Шийдвэрлэх гуравдугаар тойргийн өмнө

Хуучирсан мэдээ: 2018.06.25-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

Шийдвэрлэх гуравдугаар тойргийн өмнө

Шийдвэрлэх гуравдугаар тойргийн өмнө

Хөлбөмбөгийн XXI удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын 11 хотод үргэлжилж байна. Өнөөдөр тэмцээний хэсгийн 3-р тойргийн тоглолтууд А хэсгийн Уругвай-Орос, Саудын Араб-Египетийн тоглолтоор эхэлнэ. Одоогоор Английн Х.Кейн 5 гоол оруулж мэргэн буучдыг тэргүүлж байна.

А хэсэг: Хэсгээ тэргүүлэх эрхийн төлөө Орос-Уругвай тоглоно

“Гэрийн нохой сүүл өөдөө” гэдгээр Оросууд энэ удаагийн ДАШТ-ийг маш амжилттай үргэлжлүүлж байна. Оросууд өрсөлдөгчдийнхөө хаалганд 8 гоол оруулж ердөө 1 гоолыг хаалгандаа алдаж +7 гоолтой байгаа нь дэлхийн аваргад оролцож буй шигшээ багуудаас хамгийн өндөр амжилт болоод байна. Гэхдээ тэдний хувьд хэсгийн сүүлийн тоглолт бол жинхэнэ том шалгалт байх юм. Хэсгийн сүүлийн тоглолтоо Э.Кавани, Л.Суарез тэргүүтэй Уругвайн эсрэг хийх бөгөөд энэ тоглолтоос эерэг дүн авч чадвал Оросууд хэсгээ тэргүүлнэ. Тэгвэл А хэсгээс хасагдах шатанд шалгарах боломжтой багаар нэрлэгдэж байсан Египетийн шигшээ баг ганц ч хожил авч чадалгүй -3 гоолтой байна. Египет болон Саудын Арабын шигшээ багууд дэлхийн аваргын нэр төрийн хожлоо байгуулахын тулд хэсгийн сүүлийн тоглолтоо хийнэ.

B хэсэг: Гайхамшиг тохиохгүй л бол Испани, Португал дараагийн шатанд

B хэсэгт Мароккогийн шигшээ баг “цүнхээ” баглаж байна. Тэдэнд хэсгийн сүүлийн тоглолтын үр дүн хамаарахгүй бөгөөд Испаний шигшээ багаас оноо салгана гэдэг юу л бол? Мароккогийн шигшээ баг ганц ч гоолгүй байна. Ираны шигшээ баг 1 хожиж 3 оноотой байгаа. Хэсгийн сүүлийн тоглолтоо К.Роналдогийн Португалтай хийнэ. Иран хэсгээсээ гарах мөрөөдөлдөө хүрэх гэвэл заавал Португалыг хожих ёстой. Магадгүй сайн хамгаалаад ганц гоол оруулж ялахыг үгүйсгэхгүй юм. Гэхдээ л К.Роналдо Ираны шигшээ багт хожигдож магадгүй түүний хувьд сүүлийн дэлхийн аваргаа өндөрлүүлнэ гэж бодохгүй байна.

C хэсэг: Франц хасагдах шатны эрхээ авсан бол Перу гэртээ харина

Оросод “ногт” ганзагалан ирсэн багуудын нэг бол Францын шигшээ баг. Хэдийгээр олон гоол оруулахгүй байгаа ч “гурван өнгөт”-үүд ялалт байгуулсаар, урагшилсаар хасагдах шатанд өрсөлдөх эрхээ хэсгээсээ хамгийн түрүүнд авсан. Харин тэдэнтэй тоглох Данийн шигшээ баг нөхцөл байдал тун ээдрээтэй болоод байна. Хэрвээ Францын шигшээ багаас оноо салгаж чадвал хасагдах шатанд өрсөлдөх эрхтэй болно. Харин Данийн шигшээ баг Францын шигшээд хожигдсон ч Австралийн шигшээ баг Перуд хожигдвол Дани эрхээ авна. Иймд Австрали, Данийн шигшээ багуудын сүүлийн тоглолт маш хариуцлагатай шийдвэрлэх тоглолт болно. Даничуудын хувьд бас ч хэсгээс гарах боломж бий. Харин Данийн шигшээ баг Францын шигшээд олон гоолоор хожигдохгүй байх хэрэгтэй.

D хэсэг: Дасгалжуулагч нь “жижигдсэн” Аргентины шигшээ хэсгээс гарахын төлөө

Хорхе Сампаолигаар удирдуулсан Аргентины шигшээ багийн нөхцөл байдал тун ээдрээтэй болоод байна. Исландтай тэнцэж, Хорватад 3-0 харьцаатай бут ниргүүлээд байгаа Аргентины шигшээ багийн тоглогч болон дасгалжуулагч, холбооны удирдлагуудын дунд бас л үл ойлголцол үүсээд байгаа бөгөөд ямартаа ч хэсгийн сүүлийн Нигерийн эсрэг хийх тоглолтод шигшээ багийн лидер тоглогчид талбайд гарах тоглогчдыг сонгоно гэсэн мэдээлэл гарсан байна. Нигеритэй хийх тоглолтод Аргентины шигшээ баг заавал хожиж ёстой. Хожиж чадахгүй л бол тэнцээ болон хожигдол нь тэднийг гэртээ харихад хүргэнэ. Энэ хэсэгт Нигери, Аргентин болон Исландын аль нь ч хэсгээс гарах боломж бий гэдгийг сануулах хэрэгтэй. Хамгийн гол нь хэсгийн сүүлийн Хорват-Исланд, Нигери-Аргентины тоглолтын үр дүнгээс их зүйл шалтгаална.

E хэсэг: Коста-Рика гэртээ харина

Энэ хэсгээс Коста-Рикагийн шигшээ баг эхний хамгийн түрүүнд гэртээ харихаар болоод байна. Хэсгийн сүүлийн тоглолтоо Швейцарын эсрэг хийх бөгөөд энэ тоглолтоос Швейцарын шигшээ баг хожил авч чадвал хэсгээс гарна. Нөгөө талд Бразил болон Сербийн шигшээ багууд хэсгээс гарах эрхийн төлөө шийдвэрлэх сүүлийн тоглолтоо хийнэ. Б.Иванович, А.Коларов нар Бразилын довтолгоог зогсоон хожил авч чадвал хэсгээс гарна. Чухам юу болохыг тоглолт л шийднэ.

F хэсэг: Мексик, Герман, Шведийн шигшээ багууд хэсгээс гарахын төлөө

Дэлхийн аваргын цомоо хамгаалагч Германы шигшээ баг эхлэлийг тун хангалтгүй хийсэн.Гэхдээ Герман машинууд Шведийн эсрэг гайхалтай эргэн ирэлт хийн 2-1 харьцаатай хожоод байгаа билээ. Одоо тэгвэл хэсгийн шийдвэрлэх сүүлийн тоглолтыг БНСУ-ын шигшээ багтай хийнэ. Энэ тоглолтоо Германчууд бараг л ялалт байгуулах нь тодорхой болов уу? Хамгийн гол нь энэ тоглолтоос Германчууд нөгөө багуудын эрхшээлд орохгүйн тулд олон гоолоор хожих ёстой. Нөгөө талд Мексик-Шведийн багууд тэнцээ авахад Герман шууд хасагдах шатанд шалгарна. Харин Швед ялалт байгуулбал бөмбөг тоолно.

G хэсэг: Англи-Бельги хэсгээ тэргүүлэхийн төлөө хоорондоо тоглоно

Энэ хэсэг А хэсэгтэй адил хасагдах шатанд өрсөлдөх болон гэртээ харих багуудын нэрс тодорхой болсон. Харин хэсгээ тэргүүлэх эрхийн төлөө Англи-Бельгийн шигшээ багууд тоглоно. Нөгөө талд Тунис-Панамын шигшээ багууд дэлхийн аваргын эхний оноо, цаашлаад эхний ялалтаа байгуулахын төлөө талбайд гарна. Панамын шигшээ баг Английн шигшээд 6-1 харьцаатай хожигдсон ч фэнүүд нь баяртай байсан. Учир нь Панамын шигшээ баг түүхэндээ анх удаагаа дэлхийн аваргад оролцож, анхны гоолоо оруулсан бөгөөд тэрхүү түүхэн гоолын эзэн нь Панамын шигшээ багийн домогт ахлагч Ф.Балой байсан юм.

H хэсэг: Хэсгийг толгойлсон Польшийн шигшээ баг гэртээ харина

Н хэсэгт санаанд оромгүй үр дүн гарч байна. Энэ хэсгээс Польш болон Колумбын шигшээ багууд хасагдах шатанд өрсөлдөх магадлал харьцангуй өндөр байсан ч 2-р тойргийн дараах байдлаар яг эсрэгээрээ болоод байна. Польшчууд энэ удаагийн дэлхийн аваргад 2 хожигдож ердөө ганцхан гоолыг өрсөлдөгчдийнхөө хаалганд оруулсан бол хаалгандаа 5 гоол алдаж хэсгийн “хомоол” хамж байна. Тэдэнд нэр төрийн ганц хожил байгуулахын төлөө Японы эсрэг 3-р тойргийн тоглолтоо хийнэ. Япон энэ тоглолтоос тэнцээ авч чадвал хэсгээс гарах магадлалтай болно. Нөгөө талд Колумбын эсрэг Сенегалын шигшээ багуудын тоглолт бас л хэсгээс гарах эрхийн төлөөх тун сонирхолтой тоглолт хүлээж байна. Мөн Сенегалын шигшээ баг хожигдохгүй л байхад хэсгээс гарах боломж бүрдээд байна.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж