхэд Гэмтэл, согог судлалын төвд эмчилгээ хийлгэх гэтэл оношилгооны зардал 280 мянган төгрөг олдохгүй байсан. Тиймээс уралдаанд оролцож байгаа хүүхдийн даатгалд хамрагдалтыг өөрчлөх шаардлагатай байна. Одоогоор хурдан морь унаач хүүхдийн даатгалын хэмжээ 30 мянга, нөхөн олговор нь таван сая төгрөг байна. Ингэхдээ унаач хүүхэд уралдааны явцад нас барсан тохиолдолд таван сая төгрөг авдаг. Шуудхан хэлэхэд, морь унаач хүүхдийн амь насыг таван сая төгрөгөөр үнэлж байна. Тиймээс энэ жилийн Улсын наадмаас эхлэн хурдан морь унаач хүүхдийн даатгалын хэмжээг 100 мянган төгрөг болгож байна. Ингэснээр хүүхдийн бүтэн жилийн даатгалын нөхөн олговор 20 сая төгрөг болж, унаач хүүхдэд шаардлагатай эмчилгээ, үйлчилгээний зардал хангалттай болох юм. Уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцасны стандарт энэ жил дахин шинэчлэгдсэн байна. ГБХЗХГ –аас энэ жилийн улсын наадмаар шинэ стандарт, дээрх даатгалын үнэлгээ зэргийг хатуу мөрдүүлэн ажиллах болно” гэлээ.

Хурдан морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас нь 110 мянган төгрөгөөр борлуулагдах юм байна. Өнгөрсөн жилээс эхлэн хурдан морь унаач хүүхдийг цахим бүртгэлд хамруулж, хурууны хээгээр бүртгэх болсон. Энэ жилийн улсын наадмаар цахим бүртгэлд бүртгүүлсэн, зөвхөн стандартын хамгаалалтын хувцсаар бүрэн хангагдсан, 100 мянган төгрөгөөр даатгуулсан хүүхдийг уралдаанд оролцуулах ажээ.

Сонирхуулахад, өнгөрсөн жил хурдан морины 394 уралдаан болж, 10434 унаач хүүхэд оролцжээ. Тэднээс хоёр нь амь үрэгдсэн бөгөөд зөвшөөрөлгүй уралдаанд оролцсон байжээ.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж