А.Ивээл охин гэрээсээ сураггүй алга болоод 12 хонож байна

Хуучирсан мэдээ: 2018.06.25-нд нийтлэгдсэн

А.Ивээл охин гэрээсээ сураггүй алга болоод 12 хонож байна

А.Ивээл охин гэрээсээ сураггүй алга болоод 12 хонож байна

Алтангэрэлийн Ивээл нь 14 настай бөгөөд 2018 оны зургаадугаар сарын 13-ны 20.00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй алга болжээ. Тодруулбал, охин нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт харьяалагдах Тахилтын дөрөвдүгээр буудалд байрлах гэрээсээ дэлгүүр орно гэж гараад одоог хүртэл сураггүй байна.

Нагац эгчээс нь охины талаар тодруулахад “Алга болсон өдөр нь хамгийн түрүүнд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст бүртгүүлсэн. Гэвч цагдаагийн байгууллагаас дорвитой арга хэмжээ авч өгөхгүй болохоор фэйсбүүкт зар тавьсан. Одоогоор гудамж талбайд зургийг нь наагаад явж байна. Цагдаагийн байгууллагаас эрлийн баг гараад хайж байгаа. Гэвч өнөөдрийг хүртэл ямар нэгэн сураг чимээ алга. Дүүгээ эсэн мэнд олдоосой гэж бодож сууна” гэв.

Охин дундаж өндөртэй, том алаг нүдтэй, хүрэн бор чолктой үстэй гэнэ. Мөн гэрээсээ гарахдаа саарал өнгийн биеийн тамирын хослол, цагаан кет, хар савхин хүрэмтэй гарсан байна.

Хувийн нууцтай холбоотой учраас найзынхаа бичсэн зүйлийг хэлж чадахгүй

Бидэнд олдсон мэдээллээр А.Ивээл охин нийслэлийн ЕБС-ийн 65-р сургуульд суралцдаг байсан ба эцэг эхээс өнчирч үлдсэн байжээ. Харин охин алга болсон өдрөөс хойш гэрийнхэнтэйгээ холбоо бариагүй ч ангийнхаа найз руугаа нэг удаа фэйсбүүкээр зурвас илгээсэн байна. Найзаас нь тодруулахад тэрээр нэрээ нууцлахыг хүсч “Над руу нэг удаа зурвас бичсэн. Фэйсбүүктээ заримдаа онлайн байгаад байдаг. Хувийн нууцтай холбоотой учраас найзынхаа бичсэн зүйлийг хэлж чадахгүй. Юунаас болж гэрээсээ явсныг нь сайн мэдэхгүй байна. Хичээл амарчихсан байгаа болохоор өөр зүйлийг нь мэдэхгүй. Бид нар  гадуур зар тавиад эгчтэй нь нийлээд хайж байгаа” гэв.

Хамаатан садан, ангийнхан, найз нөхөдтэй нь нийлээд хайж байна

Охины нагац эгчээс цөөн зүйлийг тодрууллаа.

-Охин алга болоод 11 хоножээ. Эрлийн ажиллагаа хэр эрчимтэй явагдаж байгаа вэ?

-Дүүгээ алга болсон өдөр хамгийн түрүүнд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл өгсөн. Одоо хамаатан садан, ангийнхан, найз нөхөдтэй нь нийлээд хайж байна.  Цагдаагийн байгууллага эрэн сурвалжлах ажилдаа орсон эсэх нь тодорхойгүй байсан. Энэ тухай юу болов гэхээр дөрөв, таван хүүхэд алга болсон байгаа. Бид нар эрлийн баг гаргана, зардлынхаа мөнгийг бэлдээд байж бай гээд нааштай хариу хэлэхгүй байсан. Тэгээд гэнэт юу болсон юм над руу өөрсдөө залгаад өргөдлөө өгсөн үү, зургийг нь угаалгаад аваад ир гэж ярьсан. Түүнээс хойш өдийг хүртэл ямар нэг сураг дуулдаагүй. Дүүгээ хайгаад үнэхээр зүдэрч байна. Миний дүү бүтэн өнчин хүүхэд болохоор хар багаас нь өөрийн хүүхэд шигээ санаж өсгөсөн. Одоогоор ямар нэг сураг дуулдаагүй. Лам бөө, гээд хайж болох бүхий л газарт хайлаа. Эсэн мэнд байгаасай билээ.

-Эрлийн ажиллагаа ямар газруудад хийгдэж байгаа вэ. Охины талаар ямар нэгэн мэдээлэл олдсон уу?

-Цагдаа нар эрлийн ажиллагааг хэр эрчимтэй хийж явааг бид мэдэхгүй. Бид нар чадах чинээгээрээ байж болох бүхий л газартаа хайж байгаа. Үнэхээр яах учраа олохгүй сууж байна.

-Гэрийнхээ ойролцоох газруудад харсан хүн бий юу?

-Харсан үзсэн хүн ч байхгүй дэлгүүр ороогүй юм шиг байна лээ. Хэрэв дүүг минь харсан хүн байвал бидний утас, цагдаагийн байгууллагад яаралтай холбогдоосой гэж хүсч байна. Дүүгийнхээ сургийг гаргачихвал жоохон ч гэсэн сэтгэлээ амраах юмсан даа. Дүү минь үүнийг уншиж байвал эгч дээрээ, гэр бүлийнхэндээ хурдан ирээсэй гэж гуймаар байна.

-Охин фэйсбүүктээ орж, “Намайг сайхнаар дурсаарай” гэсэн утгатай пост бичсэн байна. Энэ талаар танд мэдээлэл байгаа юу?

-Тэр нь өөрөө юу үгүй юу гэдгийг нь мэдэхгүй байна. Ангийн найз нь фэйсбүүк хаягийн нууц үгийг нь мэддэг юм аа эгчээ гэж надад хэлж байсан. Тэр бол яг баттай биш.

Охин Сонгинохайрхан дүүргийн 22-р хороонд эмээгийнхээ хамтаар оршин суудаг байжээ. Энэ асуудлаар тус хорооноос тодруулахад “Манай хороонд бүртгэлтэй хүүхэд байсан юм билээ. Алга болсноос хойш, цагдаагийн хэлтэстэй хамтраад хайгуул хийж байгаа. Хэсгийн ахлагч цагдаа нар бусад дүүргийн бус нутгуудад охиныг зургаар нь хайж байна.  Сураггүй алга болсон учраас эсэн мэнд байгаа эсэхийг нь мэдэхгүй. Хариуцсан байцаагчаас нь мэдээлэл аваарай” гэв. Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр охиныг хайж байгаа ч өнөөдрийг хүртэл сураг гараагүй байна гэсэн хариултыг хэлэв. Хэрэв охиныг харсан хүн байвал  дугаараар 102, 86000804, 96012476 холбогдоно уу.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж