АТГ: Х.Баянмөнх аваргын гомдлыг шалгаж байгаа

Хуучирсан мэдээ: 2018.06.25-нд нийтлэгдсэн

АТГ: Х.Баянмөнх аваргын гомдлыг шалгаж байгаа

АТГ: Х.Баянмөнх аваргын гомдлыг шалгаж байгаа

Авлигатай тэмцэх газраас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. Хуралд тус газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцож, 2018 оны зургаадугаар сард хийсэн үйл ажиллагааныхаа талаар мэдээлж, сэтгүүлчдийн асуултад хариулав.

Хэвлэлийн бага хурлын эхэнд Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, Эрхэлсэн комиссар Т.Баярхүү 

‘АТГ-аас мөрдөн шалгах чиглэлээр хийсэн ажлуудыг товч танилцуулья. Өнгөрсөн сарын хугацаанд иргэдээс 53 гомдол мэдээлэл хүлээн авч шалгасан. Эрүүгийн хуульд заасан авилга албан тушаалын болон прокурорын байгууллагаас харьяалал тогтоож ирүүлсэн 358 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Үүнээс найман хэргийг шүүхэд шилжүүлж, 34 хэргийг хэрэг бүртгэлтийг хаах саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлээд байна. Дөрвөн хэргийг харьяаллын дагуу шилжүүлсэн. Одоогоор 332 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна’ гэсэн мэдээлэл өгсөн юм. 

ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГАД ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭЖ, ЯЛЛАГДАГЧААР ТАТАХ САНАЛ ХҮРГҮҮЛСЭН ЗАРИМ ХЭРГИЙН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ:

  • Дорнод аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын албан тушаалтнууд нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус аймгийн Гурванзагал суманд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн “Мах сүү, сүүний чиглэлийн үржлийн хээлтэгч, хээлтүүлэгч олгох” төслийг сонгон шалгаруулалтгүйгээр өөрсдийн хамаарал бүхий төрсөн ах, дүү нартаа олгож бусдад  давуу байдал бий болгосон байж болзошгүй үйлдэл,
  • Зам тээврийн хөгжлийн яамны Тээврийн ухаалаг систем, өгөгдлийг хариуцсан мэргэжилтэн, эрх бүхий албан тушаалтнууд нь эрх мэдлээ хэтрүүлэн 2017 оны 7-12  дугаар сарын хооронд Авто тээврийн үндэсний төвийн авто тээврийн хэрэгслийн бүртгэлийн системд зориуд худал мэдээлэл оруулсан, мэдээлэл устгасан, өөрчилсөн, худал мэдээлэл бүхий баримт бичиг үйлдсэн байж болзошгүй үйлдэл,
  • “ТОСК” ТӨҮГ-т удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан хүмүүс нь төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчин 2015 оны 8, 9 дүгээр сард нэр бүхий компаниудад зээл олгож улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй үйлдэл,-
  • Буянт-Ухаа спортын ордон төрийн өмчит аж ахуйт тооцооны газрын захирал нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн хамаарал бүхий компани буюу бэрийнхээ харуул хамгаалалтын компанийг хууль бусаар сонгон шалгаруулж  давуу байдал бий болгосон байж болзошгүй үйлдэлд тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал хүргүүлээд байна.

ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭХ САНАЛТАЙ ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГАД ХҮРГҮҮЛСЭН ЗАРИМ ХЭРГИЙН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ:

-Сэлэнгэ аймгийн Ерөө сумын газрын даамал нь тус сумын Засаг даргыг огцруулан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор ИТХ-ын төлөөлөгчийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан  хахууль өгсөн гэх хэрэг,

-УБЕГ-ын харьяа Нийслэлийн бүртгэлийн эрх бүхий албан тушаалтнууд нь албаны эрх мэдлээ хэтрүүлэн иргэн C-ийн нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгүүдийг бусдын эзэмшил рүү хууль бусаар шилжүүлж бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэг,

-“Зорчигч тээврийн нэгтгэл” ТӨҮГ-ын дарга Т нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглан өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчин зах зээлийн дунджаас хэт өндөр үнээр бараа материал худалдан авч улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэг,

-МХЕГ-ын Экспорт импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга А, мөн газрын Хорио цээрийн стандартын хэлтсийн дарга Б нар нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хясан боогдуулах замаар  нийт 24 удаагийн үйлдлээр бусдаас  хахууль авсан хэргийг тус тус шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлээд байна.

Шүүхээр шийдвэрлэгдсэн зөрчлийн товч мэдээлэл: 

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-нд ажиллаж байсан албан тушаалтнууд болох Л.Амарбат, П.Болдбаатар, Д.Баярсайхан нар нь төрийн өмчит хувьцаат компанид тодорхой удирдах болон эрх бүхий албан тушаал эрхэлж байхдаа танил, найз нөхөддөө тус болсныхоо хариуд хуульд заасан цалин хөлс, урамшууллаас гадуур бэлэг авсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийг зөрчсөн гэж Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс үзээд тэдний хууль бусаар олсон 10 сая төгрөгийг тус бүр гаргуулан улсын орлогод оруулж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 576 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. 


Энэ үеэр Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Хууль зүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг шалгуулах хүсэлт гаргаад байгаа юм байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Бид энэ хэрэгтэй танилцана. Шалгалтын ажиллагаа дөнгөж эхэлж байна.

-С.Баяр, Ч.Сайханбилэгийн хэрэг дээр шинэ зүйл гарсан уу?

-Энэ хэргийн мөрдөн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа.

-АСЕМ-ийн хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар 17 хүнийг шалгаж байгаа хэдий ч тэдгээр хүмүүсийн нэр нь тодорхойгүй байна. Тэр хүмүүсийн нэрийг зарлах боломжтой юу?

-Хэрэг бүртгэл нээгээд мөрдөн шалгах ажиллагаа явагдсан.

-Нийслэлийн Архивын газрын даргыг яагаад шалгахгүй байгаа юм бэ?

-Нийслэлийн Архивын газрын даргатай холбогдолтой гомдол мэдээллийг хүлээж авч шалгасан. Шалгалтын ажиллагаагаар хэргийг хаах саналтайгаар прокурорт шилжүүлсэн. Учир нь түүний буруутай үйлдэл тогтоогдоогүй.

-60 тэрбумын хэргийг хаасан асуудлаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нээлттэй сонсгол явуулах талаар санал гаргасан. Үүнд тайлбар хийж болох уу?

-Төрийн албыг наймаалцаж 60 тэрбум босгох тухай гэсэн утгатай өргөдөл гомдол тухайн үедээ ирсэн. Дараа нь мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Энэ асуудалд прокурорын шийдвэр гарсан байдаг. Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд гурван байгууллагын мөрдөн байцаагчид өөр өөрсдийн хуулиар хариуцсан чиг үүргийн дагуу ажлаа хуваарилж шалгасан. Хэргийн нотлох баримт гэж үздэг бичлэгт шинжилгээний байгууллагаас “эвлүүлэг байна” гэсэн дүгнэлт гаргасан. Бичлэг хийсэн тоног төхөөрөмжийн эх хувийг байлгах шаардлага тавьсан. Гэвч эх хувь нь олдоогүй. Энэ бүх дүгнэлтийг үзээд прокурорын байгууллага шийдвэрээ гаргасан.

-Х.Баянмөнх аварга Допингийн эсрэг үндэсний төвийн даргыг шалгуулах хүсэлтээ өгсөн. Энэ хэрэг ямар шатанд явж байгаа вэ?

-Гомдол мэдээллийн хүрээнд шалгагдаж байна.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж