Мэргэжлийн талбайн теннисний энэ оны гурав дахь Их Дуулга болох Уимблидон тэмцээний өмнөх зүлгэн гадаргуутай талбай дахь тэмцээнүүд үргэлжилж байна. Өнгөрсөн долоо хоногт эрэгтэй теннисчдийн АТР-н Халлын нээлттэй тэмцээн Германд болсон бол Хатан хааны АШТ Английн Лондон хотноо боллоо. Чанар чансаагаар АТР-н Мастерс тэмцээний дараа орох тус тэмцээнүүдэд хоюуланд нь Хорват теннисчид түрүүлсэн байна.
Германы Халл Опен тэмцээний шувтрагын шатанд “Швейцар цаг” Р.Федерерийн эсрэг 21 настай Хорват залуу Борна Корич шалгарсан. Хоёр теннисчин өмнө нь хоёр удаа учраа таарахдаа хатуу гадаргуутай талбайд тоглож Р.Федерер ялалт байгуулж байсан. Тэгвэл Германд болсон зүлгэн гадаргуутай талбайд Хорватын залуу теннисчин Б.Корич хүчтэй өрсөлдөгч, домогт тамирчин Р.Федерерийг 7-6. 3-6, 6-2 харьцаагаар хожиж мэргэжлийн карьерынхаа хоёр дахь цомыг хүртсэн.
Харин Английн Лондон хотноо болсон Хатан хааны клубын АШТ-ний шувтрагын шатанд дэлхийн экс №1 Сербийн Н.Жокович Хорватын М.Чиличтэй шалгарч үлдсэн. Хүчтэй өрсөлдөгчид энэ удаа 16 дахь удаагаа учраа таарч байгаа нь энэ бөгөөд өмнөх 15 тоглолтонд 14-т нь Н.Жокович ялалт байгуулж байсан. Гэхдээ сүүлийн нэг тоглолтонд М.Чилич ялалт байгуулсан байдаг. М.Чилич Лондонд өөрийн ялалтын цувралаа үргэлжлүүлж хүчтэй өрсөлдөгчөө 5-7, 7-6- 6-3 харьцаагаар хожиж ээлжит цомоо хүртлээ.
Б.БЯМБАБАЯР