Монголчуудын мөрөөдлийг гүйцээх нефть боловсруулах үйлдвэр

Хуучирсан мэдээ: 2018.06.25-нд нийтлэгдсэн

Монголчуудын мөрөөдлийг гүйцээх нефть боловсруулах үйлдвэр

Монголчуудын мөрөөдлийг гүйцээх нефть боловсруулах үйлдвэр

Говийн ээрэм тал буюу Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Монгол улсын шатахууны хэрэглээг бүрэн хангах газрын тос боловсруулах үйлдвэр баригдана. Тус үйлдвэр дөрвөн жилийн дараа буюу 2022 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад орохоор төлөвлөгджээ. Алтан ширээ сумын нутгаас 150 га газрыг улсын тусгай хамгаалалтад авсан нь уг үйлдвэр баригдах газар юм.

Нефть боловсруулах үйлдвэрийг дагаж дөрвөн төсөл хэрэгжихээс хамгийн түрүүнд газрын тос боловсруулах үйлдвэрийг Сайншандтай холбох хатуу хучилттай 16.36 км зам байх аж. Замын ажилтай зэрэгцэн хийгдэх өөр нэгэн бүтээн байгуулалтын ажил нь боловсруулах үйлдвэрийг Сайншандтай холбох 27 км урттай төмөр зам юм.

Дэд бүтцийн ажлыг шийдсэнээр үйлдвэрийн барилгын ажлыг 2019 оноос эхлүүлэх юм. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нефть боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслолд биечлэн оролцсон бол нутгийн иргэд ч олноор хүрэлцэн ирсэн байлаа. Иргэд Монгол Улсын нефийн хэрэглээг хангах үйлдвэр нутагт нь баригдах болсонд талархалтай хандаж буй ч Сайншандын аж үйлдвэрийн парк шиг шав тавиад сураг алдрах вий гэсэн болгоомжлолыг ч мөн тээж байлаа.  

 Нефть боловсруулах үйлдвэрийн хувьд хөрөнгө оруулалт нь шийдэгдсэн гэдгээрээ давуу. Мөн дорноговьчуудын хувьд нефть боловсруулах дээрх үйлдвэр хоёр дахь нь болох аж. Учир нь 1950-иад оны эхээр Дорноговь аймагт Зүүн-баянгийн ордыг түшиглэн нефть боловсруулах үйлдвэрийг байгуулж, авто бензин, дизелийн түлш гаргаж байсан нь Монгол Улсын түүхэнд анхны нефть боловсруулах үйлдвэрийн үүсгэлийг тавьжээ. Гэвч 1970-аад оноос нефть олборлолтын хэмжээ нь эрс буурч, боловсруулах үйлдвэрийн зардал ихэссэн зэрэг тодорхой шалтгаануудын улмаас хаасан юм байна.

Бид энэ удаад Монголын анхны нефть боловсруулах үйлдвэрт ажиллаж байсан Аж үйлдвэрийн гавьяат ажилтан н.Догмид гуайтай уулзаж, зарим зүйлийг тодруулсан юм. 

-Анхны нефтийн үйлдвэрт таныг ажиллаж байсан гэж сонслоо?

-Тийм ээ, би оператороос эхлээд үйлдвэрийн дарга хүртэл хийж байсан. Москвагийн нефть боловсруулах сургуулийг төгсч ирээд ажилласан юм. Гэвч үйлдвэр маань 1970 -аад онд хаагдсан. Тэр цагаас хойш Монгол улсдаа нефтийн үйлдвэр байгуулах юмсан гэж бодож явсан. Энэ мөрөөдөл минь өнөөдөр биелж байгаад туйлын баяртай байна.

-Шинэ үйлдвэрийн ирээдүйг хэрхэн харж байна вэ?

-Манай шавь Алтанцэцэг энэ төсөл дээр ажиллаж байгаа. Гол ажлыг энэ хүн хийж байгаа. Технологийн шийдлийг зөв хийх хэрэгтэй.

-Хуучин үйлдвэр яагаад хаагдсан юм бэ?

-Нэгдүгээрт, үйлдвэрийн газрын тосны нөөц дууссан. Хоёрдугаарт, үйлдвэр элэгдэлд орсон. 20 жил ажилласан учир аргагүй эвдрэлд орсон. Тэгээд удалгүй хаагдсан. Хүчин чадал нь бага, Монгол Улсын нефтийн хэрэгцээний 22 хувийг хангаж байсан.

Ямартай ч, монголчуудын 20 гаруй жилийн мөрөөдөл болсон нефть боловсруулах үйлдвэрийг барих дэд бүтцийн ажил эхэллээ.  Үйлдвэр ашиглалтад орсноор зөвхөн нефтиэ дотоодоосоо хангаад зогсохгүй дагалдаж, олон үйлдвэр ашиглалтад орох боломж бүрдэх юм. Харин төлөвлөсөн хугацаандаа багтаан нефть боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж чадах уу гэдэг нь зөвхөн У.Хүрэлсүхийн танхимаар зогсохгүй, 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдах Засгийн газраас ч давхар шалтгаалах боллоо. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж