Монголын залуу хуульчдын “Хос дэнж клуб” ТББ-ын тэргүүн А.Гантамир өнөөдөр /2018.06.25/ хэвлэлийн хурал хийв. Хэвлэлийн хурлын эхэнд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн өнгөрсөн долоо хоногт хийсэн хоёр удаагийн мэдэгдэлтэй холбоотойгоор тайлбар хийж байгаагаа онцолсон юм.
Тэрбээр, “УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн мэдэгдэлд анхаарал татсан нэг зүйл байсан. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ иргэдээс 60 тэрбумтай холбоотой авлига, албан тушаал наймаалсан, төрийн албанд мөнгө өгч томилогдсон, үгүй бол таны эргэн тойронд байгаа хүмүүс авлига өгч ажилд орсон бол мэдээллийг утсаар авахыг хүссэн байдаг. Үүн дээр миний бие эсрэг байр суурьтай байна. Өнөөдөр авлига өгсөн, авсан хүмүүс хоёулаа эрүүгийн гэмт хэрэгт хариуцлага хүлээдэг хууль эрх зүйн зохицуулалттай. УИХ-ын гишүүн хүн өөртөө ашигтай байдлаар иргэдийг ашиглаж болохгүй. Үүнийгээ тайлбарлахдаа иргэний зориг гаргаж гэж их гоёмсгоор тайлбарласан байна. Өнөөдөр иргэний зориг гаргаад мэдээлэл өгсөн хүн эрүүгийн гэмт хэрэгтэн болно. Иргэдийг ингэж өөрсдийн улс төрийн золиос болгодог ийм үйлдлээ яаралтай зогсоо гэж хэлмээр байна. Л.Оюун-Эрдэнэ гишүүн УИХ-ын чуулганы хуралдаа суухгүй гэсэн байдаг. Тэр гишүүн хуралдаа суухгүй байлаа гээд өөрчлөлт гарахгүй. Ирц бүрддэгээрээ бүрдэнэ. Харин УИХ-ын гишүүн чуулгандаа суух үүрэгтэй. Эцэст нь Л.Оюун-Эрдэнэ гишүүнд хэвлэлээр дамжуулаад энэ хэрэг шийдвэрлэгдсэндээ биш дахиж ийм хэрэг гаргуулахгүй байх тал дээр илүү анхаарал хандуулж ажиллаач гэдгийг уриалж хэлмээр байна” гэв.