Урт цагааны баруун талд орших Найман шарга зах өчигдөр 17.00 цагийн орчимд хүн багатай байлаа. Зарим валют арилжааны төвийн хаалга цоожтой харагдав. Гадаах талбайд нь эргэлдэж байдаг ченжүүд ч багасчээ. Хоёр эмэгтэй зөрж өнгөрөх хүмүүст хандан “Доллар авна, доллар авна” гэж хэлэхийг эс тооцвол нэг өдрийн дотор 50 төгрөгөөр өссөн гэх ам.долларын эрэлт багасаа юу гэлтэй.
Хаалга нь нээлттэй байх валют арилжааны төв рүү орж ханш сонирхвол:
- ам.доллар авах нь 2460, зарах нь 2467
- юань авах нь 379.5, зарах нь 380.3
- рубль авах нь 39.6, зарах нь 40 төгрөгтэй тус, тус тэнцэж байлаа.
Дээрх ханшийг зургадугаар сарын 21-ний өдрийн 2480 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханштай харьцуулахад бага зэрэг суларчээ. Тодруулж хэлбэл, лхагва гаригт 2430 төгрөгтэй тэнцэж байсан ам.доллар пүрэв гаригт 2480 төгрөг хүрсэн бол ням гаригаас буцаж буусан байлаа. Ченжээс нь ам.долларын ханш чангарсан болон суларсан шалтгааныг тодруулбал “Банкныхнаас очиж асуу” гээд халгаасангүй.
Дахин нэг валют арилжааны төвийн хаалга татан орвол настай хүн сууж байна.
Валютын ханш эхний орсон валют худалдах төвийнхтэй ижил аж. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт /2018.06.21/ ам.долларын ханш 50 төгрөгөөр гэнэт өсөхөд юу нөлөөлсөн талаар мэдээлэл хэрэгтэй байгаагаа учирлахад дараах хариулт өгөв. Ченж “Жил бүрийн өдийд ам.долларын ханш өсдөг. Наадам дөхөж байна шүү дээ. Бүгд л наадмаас өмнө бараа таваар татаж авах гээд гадагшаа явцгааж байна. Эрэлтийг нь дагаж, ам.долларын ханш өссөн. Ам.доллар 2480 төгрөгт хүрч байсныг эс тооцвол буцаад буулаа. Бид гуйж, банкууд бас санал тавьсан юм шиг байна лээ, Монголбанк өнгөрсөн баасан гаригт доллар худалдсан. Гэхдээ нийлүүлэлт санасан хэмжээнд хүрч чадсангүй” гэсэн мэдээллийг өглөө. Мөн юань болон рублийн ханш өссөн нь долларын ханшийг дагаж өсдөг жишгээр нэмэгдсэн гэсэн юм.
Банк болон хар захад валютын ханш өсөж эхэлсэн тул зургадугаар сарын 22-нд төв банкны зүгээс ээлжит бус гадаад валютын дуудлага худалдаа зохион байгуулжээ. Дуудлага худалдаанд банкууд 2454.87 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 130.7 сая ам.доллар худалдан авах санал ирүүлснээс Монголбанк 2451.00 төгрөгийн ханштайгаар 88.7 сая ам.долларыг нийлүүлсэн аж.
Гэхдээ ченжүүдийн тайлбараар ам.долларын ханш наадам хүртэл одоогийн ханшаа барих болов уу гэсэн хүлээлттэй байгаагаа онцолсон. Гол нь эрэлт, нийлүүлэлтийн харьцаанаас валютын ханш буцаад өсөх үү, эсвэл энэ чигээрээ тогтворжих ууг гэдэг нь шалтгаалах аж.
Бид Монголбанкнаас валютын ханшийн өсөлтөд ямар зохицуулалт хийж байгаа талаар тодруулсан юм.
Төв банкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг:
Наадмын өмнө төгрөгийн ханш сулардаг. Монголбанк валютын эрэлт, нийлүүлэлтийн хөдөлгөөнийг тогтмол хянаж байгаа. Валютын гадаад, дотоодын урсгал, банкуудаас гадаад руу хийж байгаа төлбөр хуваарийн дагуу хугацаандаа хийгдэж байна уу гэдгээс эхлээд дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ хэдэн ам.долларт хүрч байна, борлуулалт ямар байна. “Эрдэнэс тавантолгой” нүүрсээ зарснаар хэдэн юань орж ирэв, хэдийг зах зээлд нийлүүлэх вэ гээд энэ бүх хөдөлгөөнийг харж, зохицуулалт хийдэг.
Саяны ханшийн өсөлтийг 2018 оны нэгдүгээр сарын 2-ний өдөртэй харьцуулахад нэг хувийн хөдөлгөөн байгаа. 2016 онд ам.доллар 26 хувиар хөдөлж байсан. Сандрах зүйл байхгүй. Эдийн засгийн суурь үзүүлэлтүүд бүгд эерэг байгаа. Олон улсын валютын сангийн хөтөлбөр хэрэгжиж байгаа. Бидэнд байгаа мэдээллээр энэ онд 850 сая ам.доллар орж ирнэ. Тэр цагт валютын нөөц улам нэмэгдэнэ гэсэн хариулт өгсөн юм.