Захиргааны хуулийн өөрчлөлтийн талаар хуульчид юу хэлэв

Хуучирсан мэдээ: 2018.06.25-нд нийтлэгдсэн

Захиргааны хуулийн өөрчлөлтийн талаар хуульчид юу хэлэв

Захиргааны хуулийн өөрчлөлтийн талаар хуульчид юу хэлэв

Засгийн газраас Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн бариад буй. Энэхүү төслийг өмнөх долоо хоногт байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх байсан ч долоо хоног хойшлуулсан юм. Хууль, өмгөөлөгчдийн зүгээс Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг эсэргүүцээд байгаа юм. Ингээд хуульчдын байр суурийг хүргэе.


Доктор, дэд профессор Ч.ӨНӨРБАЯр :

-Захиргааны ерөнхий хууль ардчилсан эрх зүйт төрийн тулгуур багана түүнийг нураалгаж болохгүй. Улстөрчид ирдэг бас буцдаг. Харин сайн хууль ард түмэнтэйгээ үлддэг.

Хуульч Ж.СҮХБААТАР:

-Төсөлд байгаа Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлсэн захиргааны бүх байгууллагыг захиргааны хэргийн шүүхийн хяналтаас гаргах нь захиргааны хэргийн шүүхийг татан буулгасантай адил болно гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Иймд ийм нэмэлт өөрчлөлтийг огт дэмжихгүй.

Хуульч Х.НОМИНГЭРЭЛ:

-Захиргааны ерөнхий хуульд оруулах өөрчлөлтийг хууль зүйн салбар бараг бүхэлдээ л эсэргүүцэж байна, ашиг тусыг нь ойлгоод хэрэглээд байгаа идэвхтэй иргэний нийгмийнхэн бас илүү чанга дуугарах хэрэгтэй байх

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн нийтийн эрх зүйн тэнхимийн доктор, профессор А.БЯМБАЖАРГАЛ:

-Энэ төсөл батлагдах юм бол яг одоо Захиргааны хэргийн шүүх дээр хянан хэлэлцэгдэж буй захиргааны шийдвэртэй холбоотой маргаанууд хэрэгсэхгүй болно. Ер нь өнөө маргаашийн улс төрийн шийдэл ч юм уу, магадгүй хэдэн өмчтэй холбоотой асуудлаас болоод  16 жил босгож ирсэн тогтолцоо, Үндсэн хуулийн суурь зарчмуудаа унагачих гээд байна.

Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Ж.ХУНАН:

-Аливаа улсын нийгмийн суурь нь үндсэн хууль байдаг. Монгол улсын үндсэн хуульд эрх мэдлийн хуваарилалтын зарчим байдаг. Үүнд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал харилцан бие биенээ хянадаг, тэнцвэржүүлдэг. Гэтэл Засгийн газар буюу гүйцэтгэх засаглалын эрх мэдлийн хэмжээ нь шүүх эрх мэдлийн гадуур байж болохгүй. Өөрөөр хэлбэл үндсэн хуулийн суурь зарчмыг үгүйсгэхээр байгаа юм

Монголын хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн, хууль зүйн доктор Ц.ЦОГТ:

Манайд өнөөдөр Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийг, Захиргааны хэргийг шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн, эхсүл хэрэглэхгүй байгаа шүүхийн ганц нэг алдаатай практик байж магадгүй. Гэтэл үүнээс болж Засгийн газрын шийдвэр бүхэлдээ хуулийн хяналтаас гарахад хүрэх гэж байна.

Хууль зүйн ухааны доктор Б.ГҮНБИЛЭГ:

Захиргааны хэргийн шүүхийн харьяаллаас Засгийн газар болон түүний шийдвэрийг ишилж байгаа харьяа байгууллагуудыг гаргах гэдэг үл бүтэх орж ирж байгааг эсэргүүцэн хуульчид шаардлага хүргүүлж байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж